БОР-ӨНДӨРТ ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИНА

2014 оны 10 сарын 16

  Зэс хайлуулах үйлдвэр байгуулах төслийн нэгжийг удахгүй байгуулах нь. “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийнхэн ийм мэдээлэл дуулгасан юм. Тэд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологийн сонголт, хүчин чадал, байршлыг тодорхойлох, салбарын мэргэжилтнүүд болон бодлого тодорхойлох байгууллагыг нэгдсэн ойлголтод хүргэх ажлыг өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гүйцэтгэжээ. Ингээд үндсэндээ зэс хайлуулах үйлдвэрийн бодлого чиглэл ямар байх “замын зураг”-ийг боловсруулж дууссан байна. Өөрөөр хэлбэл, зэс хайлуулах үйлдвэр барих нарийвчилсан судалгаа хийх төслийн нэгжийг байгуулах суурь, бодлогын шийдлийг гаргасан гэсэн үг. Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар 30 орчим жил ярьж, тодорхой судалгаа шинжилгээ хийсэн түүх ард үлдэж байна.

1987 онд хуучнаар ЗХУ-ын “Гипроцветмет” нэгдэл “Ванюков”-ын зуух технологи ашиглан 60, 100 мянга, 1995 онд АНУ-ын норандо технологиор 100 мянга, 1997 онд Австралийн аусмелт технологиор 40, 2002 онд Финландын оутокумпу технологиор 100, 2008 онд аусмелт технологиор 30 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх судалгаа хийсэн байдаг. Зарим нь урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээ ч боловсруулсан удаатай. Мөн гидрометаллургийн буюу уусгах аргаар цэвэр зэс гаргах технологийг хувийн хэвшлийнхэн судалж, төсөл хэрэгжүүлсэн аж. Одоогийн байдлаар “Эрдмин”, “Ачит-Ихт” компани Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолго буюу технологид нь тохирохг үй хаягдлыг гидрометаллургийн аргаар боловсруулж, жилд 13 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байна. “Эрдмин” үйлдвэр үүгээр зогсохгүй бүтээгдэхүүнээ ашиглан цахилгааны утас үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй. Зэс хайлуулах үйлдвэр барих олон судалгаа яагаад амжилтад хүрээгүй юм бэ гэж гайхаж магадгүй.

“Монгол зэс” хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийнхэн хүхрийн хүчлийг хааш нь борлуулах, юунд хэрэглэх шийдлээ олоогүй нь зэс хайлуулах төслүүд ажил хэрэг болоогүйн хамгийн том шалтгаан гэж дүгнэв. Хэнбугай ч зэс хайлуулах үйлдвэр барихдаа хүхрийн хүчлийг нь хэрхэхийг давхар бодолцож, тооцоолдог. Дуслыг уухад үхэлд хүргэж, асгавал байгалийг сүйрүүлэх хүхрийн хүчил хэмээх хорыг ямар нэг аргаар заавал “номхруулах” учиртай. Товчхондоо хүхрийн хүчлийг яаж “номхруулах” аргаа олоогүй учраас Монгол өнөөг хүртэл зэс хайлуулах үйлдвэргүй байгаа хэрэг. “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийн дарга Б.Цогтгэрэл “Шуудхан хэлэхэд зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал нь хүхрийн хүчлийн зах зээл, хэрэглээнээс шууд хамаарна. Хүчин чадал нь технологио сонгоно гэж ойлгож болно” гэсэн юм. Тэгэхээр Монгол Улс хэдэн тонн хүхрийн хүчлийг борлуулж ашиглана, үйлдвэрийн хүчин чадал нь түүнтэй уялдах нь. Ажлын хэсгийнхэн хүхрийн хүчлийг хоёр хөрш рүү экспортлох боломж тун хомс гэж үзжээ. Тиймээс дотоодын зах зээлд нийлүүлнэ гэж үйлдвэрийн хүчин чадлаа тооцоолсон байна. Тэд эхний ээлжинд жилд 60 мянган тонн зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулбал зохимжтой гэж үзжээ. Ийм хэмжээний цэвэр зэс үйлдвэрлэхэд жилд 260 мянган тонн хүхрийн хүчил гарах гэнэ. Үүний 30 мянган тонныг криолит, 80-100 мянгыг нь гипс, 40 мянгыг нь магнийн сульфат, 80 мянгыг нь уусган баяжуулах аргаар зэс боловсруулдаг үйлдвэрт нийлүүлнэ гэв.

Мөн арьс ширний салбарт 5000, цахилгаан станцуудад 3000-ыг нь нийлүүлэх юм байна. Түүнчлэн жилд 20 мянган тонн цэвэр зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулбал 100 мянган тонн хүхрийн хүчил худалдах зах зээл бий болох аж. Хүхрийн хүчлийг “номхруулах”-ын тулд криолит, гипс, магнийн сульфатын үйлдвэр байгуулах шаардлага ийнхүү тулгарч байна. Эдгээрийг байгуулбал Монголд химийн үйлдвэрийн үндэс суурь тавигдах юм. Тухайлбал, хүхрийн хүчлийг жоншны баяжмалтай хольж криолит хэмээх эрдэс гаргадаг байна. Байгальд маш ховор тохиолддог учраас “мөсөн чулуу” хэмээн нэрлэдэг энэ эрдэсийг ихэвчлэн химийн аргаар үйлдвэрлэдэг гэнэ. Энэ нь паалан, хөнгөн цагаан зэргийг боловсруулахад түлхүү хэрэглэдэг түүхий эд аж. 60 мянган тонн цэвэр зэс гаргаж авахын тулд 250 мянган тонн зэсийн баяжмал хайлуулах учиртай. 250 гэдэг зүгээр нэг тохиолдлын тоо биш. “Эрдэнэт” үйлдвэр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг.

Тус үйлдвэрийн 51 хувь нь Монголын Засгийн газрын мэдлийнх. Тиймээс зэс хайлуулах үйлдвэрийн түүхий эдийг саадгүй ханган нийлүүлэх боломжтой гэж дэд сайд Б.Цогтгэрэл ярилаа. Монголд үүнээс өндөр хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломжгүй юу гэж асууж магадгүй. “Эрдэнэт” үйлдвэрээс гадна “Оюутолгой” компани 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн Цагаан суваргын зэс баяжуулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Монгол Улс дэлхийн эхний 10-т жагсах зэсийн баяжмал үйлдвэрлэгч болсон гэсэн мэдээллийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан өгсөн юм. Тэгэхээр Монголд 300 мянган тонн цэвэр зэс гаргах баяжмалын нөөц бий гэсэн үг. Гэвч тэндээс гаргах 1.4 сая тонн хүхрийн хүчлийг “номхруулах” боломж хомс. Үүнийг боловсруулахын тулд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах шаардлагатай. Хөвсгөл нуурыг бохирдуулах аюултай тул энэ ордыг ашиглахыг монголчууд эсэргүүцдэг. Тиймээс өндөр хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэр барих боломжгүй гэж үзэж буйгаа ажлын хэсгийнхэн нуусангүй.

Харин 60 мянган тоннын үйлдвэрээ 2022 он гэхэд хүчин чадлыг хоёр дахин нэмэх суурь дэд бүтэцтэйгээр байгуулах гэнэ. Тухайн үед манай улсад хүхрийн хүчлийн нэлээд том зах зээл бий болох төлөв буй нь үйлдвэрийн хүчин чадлыг хоёр дахин өсгөх нөхцөлийг бүрдүүлэх аж. Тэр нь уран олборлох үйл ажиллагаа. Ураныг газар дор уусган олборлоход хүхрийн хүчил хэрэглэдэг. Францын “Арева Монгол” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Дулаан-Уул, Зөөвч-Овоод 63 мянган тонн ураны орд илрүүлсэн. 2021 оноос олборлож эхлэхээр төлөвлөж байгаа. Үүнээс гадна Дорнод аймагт хэд хэдэн компани уран олборлох төсөл хэрэгжүүлж буй. Эдгээрт 200 гаруй мянган тонн хүхрийн хүчил нийлүүлэх боломжтой гэнэ. Уран олборлох эсэх нь бас л эцэслэн шийдвэрлэгдээгүй. Дэмжих, эсэргүүцэх гэх мэт олон эрх ашгийн дунд буй болохоор 100 хувь найдахад бэрх. Юутай ч үйлдвэрийн хүчин чадлыг хоёр дахин өсгөх “суурьтайгаар” барих бодлогоо тодорхойлжээ. Товчхондоо уран олборлоод эхэлбэл зэс хайлуулах үйлдвэрээ өргөтгөнө гэсэн төлөвлөлт санж. Ажлын хэсгийнхэн зэс хайлуулах үйлдвэрийг Чойр, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн аль нэгэнд барихаар судалгаа хийжээ.


Эцэст нь Бор-Өндөрт барихаар санал нэгдсэн байна. Хүхрийн хүчлийг хольж боловсруулах түүхий эд нь Бор-Өндөртэй ойролцоо учраас тэнд зэс хайлуулах үйлдвэрийг барихаар шийдвэрлэжээ. Бор-Өндөр нь жонш баяжуулах үйлдвэртэй, мөн тэндээс холгүй зайд “Арева Монгол” компани ураны төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Бор- Өндөрт эрчим хүч, төмөр зам, авто зам зэрэг дэд бүтэц хүрэлцээтэйгээс гадна үйлдвэрт ажиллах боловсон хүчин хангалттай бий гэж ажлын хэсгийнхэн үзэж байна. Зэс хайлуулах үйлдвэрийг 300-400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2015- 2018 онд барьж ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоо хийжээ. Хувийн хэвшлийн хэд хэдэн компани зэс хайлуулах үйлдвэр байгуулах саналаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн байна.

Дэд сайд Б.Цогтгэрэл “Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга оролцсон үндэсний нэгдэл энэ үйлдвэрийг баривал илүү сайн хувилбар болно” гэж үзэж буй аж. Баяжмал биш, цэвэр зэс борлуулах нь тээврээс өгсүүлээд зардал багатай байх нь ойлгомжтой. Түүнчлэн дотоодод ажлын байр бий болгохын зэрэгцээ хүхрийн хүчлийг боловсруулах дагалдах үйлдвэрүүд байгуулах нь эдийн засагт үр ашгаа өгнө. Цэвэр зэсээрээ цахилгааны утаснаас илүүтэй мэдлэг шингээсэн мэдээллийн технологийн эд анги үйлдвэрлэвэл хэдэн дахин их ашиг олох нь гарцаагүй. Монголчууд нэгэн шинэ үйлдвэрлэл эрхлэх он цагт тулж иржээ.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.117.4 хурдан барилдаа.
203.91.117.4 хурдан барилдаа.
202.179.11.50 mash zob zuitei asuudal ba