М.ЗОРИГТ: МоАХ фракц “сүлжээний” Засгийн газарт орохгүй

2014 оны 10 сарын 16

  УИХ-ын гишүүн М.Зоригт ийм байр суурь илэрхийлж, Төрийн ордон дахь өрөөндөө “суулт” зарлажээ. Тэрбээр энэ тухайгаа цахим ертөнцөөр мэдэгдэж, сэтгүүлчдэд “Нээлттэй хаалганы өдөр” зарласан юм. Түүний байр суурийг сонирхлоо.

-Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний нэр түрүүчээсээ тодорч байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Чуулганы завсарлагаанаар гиш үүд орон нутагт ажиллаж, иргэдийн саналыг сонссон. “Бид өөрсдөө хийж, бүтээж чадах юм байна” гэдгээ ойлгосон. Олон нийт одоо улс орноо хөгжүүлнэ гэж хүлээж байна. Гэтэл мөнгөгүй, орон тоогоо цомхтгоно, бүтээн байгуулалтын ажил хийхгүй гэсэн агуулгатай төсөв оруулж ирсэн. Энэ нь Засгийн газар улс орноо цааш авч явах, олны хүслийг манлайлах шатахуунг үй болжээ гэдгийг харууллаа. Ийм Засгийн газрыг бид яаралтай солих хэрэгтэй. Гэтэл цаг алдаад, өнгө будгийн ажилтай ноцолдож байна. Засгийн газар төсвөө эгүүлэн татсан л даа. Ийм төсөв өргөн барьсан үед “засвар”-ыг нь хийж өгөхгүй учраас л эгүүлэн татсан. Бүрэлдэхүүнийг баталсны дараа бүтэцтэй холбоотой бага зэрэг өөрчлөлт оруулсан болоод л буцаагаад өргөн барина. Бид нам харгалзалгүйгээр ард түмнийхээ төлөө ажиллаж, нэгдэж чадах ёстой. Хийх ажлаа тодорхойлсны дараа бүтэц, бүрэлдэх үүн ярьж болно, хэдэн яам, сайдтай байх тоо нь чухал биш.

-Төрд тогтвортой байдал хэрэгтэй юү?

-Сүүлийн 20 гаруй жилд Монголын төр тогтвортой байсан. Төр бол ард түмнээс сонгодог Ерөнхийлөгч, УИХ. Бид Ерөнхийл өгчийг, УИХ-ыг Үндсэн хуулийн бус аргаар хэзээ ч унагаж байгаагүй. Засгийн газрыг солих бол юу юм. Ажлаа муу хийсэн хүмүүсийг солих нь төрийн тогтвортой байдалтай холбоогүй. Ерөнхийлөгч, УИХ байхад төрийн ноён нуруу хэвээр байна.

-Нэр дэвшүүлсэн гурван хүний нэг Л.Пүрэвсүрэнг МоАХ талын хүн гэж ярьж байна. Гэтэл та МоАХ-ноос нэг ч хүн Засгийн газарт байхгүй гэж хэлж буйгаа тайлбарлаач?

-МоАХ анх УИХ-д есүүлээ байсан. Энэ тоо цөөрсөн нь үнэн ч одоо зургаан хүн сууж л байна. Хангалттай олон гишүүн. Тиймээс бид энэ “сүлжээний” Засгийн газарт орохгүй, харин ч үүний эсрэг ажиллана. МоАХ-ны төлөөл өл болсон гурван сайд байсан нь одоо үгүй болж байх шиг байна. Энэ өөрчлөлтөөр манайд сайд өгч болох байсан, гэхдээ бид хүсээгүй. Тиймээс одоо Засгийн газарт МоАХ-ны төлөөлөл байхгүй. Ерөнхийл өгч гадаад харилцаан дээрээ их анхаарч буй нь улсын хөгжилд ахиц авчирна. Тиймээс ГХЭЗХЯ-ыг Ерөнхийлөгчийн санал болгосон хүнд өгөх нь зөв. МоАХ биш, Ерөнхийлөгчийн гадаад харилцааны бодлогыг дэмжиж байгаа талаас нь үүнийг харах хэрэгтэй.

-Засгийн газарт өнгө будгийн засвар хийж, аргацааж буйг эсэргүүцэж суулт хийж байгаа гэлээ. Тэгэхээр та энэ асуудлыг хэлэлцэж дуустал чуулган, Байнгын хороонд суухгүй гэсэн үг үү?

-“Сүлжээний” асуудал хэлэлцэж дуустал би Бүлэг, Байнгын хороо, чуулганы хуралд суухгүй. Үүний эсрэг бид ажиллана. Эдийн засаг хямарсан нь гаднын нөлөөлөлгүй. Бидний унхиагүйтэй л холбоотой. Бидэнд асар их мөнгө босгоод илүү ажил хийх боломж байна. Үүний тулд УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээших нь нэг санаатай, зөвшилцөлд хүрдэг байх ёстой.

С.УУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД