АНУ-ЫН ВОЛЕЙБОЛЧИД АНХ УДААГАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2014 оны 10 сарын 15

  Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ өнгөрсөн есдүгээр сарын 23-нд эхэлж, өнгөрсөн даваа гаригт “хөшгөө хаалаа”. Италийн зургаан хотод болсон дэлхийн аваргад нийт 24 баг өрсөлдсөнөөс шилдэг зургаад Итали, АНУ, ОХУ, БНХАУ, Бразил, Доминикан тунан үлдсэн юм. Ингээд Итали, АНУ, ОХУ гурав “G” хэсэгт шөвгийн дөрвийн эрхийн төлөө өрсөлдөв. Эхний тоглолтод Итали, АНУ хоёр таарч хүч үзлээ. 2002 оны дэлхийн аварга итали бүсгүйчүүд АНУ-ын шигшээг гурван сетийн турш илүүрхэж 3:0-ээр хожив. Хоёрдугаар үед л АНУ жаахан ойртсоныг эс тооцвол Итали “хол илүү” байлаа. Гэхдээ АНУ энэ ДАШТ-д бүтэл муутайхан тоглож буй ОХУ-ын шигшээг 3:1- ээр буулган авч, хэсгээсээ гарах замаа сайхан зассан. Итали ОХУ-тай тоглоход италичууд эхний хоёр сетэд хожиж, гуравдугаар үед ОХУ олон довтолгоогоо амжилттай болгон 25:12- оор ялсан юм. Харин дөрөвдүгээр үед италичууд алдаа гаргалгүй тоглож 25:23-аар хожил авч, хэсгээ тэргүүлэх болзлоо хангасан билээ. “Н” хэсэгт БНХАУ, Бразил, Доминикан өрсөлдөв.

Дэлхийн аваргаас алтан медаль авч үзээгүй Бразил энэ жил хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр Италид ирсэн. Тэд шилдэг зургаагийн эхний тулаанаа БНХАУ-тай хийлээ. “Н” хэсэгт энэ хоёр багийн аль хожсон нь тэргүүлэх тул хариуцлагатай тоглолт байв. Гэхдээ хятадууд гол өрсөлдөгчдөө “юм болсонгүй” 3:0-ээр хожигдлоо. Шилдэг зургаад анх удаа үлдсэн Доминиканы воллейболчид дэлхийн хошой аварга БНХАУ-тай тэнцүүхэн үзэлцэв. Тэд тоглолтын эхний хоёрыг өөрсдийн болгон, хятад бүсгүйчүүдийг айлгаж эхэлсэн. Гэхдээ БНХАУ-ын шигшээ сүүлийн гурван үед алдаа гаргалгүй 3:2-оор хожлоо.

Их шөвөгт Итали БНХАУ-ын воллейболчидтой оноолт таарав. Тус тулаанд Хятадын бүсгүйчүүд 25:21, 25:20, 20:25, 30:28- аар хожиж, финалд өрсөлдөх эрхээ авсан юм. Хятадын шигшээ өмнө нь дөрвөн удаа шигшээд шалгарч, хоёр түрүүлжээ. Алтан медаль авах зорилготой Бразилын шигшээ шөвгийн дөрөвт АНУ-ын бүсгүйчүүдэд 3:0-ээр хожигдов. АНУ-ын эмэгтэй воллейболчид өмнө нь 2002 онд финалд шалгарч, мөнгөн медаль авч байсан. Аваргын төлөөх тоглолтод 3:1 (27:25, 25:20, 16:25, 26:24)-ээр АНУ-ын шигшээ илүүрхэж, анх удаа дэлхийн аварга боллоо. Харин БНХАУ-ын бүсгүйчүүд ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа зүүсэн нь энэ. Зохион байгуулагч Итали хүрэл медалийн төлөө Бразилыг баралгүй 3:2-оор дийлдэв. Дэлхийн аваргын гурван мөнгөн медальт бразилчуудын хувьд ийнхүү анхны хүрэл медалиа авлаа.

Б.ЦОГТ-ОЧИР