Ж.Эрдэнэцогт: ЭНЭ ЖИЛ ТҮЛШИНД ТАТААС ОЛГОХГҮЙ

2014 оны 10 сарын 16

  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогтоос утаагүй түлшний талаар тодрууллаа.

-Жилийн жилд сайжруулсан түлш хүрэлцээгүй байдаг. Энэ жил ч мөн адил тийм байна. Сайжруулсан түлшний талаар танайхаас ямар бодлого баримталж байгаа вэ?

-Намар бүр түлшний хангамжийн асуудал үүсдэг. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан зуух, сайжруулсан түлш, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт гэх мэт олон ажил хийсэн. Гэвч сайжруулсан түлшний үйлдвэрлэл үр дүн муутай байна. Өмнөх Засгийн газрын үед “Аморе интернэшнл” компани 210 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад оруулах байсан ч чадаагүй. Энэ бол 2011 оноос эхэлсэн ажил. Үүнийг хүлээж хэдэн жил алдлаа. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг төсв өөс мөнгө өгснөөр дэмжихгүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологийг ашиглаж энэ ажлыг хийх нь зөв юм байна гэдэг шийдэлд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хүрсэн. Энэ чиглэлээр 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, хэрхэн дэмжиж ажиллах талаар ярилаа. Манай хороо сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийг бодлогын хувьд дэмжиж байгаа. Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн. Мөн борлуулах зах зээлийг нь бий болгож, агаарын чанарын бүс тогтоохоор шийдлээ. Түүнчлэн сайжруулсан түлш тээвэрлэх, борлуулах зардлыг Засгийн газар хариуцна. Өмнө нь бол аж ахуйн нэгжүүдэд татаас өгдөг байсан. Энэ жилээс татаас өгөхгүй. Одоогийн байдлаар том, жижиг 3-4 аж ахуйн нэгж сайжруулсан түлшний үйлдвэрээ байгуулаад, зарим нь байгаагаа өргөтгөөд явж байна. Дөрвөн компанитай гэрээ хийсэн. 2-3 компани туршилтын шатандаа яваа. Удахгүй гэрээ хийх байх. Бид Баянгол дүүргийн гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангахаар зорьж байна. Энэ бол зөвхөн надаас, эсвэл нэг байгууллагаас хамааралтай ажил биш. Аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээс шууд хамааралтай учир 100 хувь хангана гэж хэлэхэд түвэгтэй. Ямар ч гэсэн бид сайжруулсан түлш үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа бүх байгууллагыг бодлогын хувьд дэмжинэ. Үйлдвэр үүд дөнгөж ашиглалтад орсон учраас ихээр үйлдвэрлэж чадахгүй байна. Ирэх жил их хэмжээгээр үйлдвэрлэж, Улаанбаатар хотын гэр хорооллын багагүй хэсгийг сайжруулсан түлшээр хангахаар ажиллаж байгаа.

-Сайжруулсан түлшний хэдэн үйлдвэр байна вэ?

-Бүтээгдэхүүн гаргаж байгаа дөрвөн л үйлдвэр бий. Бусад нь туршилт, судалгааны шатандаа явж байгаа.

-Өмнө нь сайжруулсан түлш үйлдвэрлэж байсан үйлдвэрүүд энэ жил хийж байгаа юу?

-Өнгөрсөн жил нийлүүлж байсан үйлдвэрүүд одоохондоо гэрээ хийгээгүй байна. Бидний тавьсан шаардлагыг биелүүлбэл гэрээ байгуулахад болохгүй зүйлгүй.

-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?

-Бага бага. Улаанбаатар хотын сайжруулсан түлшний жилийн хэрэгцээ 500-600 мянган тонн. Одоогоор үүнийг үйлдвэрлэх боломжгүй.

-Аж ахуйн нэгжүүд хэдий хэмжээний түлш нийлүүлэхээр гэрээ байгуулсан бэ?

-Баянгол дүүргийн хэрэгцээ 30 мянга орчим тонн. Бид үүнийг л нийлүүлэхээр зорьж байна.

-Нэг тонн сайжруулсан түлш ямар үнээр иргэдэд хүрэх вэ?

-125 мянган төгрөгөөр очно.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ