“ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ, ГОЛ НЬ МӨРДӨХ ЁСТОЙ”

2014 оны 10 сарын 16

Дэлхийн 1600 гаруй хотын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон стандарт түвшнээс давжээ. Тэдгээр хотод жилд дунджаар долоон сая хүн амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар зэрэг өвчнөөр нас бардаг байна. Түүх сөхвөл агаарын бохирдолтой тэмцэж, маш аюултай гэсэн зэрэглэлээс цэвэр агаартай гэх ангилалд багтсан цөөн ч гэсэн том хотууд бий. Тэдний нэг Мексикийн нийслэл Мехиког НҮБ 1992 онд дэлхийн хамгийн бохир агаартай хотоор нэрлэж байж. Гэтэл одоо уг хот агаарын бохирдлоороо эхний 20-д ч багтдаггүй. Хүн амын огцом өсөлт, замын хяналтгүй хөдөлгөөн, хөрсний бохирдол зэргээс болж агаар нь бохирдсон Мехико хотод 1980-1990-ээд онд жил бүр 35 мянган хүн амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хүргэгдэж, 1000 гаруй нь нас бардаг байв. Үхлийн аюул дагуулсан энэ гамшигтай тэмцэхийн тулд Мексикийн эрх баригчид юуны өмнө тээврийн хуучин хэрэгслүүдийг хотоор зорчуулахыг хориглож, шатахууны чанарт анхааран, нийтийн тээврээр зорчих орчин, нөхцөлийг нь иргэддээ бүрдүүлж өгчээ.

Мөн агаар их хэмжээгээр бохирдуулдаг томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг торгох болсон нь үр дүнгээ өгсөн байна. Одоо 20 сая хүнтэй Мехикод хувийн тодотголтой ердөө 4.2 сая машин бий. Энэ тоо нэмэгдэх төлөвтэй байгаа ч эрх баригчид ямар нэг аргаар зохицуулалт хийдэг байна. 2010 оны судалгаагаар Мехикогийн агаарын бохирдол 1990 оныхтой харьцуулахад 90-ээд хувиар буурчээ. Байгаль хамгааллын түүхэнд бараг л алтан үсгээр бичигдэх, агаараа цэвэрш үүлж чадсан өөр нэг том хот бол ЛосАнжелес. АНУ-ын хамгийн том хотын нэг болох уг хот баруун талаараа далай, зүүн биеэрээ уулс нуруудтай хаяа нийлэн оршдог, агаар мандал дахь хорт хийг “сорох” газар нутгийн онцлогтой. Энэ нь 1960-аад оноос эхтэй бэрхшээл бөг өөд тухайн үед хотын ойр орчимд үйлдвэр нэмэгдэж, машин тэрэг олширсон нь Калифорни мужийн эрх баригчдыг арга хэмжээ авахад хүргэжээ. Ингээд ЛосАнжелесийн бохирдлоос үүдэлтэй утаа мананг бууруулахын тулд Калифорни 1967 онд агаарын бохирдолтой тэмцэх тухай хууль баталсан АНУ-ын анхны муж болсон байна.

Хуульд агаарын чанарыг анхаарах тусгай байгууллагатай болох, бохирдлын хэмжээг байнга тогтоож байх, автомашины эдэлгээнд хяналт тавих, үйлдвэрлэлд хорт хий ялгаруулах шатамхай материал ашиглахгүй байх зэргийг тусгажээ. Эдгээрийг ягштал мөрдс өний дүнд Лос-Анжелес хот 2000- аад оны эхээр агаарын бохирдлыг хэвийн хэмжээнд тогтоон барих болсноо, хотын нүдэнд үзэгдэх угаар эрүүл мэндэд хор хөнөөлгүй болсныг зарласан байна. Япон улс Лос-Анжелесийн адил 1960- аад онд бохир агаартай болжээ. Дайны дараах аж үйлдвэрлэлийн салбарын огцом өсөлт, нүүрс, хүхрийн хэрэглээ үүнд хамгийн их нөлөөлсөн гэдэг. 1955 оноос хойш тус улсын төрийн эрхийг барьсан Либерал ардчилсан нам иргэдийн эсэргүүцэл, тэмцэл нэмэгдэхтэй хамт 1970 он гэхэд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 14 хууль баталсан байна. Үүнийг байгаль хамгаалагчид Японы агаарын “мацаг” гэдэг.

Ийнхүү “мацаг” барьснаараа япончууд агаар бохирдуулагч химийн хүнд элементүүдээс татгалзаж, ахуйн хэрэглээнээс үйлдвэрлэлийн түвшинд хүртэл шүүлтүүр, агааржуулагч, агаар цэвэрш үүлэгч зэрэгт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. Мөн ногоон байгууламжуудын талбайг тэлж, цэвэр түлшний хэрэглээг өсгөх зэргээр агаарын бохирдлыг бууруулж болох бүх л аргыг нэгэн зэрэг, цогцоор нь хэрэгжүүлсэн байх юм. БНСУ мөн Японтой төстэй зам туулжээ. Гэхдээ сүүлийн үед Хятадын бохир агаарын “довтолгоон”- д өртөж байгаа гэнэ. Хэдийгээр цэвэр түлшийг чухалчилж, нийтийн тээврийн үйлчилгээнд анхаарч ирсэн ч Өмнөд Солонгосын томоохон хотуудад сүүлийн үед автомашин олширсноос болж утаа угаар нэмэгдэж байна.

Мэргэжилтнүүдийн үздэгээр хүн ам өсөхийн хэрээр агаарын бохирдол нэмэгдэх нь зайлшгүй. Тиймээс автомашины тоог хязгаарлаж, хорт утаа ялгаруулах элементүүдийг үйлдвэрлэлд хэрэглэхээ болих төдийхнөөр цаашдаа үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Бохир утаанаас салж чадсан дээрх хотуудын жишээг татахдаа мэргэжилтнүүд нэгдсэн хууль, дүрэм чухал гэдгийг тэмдэглэдэг. Гэхдээ хууль хуульдаа олон улсын тунхаг хэрэгтэй, хамгийн гол нь тэдгээрийг мөрдөх шаардлагатай байна. Ялангуяа, Хятадын агаарын бохирдол, Монголын говиос эхтэй шар шороон шуурга зэрэг нийтлэг бэрхшээлтэй, хүн ам ихтэйн хувьд Ази тивийн орнуудад агаарын бохирдолтой тэмцэх нэгдмэл тунхаг шаардлагатайг судлаачид онцолдог аж.

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД