ОРОС, АМЕРИКИЙН ЭВДЭРДЭГ АСУУДАЛ НЬ УКРАИН, ЭВЛЭРДЭГ АСУУДАЛ НЬ “ИСЛАМЫН УЛС”

2014 оны 10 сарын 16

  Орос, Америкийн хооронд санал нийлдэггүй асуудал олон байдаг ч хэл амаа ололцох шаардлага байнга гарч, далайцтай зарим асуудал тэднийг зайлшг үй хамтарч ажиллахыг шаардаж байдаг аж. Өнгөрөгч мягмар гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Парист уулзаж чухам ийм асуудлуудаар ярилцсан байна. Тухайлбал, Лавровын хэлснээр “Ойрхи Дорнод, Умард Африкийн өргөн уудам нутагт гол аюул болоод байгаа” алан хядах ажиллагаа, эбола вирусийн тархалт мэт асуудлыг шийдвэрлэхэд Москва, Вашингтоны гар нийлсэн ажиллагаа багагүй хувь нэмэр оруулах нь мэдээж. Уулзалт үр ашигтай боллоо, хэлэлцсэн асуудлаар урагш ахихын тулд хэлхээ холбоогоо бэхж үүлэх ёстой гэж бид үзлээ хэмээн Оросын сайд хэлсэн байна.

Харин Украины хямралыг шийдвэрлэхэд ахиц гарах нь уу гэсэн асуултад Лавров, Керри хоёрын аль нь ч бүрхэг ч гэхнээ хариулт өгсөнгүй. Тэд уг нь гурван цаг гаруй ярилцсан аж. Орос, Америк хоёр Украин дахь хэрэг явдалд харилцан биенээ буруутгадаг. АНУ улс төрийн талаар турхирч, Украин дахь төрийн эргэлтийг өөгшүүлсэн гэж Орос нь үздэг бол Оросыг энэ “явдалд” цэргийн оролцоотой гэж Америк нь буруутгадаг, “Сөргөлдөгч талууд шууд хэлэлцээ хийж, хэл амаа ололцож байж л Украины хямралыг шийдвэрлэнэ” гэж Лавров үзэж байна. Харин Жон Керри Миланд удахгүй болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын дараа л дүгнэлт хийх байр суурьтай байв. Минскэд хийсэн тохиролцоог мөрдөхийн чухлыг тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа нэг бус удаа онцолж байлаа. Украины дорнод нутаг дахь хямралыг зохицуулахад НҮБ, Европын зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага санаачилга гаргаж тус улсад гарч буй гэмт хэргийг мөрдөн шалгахад өөртөө ихээхэн хариуцлага хүлээхийг Сергей Лавров дахин уриалав. Тэрбээр 100 гаруй хүний аминд хүрсэн Майданы “мэргэн буучдын” хэрэг, 40 гаруй хүний амь сүйдсэн Одессийн ҮЭ-ийн ордны түймэр, 298 хүнийг үхэлд хүргэсэн Малайзын “Боинг” онгоцны сүйрэл зэргийг эргэн сануулав.

Украины асуудлаар Орос, Америкийн байр суурь ихээхэн өөр бөгөөд талууд нэгдмэл санаа бодолд хүрч чадаагүйг Лавров, Керри нар харууллаа. Харин “Исламын улс” бүлэглэлийг устгах талаар Москва, Вашингтон хоёр санал нэгтэй байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өнөөдөр Вена хотноо “зургаа” болон Ираны хооронд яриа хөөрөө болохын босгон дээр Лавров, Керри хоёр ч энэ талаар санал солилцов.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД