БОЛГООМЖЛУУЛААД БАЙСАН “ЗАВСАР”-АА МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ ГАРГАВ

2014 оны 10 сарын 17

УИХ-ын чуулганаар өчигдөр Засгийн газрын зарим сайдыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Гэвч энэ үеэр ойлгомжгүй байдал үүслээ. Хэдхэн сарын өмнө эдийн засаг муудсанд Н.Батбаяр, Ч.Улаан нарыг буруутгаж, огцруулах тогтоол өргөн барьж байсан сөрөг хүчнийхэн Ч.Улааныг “өмөөрөв”. “Сайн ажилласан” учраас Ч.Улаан, Л.Болд нарыг чөлөөлөх ёсгүй гэж тэд үзэв. Үнэндээ сайд нар чөлөөлөх тогтоол, Байнгын хорооны дүгнэлтэд “Тэд сайн ажилласан” гэсэн өгүүлбэр оруулсан дээр нь сөрөг хүчнийхэн тоглолт хийсэн хэрэг. Үүнээс болоод намууд нэгнээ гоочилсон маргаан өрнөж, “ногоон гэрлээр” шийдэх байсан асуудал сунжрав. Бараг л гишүүн бүр үг хэлэхийг хүсэх нь тэр. Засгийн газраас уг нь гурван сайдыг томилж, долоог чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьсан. Гэвч Байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэх үед МАН-ынхан томилох сайд нарын асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм. Тиймээс зөвхөн чөлөөлөх сайд нарыг л ярилцсан хэрэг.

Өмнө нь эхлээд сайдаа томилоод дараа нь чөлөөлдөг байсан бол байдал эсрэгээр эргэв. “Чөлөөлөх, томилох сайд нарын асуудлаа хамт оруулж ирж байж Бүрэлдэхүүний тухай хуулиа батлахгүй бол яамгүй сайд, сайдгүй яам бий болж, завсар гарах нь. Төрийн ажил цалгардана” хэмээн тэд хоёрхон өдрийн өмнө сануулж байснаа мартчихжээ. Засгийн газраас томилох, чөлөөлөх асуудлаа оруулаад ирмэгц саад тавьж орхив. Нэлээд асуудал үүсгэж, МАН-ынхныг бухимдуулж байж Өвөрхангайгаас сонгогдсон гишүүн Д.Зоригтыг Сангийн сайдаар томилох болсонд тэд дургүйцсэн хэрэг. Гэхдээ шалтгаанаа “Томилох сайд нарын нэрийг нэг дор оруулж ирэх ёстой. Мөн Ерөнхийлөгч “давхар дээл”-гүй сайд томилох хэрэгтэй, ингэхгүй бол хориг тавина гэдгээ илэрхийлсэн, хариуцлага тооцох сайд нарын нэрийг хамт оруулж ирэх байсан” гэсэн гурван үндэслэлээр тайлбарласан.

О.Баасанхүү гишүүн чуулган дээр тэдэнд “МАН-ынхан эзэнгүй яам байг” гэж үзжээ. Тэгвэл завсарлага авсан тав хоногт нь сайдын суудлыг зүүдэлж хонохдоо тулсан МАН-ын хүмүүсийг түр томилчихъё” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн. Гишүүн Ж.Энхбаяр “Уг нь алдаа гаргасан, муу ажилласан хүнд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлдөг. Гэтэл сайн ажилласан гэчихээд яагаад чөлөөлөх гээд байна вэ. БНХАУ, ОХУын Тэргүүнүүд айлчлахад Л.Болд сайд хамгийн сайн ажилласан гээд өдөр бүр телевизээр гараад байсан. Ч.Улааныг ч бас магтаж. Тэгсэн атлаа чөлөөлж буйн чинь ард фракцын наймаа байна. Хоёрдугаар ээлжийнхнийг хоолонд оруулах гээд байгаа юм уу” гэлээ. “Огцруулъя гээд байсан атлаа одоо яагаад сайн болчихов, юундаа хайрлаад байгаа юм” хэмээн АН-ын бүлгийн дарга, гиш үүн Д.Эрдэнэбат ундууцав. Ерөнхий сайд “Хуулийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж байгаа. МАНыг Засгийн газарт оруулаагүйнхээ төлөө би сүүлийн хоёр жилд хогийн тантан болсон. Хэлж л байг, олон нийт ялгаад шүүчихнэ. МАН засаг барьж байх үед та чөлөөлсөн сайдын оронд албыг нь авч л байсан шүү дээ. Сайд томилох асуудлаар завсарлага аваад яах нь вэ дээ, энэ бүхэн чинь төсвийн хэлэлцүүлгийг улам хойшлуулна. Асуудалд ингэж сүнсгүй хандахаа больё” гэлээ.

Д.Дэмбэрэл гишүүн “Байнгын хорооны дүгнэлтэд чөлөөлөх сайд нарыг сайн ажилласан гэж бичсэн нь Засгийн газар өөрчлөлтөө буруу хийжээ гэж дүгнэхэд хүргэлээ. Ер нь Ерөнхий сайд нэг л удаа бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилдөг. Дахин өөрчлөх бол шинэ Ерөнхий сайд хийх ёстой. Үүнийг та юу гэж үзэж байна вэ” гэж асуув. Ерөнхий сайд түүнд “Зөвхөн чөлөөлөгдөж буй нь биш, бүх сайд сайн ажилласан. Засгийн газрын бүтцийн асуудалд уян хатан хандах хэрэгтэй. Ерөнхий хүрээг хадгалах ч явцын дунд зарим яамыг өөрчлөх жишиг байх ёстой. Олон улсад ч ийм жишиг байдаг” гэсэн хариулт өглөө. Томилгоог гацааж, сайд чөлөөлөхөд хүртэл тээг тавьсан сөрөг хүчнийхнийг М.Гарамгайбаатар гиш үүн “Улс төр хийж болно, гэхдээ зөв л хийх ёстой. Яагаад энэ сайд нарыг чөлөөлж байгааг бүгд ойлгож байгаа. Тэгчихээд одоо ингэх юм” гэлээ. Бараг л бүх хүн үг хэлэхгүй гэж бодож байснаа “хэрүүл хиймээр” сэдэл төрснөө онцлов. Ө.Энхтүвшин гишүүн “Төрийн тэргүүн “давхар дээл”-тэй хүн нэр дэвшүүлбэл дэмжихгүй гэдгээ хэлсэн. Одоо энэ хүн гадаадад айлчилж байна. Эзгүй байхад нь асуудлаа шийдэх гэхийн оронд ирэхээр нь нүүр тулж байгаад хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.

Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хариуцлага тооцох ёстойг М.Энхболд гишүүн сануулсан. Өөрийг нь өмгөөлөн маргалдаад байгаа МАН-ынханд Ч.Улаан гишүүн “Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор чөлөөлөгдөж байгаа” гэдгээ тайлбарлав. Энэ мэтээр гишүүдийн “онгод” орж ярьсаар эцэст нь санал хурааж, нэр бүхий долоон сайдыг ажлаас нь чөлөөллөө. Ингээд сөрөг хүчнийхний “тусламж”-тайгаар өөрсдийнх нь болгоомжлуулаад байсан завсар үүсэж орхих нь тэр. Сангийн яам, ГХЭЗХАЯ, ЗТБХБЯ, УУЭХЯ сайдгүй, эзэнгүй хэдэн өдрийг барахаар болж байна.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД