ДЭЛХИЙН АВАРГА ГЕРМАНЫ ШИГШЭЭ ИРЛАНДЫГ БАРСАНГҮЙ

2014 оны 10 сарын 16

“Евро-2016”-гийн урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байна. Одоогоор багууд гурав, гурван тулаан хийгээд байна. Ингээд шигшээдийн сүүлийн тоглолтын дүнг танд хүргэж байна.

“А” ХЭСЭГ

Казахстан-Чех 2:4

Гоол: Логвиненко 84, 90+1-Дочкал 13, Лафата 44, Крейчи 56, Нецид 86

Исланд-Голланд 2:0

Гоол: Сигурдссон 10, 42 (пен)

Латви-Турк 1:1

Гоол: Шабала 54(пен)-Киса 47

Энэ хэсгийн хүчирхэг баг Голланд Исландыг барсангүй 2:0-ээр хожигдлоо. Тоглолт эхлээд пенальтаар гоол алдсан “Улбар шарууд” тоог тэнцүүлэх гэж зүдэрч байх зуур нэгдүгээр үеийн төгсгөлд исландчууд дахин нэг бөмбөг хийж тэднийг хүнд байдалд орууллаа. Улмаар хоёрдугаар хагаст Голланд бөмбөгийг сайн эзэмшиж байсан ч Исландын хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсаар тоглолтыг дуусгав. Тэд гурван тоглолтын дараах байдлаар дөнгөж гуравхан оноотой яваа нь тааруу үзүүлэлт. Тэднийг хожсон Исланд есөн оноотой хэсгийнхээ тэргүүн байрт Чехтэй “зуузай холбож” байна.

“В” ХЭСЭГ

Андорра-Израиль 1:4

Гоол: Лима 15 (пен)-Дамари 3, 41, 82, Хемед 90+6 (пен)

Босни-Бельги 1:1

Гоол: Жеко 28-Наингголан 51

Уэльс-Кипр 2:1

Гоол: Коттерилл 13, Робсон Кану 23-Венсан 36

Гарет Бейл ба түүний нөхөд гурав дахь тулаандаа Киприйг 2:1-ээр буулган авч, долоон оноотой боллоо. Өнгөрсөн зун ДАШТ-д хүчээ сорьсон Бельги, Боснигийн шигшээ учраа таарч 1:1-ээр “эвийн гэрээ” үзэглэв. Андорраг 4:1-ээр бутниргэсэн Израиль зургаан оноотойгоор Уэльсийн хойноос нэхэж эхэллээ.

“С” ХЭСЭГ

Украин-Македон 1:0

Гоол: Сидорчук 45+2

Беларус-Словак 1:3

Гоол: Калачёв 79-Гамшик 65, 84, Шестак 90+1

Люксембург-Испани 0:4

Гоол: Сильва 27, Алькасер 42, Коста 69, Бернат 88

Испанийн шигшээ хоёр дахь тулаанд Словакт хожигдсон уураа Люксембургт гаргаж 4:0-ээр бут цохив. Гоолын салхийг Сильва хагалсан бол Алькасер, Коста нар бөмбөгдөж, Бернат эцсийн цэгийг тавьжээ. Беларусийг 3:1-ээр сөхрүүлсэн Словак есөн оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж явна. Харин Украин Испанитай ижил зургаан оноотой болж хоёрдугаар байрын төлөө тэмцэлдэж эхэллээ.

“D” ХЭСЭГ

Герман-Ирланд 1:1

Гоол: Кроос 71-Жон О”Ши 90+4

Польш-Шотланд 2:2

Гоол: Мончиньски 11, Милик 76-Малони 18, Нейсмит 57

Гибралтар-Гүрж 0:3

Гоол: Гелашвили 3, Окриашвили 19, Канкава 69

Дэлхийн аварга Герман Польшт хожигдсон “шоконоосоо” гарч чадаагүй бололтой. Тэд хэсгийн гурав дахь тоглолтоо Ирландтай хийж, 1:1-ээр тэнцэв. Тоглолтын нэгдүгээр үед “немцүүд” жинхэнэ утгаараа хаалга руу бөмбөгөөр “галлаж” байсан ч Ирланд хамгаалалтаа найдвартай хийсээр байлаа. Тони Кроос хоёр дараалсан цохилтоо алдсан бол эхний хагасын төгсгөлд яг хаалганы өмнөөс боломжоо “салхинд хийсгэв.” Гэхдээ 71 дэх минутад германчуудын довтолгоо амжилтанд хүрч 16-гийн гаднаас хийсэн Кроосын цохилт Ирландын хаалгыг мялаасан юм. Тоглолтын үлдсэн цагт германчууд бөмбөг барьж, түлхүү хамгаалалтдаа анхаарч байлаа. Гэхдээ 90+4 дэх минутад Жон О”Ши Хендрикийн дамжуулалтыг “чулуу” болгож, багтаа тэнцээг авчирлаа. Харин хүрчирхэг өрсөлдөгчөө буулган авсан Польш Шотландыг баралгүй 2:2-оор мөн л тэнцэв. Эхний гоолыг тэд хийсэн ч Шотланд хоёр бөмбөг дараалан оруулж тэргүүллээ. Улмаар 76 дахь минутад Милик багийнхаа хоёр дахь бөмбөгийг Шотландын хаалганд “зоож”багаа хожигдлоос аварлаа Энэ хэсгийг ижил долоон оноотой Ирланд, Польш манлайлж байна.

“Е” ХЭСЭГ

Эстони-Англи 0:1

Гоол: Руни 74

Литва-Словен 0:2

Гоол: Новакович 33,37

Сан-Марино-Швейцари 0:4

Гоол: Сеферович 10, 23, Жемайли 30, Шакири 79

Энэ хэсэгт Англи “аархаж” байна. Тэд эхний гурван тоглолтоос бүтэн оноогоо авлаа. “Гурван арслан” сүүлийн тоглолтоо Эстонитой хийж 1:0-ээр ялалт байгуулав. Багийн ахлагч Руни үүргээ биелүүлж тоглолтын ганц гоолыг оруулсан юм. Харин эхний хоёр тулаанаасаа оноо салгаж чадааг үй байсан Швейцарь Сан-Мариног 4:0- ээр уншиж, хэсгийнхээ дөрөвдүгээр байр руу дэвшлээ. Мөн Словен Литвыг 2:0-ээр буулган авч, тэдэнтэй оноо тэнцэн хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж эхлэв.

“F” ХЭСЭГ

Фарерын арлууд-Унгар 0:1

Гоол: Салаи 21

Финлянд-Румын 0:2

Гоол: Станку 54, 84

Грек-Хойд Ирланд 0:2

Гоол: Уорд 9, Лафферти 51

Энэ хэсэгт Хойд Ирланд эхний гурван учраагаа дараалан хожлоо. Тэд Грекийг 2:0- ээр буулган авч ес дэх оноогоо авсан юм. Финляндыг 2:0-ээр хожсон Румын долоон оноотой болсноор хэсгийн хоёрдугаар байрт бичигдлээ.

“G” ХЭСЭГ

Австри-Черногор 1:0

Гоол: Окоти 24

ОХУ-Молдав 1:1

Гоол: Зюба 73 (пен)-Епуряну 74

Швед-Лихтенштейн 2:0

Гоол: Зенгин 34, Дурмаз 46

Черногорыг 1:0-ээр буулган авсан Австри долоон оноотой хэсгийн тэргүүн эгнээнд бичигдлээ. Тэдний араас Молдавыг баралгүй 1:1-ээр тэнцсэн ОХУ-ын шигшээ жагсаж байгаа юм. Эхний хоёр тулаанаа эвийн гэрээгээр дуусгасан Швед Лихтенштейнийг 2:0-ээр хожиж эхнийхээ гурван оноог авлаа.

“Н” ХЭСЭГ

Хорват-Азарбайжан 6:0

Гоол: Крамарич 11, Перишич 34, 45, Брозович 45+1, Модрич 57 (пен), Садыхов 61 (авто.г)

Мальта-Итали 0:1

Гоол: Пелле 24

Норвеги-Болгар 2:1

Гоол: Эльюнусси 13, Нильсен 72-Бодуров 43

Хорват хэсгийн сулхан учраа Азербайжаны шигшээг 6:0-ээр илүүрхэж хөлбөмб өгийн хичээл заалаа. Мөн Итали Мальтаг 1:0-ээр буулган авав. Энэ хэсгийг Итали, Хорват хоёр адил есөн оноотой өнгөлж байна.

“I” ХЭСЭГ

Дани-Португал 0:1

Гоол: Роналду 90+5

“Европийн бразилчууд” буюу Португал хэсгийн хоёр дахь тулаанаа Даний эсрэг хийж, эцсийн мөчид Роналдугийн оруулсан гоолын ачаар хожлоо.

Б.ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД