А.ХАЯНХЯРВАА: БИДНИЙ ТОГЛОЛТЫГ ОЛОН ХҮН ХҮЛЭЭЖ БАЙГАА

2014 оны 10 сарын 15

“Номин талст” хамтлагийнхан энэ сарын 29-нд “Мишээл Экспо”-д шинэ тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтынх нь талаар тодруулахаар хамтлагийн гишүүн А.Хаянхярваа руу өчигдөр утас цохилоо.

-Сайн байна уу, “Утасны анд” байна. Та одоо хаана, юу хийж байна вэ?

-Сайн байна уу. Би яг одоо хүүхдээ сургуулиас нь аваад харьж байна. Эндээсээ “Гамма” агентлаг руу явна. Тэнд манай хамтлагийнхан зураг авахуулах юм.

-Шинэ тоглолтынхоо тухай сонирхуулаач. 15 жилийн ойн тоглолтоосоо хойш танайхан тоглолт хийгээгүй шүү дээ?

-Манай хамтлагийн “Номин талст-2014” шинэ цомог тун удахгүй хэвлэлтээс ирнэ. Тиймээс биднийг сонсдог шүтэн бишрэгчидтэйгээ шинэ цомгийн баяраа хуваалцахаар зорилоо. Ойн тоглолтоо хийснээс хойш хоёр жил өнгөрчихөж. Энэ хугацаанд бид ямар уран бүтээлүүд туурвиж байснаа үзэгч, сонсогчдодоо тайлагнан, нэгэн үдшийг хамтдаа дуулж, бүжиглэж өнг өр үүлэхийг хүсэж байна. “Мишээл экспо”-гийн танхимд хүмүүс чөлөөтэй бүжиглэхэд илүү тохиромжтой байдаг. Тоглолт маань гурван хэсгээс бүрдэх юм.

-Тодруулбал, хэсэг бүр ямар бэлэгтэй байх бол?

-Нэгдүгээрт мэдээж, шинэ цомгийн дуунуудаа дуулна. Мөн зөвхөн ээжийн тухай дуунуудаас бүрдсэн нэг хэсэг байна. Тэгээд эцэст нь “Номин талст”-ын үе үеийн хит дуунуудаа хүргэх болно.

-Хуучны хитүүдээсээ ямар дуунуудаа сонгож байгаа вэ. Ер нь тоглолтын үеэр үзэгчдэд ямар нэгэн гэнэтийн бэлэг барихаар бэлдсэн үү?

-Бидэнд хит дуу олон шүү дээ. Энд заавал тэр энэ гэж онцолмооргүй байна. Амьд хөгжимтэй тоглолт учраас үзэгчид тухайн үед ямар дуу дуулуулахыг хүснэ, тэр болгоныг нь биелүүлэхийг хичээнэ дээ. Түүнээс биш “Бид ийм тийм гэнэтийн бэлэг барина шүү” гэж худлаа амлахгүй. Тэртээ тэргүй бидний тоглолтыг хүсэн хүлээж байгаа олон хүн бий.

-Тасалбарын үнэ хэд байх бол?

-Бид тэр нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй. Дам сонссоноор бол тасалбар маань 40 мянган төгрөгөөс эхлээд 1000 ам.долларын үнэтэй гэсэн байх. 1000 ам.долларын тасалбараар анги, хамт олон, найз нөхдөөрөө хамтдаа нэг ширээнд сууж үзэхээс гадна идэх, уух юмных нь үнэ багтсан юм шиг байна лээ.

 

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД