Мансууруулах бодис илрүүлэх ЛАБОРАТОРИЙГ МОНГОЛД БАЙГУУЛНА

2014 оны 10 сарын 17

 Бүгд Найрамдах Австри улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гаригт НҮБ-ын Вена дахь салбар төвд зочиллоо. Тэрбээр эл төвийн ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны гүйцэтгэх захирал Ю.Федотов болон НҮБ-ын Вена дахь салбарын удирдлагуудтай уулзалт хийсэн юм. Дунай мөрний зүүн эрэг, амгалан тайван орчинд 180 мянган ам метр талбай эзлэн оршдог НҮБ-ын энэхүү салбар төвд 100 орчим орны 3600 хүн ажилладаг гэсэн тойм тоо бий. Нью-Йорк, Найроби, Вена, Женев гээд дэлхийн дөрвөн хотод буй НҮБ-ын салбар төвүүдээс энэ нь хамгийн томд тооцогддог юм байна.

Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын алба хар тамхины хор уршиг, аюулыг дэлхийн дахинд сурталчлан таниулах ажлыг гол зорилгоо болгодог аж. Үүнээс гадна мансууруулах бодисын үйлдвэрлэл болон түүнтэй холбогдох гэмт хэргийн эсрэг олон улсын үйл ажиллагааг дэмжих нь уг байгууллагын үндсэн чиглэл болохыг албаны хүмүүс тодотгов. Энэ чиглэлээр гаргаж буй санал санаачилгуудад Монгол Улс идэвхтэй оролцдогт эрхэм Ю.Федотов талархал илэрхийлж байлаа. Уулзалтын дараа мансууруулах бодисыг илрүүлэх лабораторитой Ерөнхийлөгч биечлэн танилцав.

Өвс, синтетик бодис нэрээр хилээр нэвтрүүлж байгаа хар тамхины төрлийн бодисыг илрүүлэх, тэдгээр нь мансууруулах бодисын төрөлд хамаарах, эсэхийг шинжилдэг том хэмжээний лабораторийг Монгол Улсад байгуулж, хилийн боомтуудад байрлуулах асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Тийм учраас Ерөнхийлөгчийн Тамгын газар, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албатай ойрын хугацаанд энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. Энэхүү алба нь Афганистан, Барбадос, Бельги, Болив, Бразил, Колумб, Египет, Вьетнам, АНУ, ОХУ зэрэг дэлхийн 23 улсад салбартай бөгөөд Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцдаг Тайланд дахь салбар нь манай орныг хамарсан ажилладаг аж. Австрид хийж буй албан ёсны айлчлал өндөрлөхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер, тус байгууллагын 2014 оны дарга-улс Швейцарийн Элчин сайд Др.Томас Гремингер нар бараалхлаа.

Энэхүү байгууллагад манай улс хоёр жилийн өмнө гишүүнээр элссэн бөгөөд Украинд болж буй хямралыг эв зүйгээр зохицуулах талаас нь дэмжих үүднээс тэнд ажиллаж байгаа олон улсын ажиглалтын багт өөрийн орны ажиглагчийг оролцуулах талаар Ерөнхийл өгч тус байгууллагын удирдлагад дуулгаж, тус байгууллагаас хийж буй арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Австри улсад хийж буй албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөв.