Ч.ДАМДИНШАРАВ: ЯПОНЧУУД 2020 ОНЫ ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАА БЭЛДЭЖ БАЙНА

2014 оны 10 сарын 16

Хүн төрөлхтний энх тайвны бэлэг тэмдэг зуны XVIII олимп тэртээ 1964 онд Япон улсын Токио хотноо болж байсан билээ. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд эл олимп зохиогдсоноосоо хойш тавин жилийг ардаа үджээ. Уг ойн хүрээнд Японы ҮОХ “Токио 1964” олимпийг зохион явуулсны 50 жилийн ойг тэмдэглэх ёслолд тус олимпод оролцсон тамирчдын төлөөллийг эх орондоо урьсан юм. Уг ёслолд манай улсаас эх орноо төдийгүй тамирчдаа төлөөлөн оролцсон ардын багш, МУГТ Чимэдбазарын Дамдиншаравтай уулзаж ярилцлаа.

-Сайн явж ирэв үү та?

-Сайн явж ирлээ.

-Цаг хугацаа гээч үнэхээр хурдан өнгөрөх юм. Монгол хүн, Монгол Улс олимпийн наадамд анх оролцсоноос хойш дариу хагас зуун жил өнгөрчээ. Энэ удаагийн ёслолд оролцож байхад танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Эх орноосоо гадагш гаран хилийн дээс цөөхөн удаа алхаж үзсэн бидэнд Токиогийн олимпод оролцох төсөөлөл тун бага байсан юм. Олимпод оролцохоор очсоныхоо дараа л бид таван тивийн хүмүүс цугласан ийм сайхан наадам болдог юм байна гэдгийг ойлгож мэдэрч байлаа. Урьд өмнө уулзаж байгаагүй тамирчид, идэж үзээгүй хоол унд гээд бүхий л зүйл сонин содон бөгөөд шинэ ертөнцтэй танилцаж буй мэт санагдаж билээ. Тэнд нийтийн тээвэр нь унадаг дугуй байсан юм. Бидний ихэнх нь хөдөөний хүүхүүд байсан учир түүнийг унах нь битгий хэл барааг нь харсан хүн цөөхөн байлаа. Манай багаас лав Мөөеө аварга, жижиг Санжаа бид гурав бараг долоо хоног шахуу ноцолдож байж арай гэж нэг юм унаж сурч байсан юмдаг. Сая Японд очсоныхоо дараа тэр бүхнийг эргээд дурсахад сайхан байлаа. Гадаадын олон орны тамирчид Токиод цугларлаа. Токиогийн олимпод оролцож байсан тамирчид бүгдээрээ надтай адил цагаан толгойтой, зарим нь хөл гар муутай өвөө эмээ нар болцгоожээ. Бид бүхэн 50 жилийн өмнө олимпод хэрхэн оролцож байснаа дурсан санаж, түүхт ойдоо оролцоод ирлээ.

-Түүхт ойн хүрээнд ямар ямар арга хэмжээ болов?

-Эхний өдөр бид Японы топ спортын төрлүүдийн заал, төвүүдийг үзэж сонирхлоо. Үнэхээр мундаг юм. Топ спортын 14 төрлийн тамирчид бэлтгэлээ хийдэг тус бүрдээ найман давхар, иж бүрэн гурван том ордонтой юм байна. Биднийг очиход Японы шигшээ багийн тамирчид тэмцээний өмнөх бэлтгэлээ хийж байна лээ. Камер бичлэг, судалгаа шинжилгээний төв гээд бүхий л зүйлийг цогцоор нь хөгжүүлснээ бидэнд үзүүлж сонирхууллаа. Ийм нөхцөлд бэлтгэл хийж байгаа хүн олимп, дэлхийн аварга болохоос ч яах вэ дээ гэсэн бодол төрж байв. Япончууд 2020 оны олимпод өрсөлдөх тамирчдаа сонгочихсон, заал бүхэнд л байнгын бэлтгэл хийлгэж байна. Тэгэхэд манайхан Риогийн олимпийн талаар л ярьж байгаа шүү дээ. Тэдэнтэй өөрийн орны бэлтгэл сургуулилтын орчин нөхцөлөө харьцуулан бодоход, тамирчдаа өрөвдмөөр санагдаж байлаа. Яг өдөр шөнө шиг ялгаатай юм. Манай тамирчид үнэхээр авьяастай, хөдөлмөрчдөө л өөрсдийн бор зүрхээрээ амжилт гаргадаг.

Манай тамирчдын чадварыг биширсэн японы зарим багш дасгалжуулагчид надад “Бид танай оронд очиж байсан. Монголд 100 хүүхдээс 85 нь бөх болох ирээдүйтэй, бие бялдар сайтай хүүхдүүд байдаг. Харин манайд эсрэгээрээ. 100 хүүхдээс 15 нь л бөх болж магадгүй. Ийм учраас бид сайн бөх болох хүүхдээ олон дахин сонгон шалгаруулалт хийсний үр дүнд л олж авдаг” гэж хэлсэн. Эндээс харахад японы тамирчид хангамжаар, манай тамирчид төрөлхийн авьяасаараа л амжилт гаргадаг нь харагдаж байлаа. Эхний өдрийн орой нь 700- 800 зочид оролцсон баярын арга хэмжээнд Японы эзэн хаан,ерөнхий сайд тэргүүтэй спортын салбарын удирдлагууд хүрэлцэн ирсэн. Олон улсаас төлөөлөн болон ирсэн зочдыг тусгай тайзан дээр гаргаж танилцуулан эх орноо төлөөлж ганцаараа гарахад Япончууд намайг Монгол гээд их сайхан хүлээж авсан.

-Орон орноос төлөөлөл болж очсон тамирчид анхны олимп болсон цэнгэлдэхэд 1964 хүний баярын жагсаалд оролцсон гэсэн. Та Токиогийн олимпод хоёр дахь удаагаа оролцоод ирлээ шүү дээ багшаа?

-Харин тиймээ. Сэтгэгдэл их өндөр байна. Хоёр дахь өдөр яг л олимпийн нээлт болж буй мэт Японы олимпийн хорооны дарга баярын жагсаалыг нээж үг хэлээд л, анх олимпийн нээлт болсон төв цэнгэлдэх хүрээлэнд тамирчид өөрсдийн эх орныхоо тугийг өргөж, цэнгэлдэхэд орж ирцгээсэн юм. Харин үдээс хойш хөлбөмбөг болон зарим нэг спортын төрөл болсон өөр нэг цэнгэлдэхийг бидэнд үзүүлсэн. Тэр цэнгэлдэхийг 2020 оны олимпийн цэнгэлдэх хүрээлэн болгохоор төлөвлөж барилгын ажил нь эхэлчихсэн байна лээ.

-Эх орныхоо тугийг өргөөд цэнгэлдэхийг тойрч байхад 50 жилийн өмнө анх оролцож байсан дүр зураг яг бууж байв уу?

-Орон орны тамирчид цэнгэлдэхийн гаднаас тугаа барин орж ирэхэд яг л анх оролцож байсан тэр цаг үе маань тэр чигээрээ сэтгэл зүрхэнд бууж байлаа. Цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй байсан нь энэ дүр зургийг улам бодит болгож байв.

-Токиогийн олимпод хамт орж байсан гадаадын тамирчидтайгаа уулзаж чадав уу?

-Бөхийн тамирчид цөөхөн оролцлоо. Өмнө уулзаж байсан, таньж мэдэх хүн бараг байгаагүй. Төлөөлөл болон ирсэн жүдо, чөлөөтийн бөхчүүдтэй арай илүү ойр дотно байлаа. Австри, Англи, Унгараас маш олон тамирчин ирж оролцсон. Унгар л гэхэд Токиогийн олимпод медаль авсан бүх тамирчдаа оролцуулсан нь их сайхан санагдаж байлаа. Манай орны тамирчид анхны олимпоос медаль авч чадаагүй ч гэлээ Япончууд биднийг их дотно хүлээж авсан. Чөлөөт, жүдо, сүмо гээд бөхийн бүхий л төрлөөр дэлхийд нилээн дээгүүр бичигддэг учраас бөхийн уламжлал сайтай орон гээд арай өөр хандах юм аа.

-Манай улс олимпийн анхны медальтантай болсон тэр цаг үе одоо ч монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. Таны хувьд ч бас эргэн дурсахад хамгийн сайхан дурсамжтай мөч болов уу?

-Анхны юм бүхэн их сайхан дурсамжтай байдаг. Мехикогийн олимпийн өмнөх дэлхийн аваргаас Мөөеө аварга медаль авч, бид ч бас олон улсын хэд хэдэн тэмцээнд зодоглон олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргах боломжтой юм байна гэсэн итгэлтэй болсон байлаа. Өмнөхөөсөө хавьгүй туршлагатай, өрсөлдөгч бөхчүүдээ сайн судалж байгаад оролцсон юм. Бид олимпийн өмнөх бэлтгэлээ Отгонтэнгэр хайрханы хормойд хийгээд очиход манай бөхчүүд огт ядарч, сульдахгүй байсан. Тэгэхэд бусад орны бөхчүүд сүүлчийн хоёр минутад хялайгаад унаж байлаа. Энэ бол Богд Очирваань хайрхан ээлээ хайрласны ач буян гэж тэр үед олимпод оролцсон бидний үеийн тамирчид одоог хүртэл сүсэглэн хүндэлж явдаг. Миний хувьд хамгийн хөнгөн жингийн бөх учраас аль ч тэмцээний салхийг хагалж хамгийн түрүүнд барилддаг юм. Энэ уламжлалын дагуу хамгийн түрүүнд медалийн болзол хангаснаараа бусад бөхчүүдээ медальд хүрэхэд сэтгэл санааны томоохон дэм болсон болов уу гэж боддог. Үүгээрээ би их бэлэгшээж явдаг.

-Тухайн үед медалийнхаа өнгийг хувиргах боломж хэр байсан бэ?

-Мэдээж медалийн өнгөө хувиргах боломж надад асар их байсан. Миний бэлтгэл сургуулилт ч сайн байлаа. Гэвч би гуравдугаар тойрогтоо санамсаргүйгээр хориотой барьц аван харамсалтай ялагдаж байсан юм. Тэр үед шагналын зургаан оноотой байсан учраас ганцхан оноотой үлдэн гурван удаа цэвэр ялбал медальд бууна, оноогоор ялбал юу ч үгүй хоцрох тийм хүнд байдалд барилдаанаа цааш үргэлжлүүлсэн юм. Дараагийн гурван учраагаа цэвэр ялж олимпийн медалиа авч байлаа. Хүн сэтгэл зүйгээ тэгэж бэлдэж байж л олимпийн медаль авдаг юм байна лээ. Хэрвээ тэр үед Италийн бөхөд цэвэр ялагдаагүй байсан бол дараагийн учраа бөхчүүдээ оноогоор ялан хасагдах ч байсан юм билүү. Тэгэхээр хүнд ашиглаж л чадвал маш их нөөц бололцоо байдаг. Үүнийг гаргахад хүний бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл онцгой нөлөөлдгийг тэр олимпоос л мэдэж авсан юм.

-Олимпийн наадмын медалийн салхийг тэртээ 1968 онд хамгийн түрүүнд хагалсан ч өдийг хүртэл чөлөөт бөхийн спортоор олимпийн аварга яагаад төрөхгүй байна вэ?

-Анхны олимпийн медалийг эх орондоо авч ирж байсан учраас монголчуудын хамгийн хайртай спортын нэг л дээ. Гэхдээ өнөөг хүртэл олимпийн аваргатай болж амжаагүй байгаад шалтгаалах олон хүчин зүйл бий. Олимпийн аварга болно гэдэг тийм ч амар зүйл биш. Асар том өрсөлдөөн дундаас цойлон гарч ирнэ гэсэн үг л дээ. Аль ч талаас нь бодсон өнөөдөр олимпийн аваргатай болох цаг хугацаа нь болчихсон. Ойрын хоёр, гурван олимпоос бараг төрчих болов уу гэж найдаж байна.

-Түүхэн ойн босгон дээрээс Монголын спортын түүхийг ахмад тамирчны хувьд дүгнэхэд?

-2008 оны Бээжингийн олимпод Бадар-Ууган, Түвшинбаяр нар аваргалж монгол түмний олон жилийн турш олимпийн аваргатай болох юмсан хэмээн бодож явсан мөрөөдөл биелсэн билээ. Энэ бол маш том үйл явдал . Манай топ спортын төрлүүд олимп дэлхийн аваргад чамлахааргүй амжилт үзүүлж байгаа. 2012 оноос эхлээд олимп, дэлхийн аваргын медалтнуудыг дэмжих зорилгоор ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн нь өнөөдөр спортын бүх үеийнхнийг сэрээсэн том хувьсгал, бүх үеийн тамирчдад амьдралын баталгаа олгосон томоохон хөрөнгө оруулалт гэж би хувьдаа боддог. Энэ урамшууллын ач буянаар бид бүхэн буцаад төр засагтаа өртэй болсон мэт санагдаж байна. Төр засгийн халамжийн хариуг амжилтаар хариулах зүтгэл тамирчин бүхэнд бий болсон.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.


Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД