Ж.ГҮРРАГЧАА: ХИНШҮҮ ХЯРВАСТАЙ Ч ГЭСЭН ЭХ ДЭЛХИЙН МИНЬ АГААР ГЭЖ БОДОХООР ЦОЧРОМ МЭДРЭМЖ ТӨРСӨН

2014 оны 10 сарын 15

  Ууланд осгох, одой байх, аянганд ниргүүлэх, хүйсээ солиулах, саран дээр очих, сансарт нисэх, мөсөн туйлд хүрэх, үхээд сэхэх... Ийм онцгой тохиолдлуудад хүн ер нь яадаг бол? Мэдээж сайхан зүйлтэй учирсан нэгний сэтгэл хөдл өл туйлдаа хүрч, баярлана. Харин бусдаас гаж байгаадаа гутарсан нэг нь магадгүй хааяахан үхэлтэй “ярьдгийг” үгүйсгэхг үй. Үхэлтэй тулж үзсэн нэг нь бол амьдрал руу тэчъяадан тэмүүлж, шунан дурласан байгаа. Энэ мэтээр ургуулан бодвол янз бүрийн л дүрслэл гарах биз. Гэхдээ өөрийн биеэр туулаагүй л бол яаж ч таамаглаад тухайн хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг гаргах боломжгүй биз. Тэгвэл тийм ховор зүйлтэй учирч, эерэг, эсвэл эсрэг шокийн туйлд хүрч үзсэн хүмүүсээс тэр үед ямар байсан, юу мэдэрснийг нь асуувал илүү бодитой, сонирхолтой байх нь мэдээж.

Бид “Мэдрэмжийн шок” гэсэн булан нээж, ховор, хачирхалтай, сонин, бахархам гээд янз бүрийн үйл явдлыг биеэрээ туулж, мэдэрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ертөнцийг тольдохыг зорилоо. Эхний зочноороо хоёр улсын баатар, Монголын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг урилаа. Мөн өөр нэгэн сонирхолтой хүний сэтгэгдлийг хүргэнэ. Тэр бол саран дээр хөл тавьсан, Америкийн сансрын нисэгч Базз Олдрин. Цэнхэр гаригийн долоон тэрбум гаруй хүнээс сансарт нисэж үзсэн нь одоогийн байдлаар 500- гаас хэтрээгүй бол саран дээр буусан нь ердөө 12. Ниссэн он цагаар авч үзвэл 1980-аад оны дунд үе хүртэл тэднээс ердөө 100 гаруй нь л сансарт ниссэн байдаг аж. Тэдний нэг бол Монголын хүү Ж.Гүррагчаа юм. Тэрбээр 1981 оны гуравдугаар сарын 22-нд “Союз-39” хөлгөөр В.Жанибековын хамт ниссэн билээ. Тэгвэл өдгөө нас сүүдэр 84-тэй Базз Олдриний хувьд 1969 оны долдугаар сарын 21-нд сарны гадаргуу дээр буусан анхны хоёр хүний нэг буюу “Аполлон-11” хөлгийн гишүүн, Нил Амстронгийн хамтрагч юм.

-Бид онцгой, сонин содон явдлыг биеэр туулсан хүмүүстэй тодорхой сэдвээр ярилцах зорилготой. Тиймээс Монгол Улсаа төлөөлөн сансарт нисээд ирсэн цорын ганц хүний хувьд таныг анхны зочноороо урьсан юм. Та болон хөлгийн дарга В.А.Жанибеков “Союз-39” хөлгөөр хөөрөөд, “Салют-6” сансрын станцтай холбогдож, улмаар бүтэн нэг долоо хоног, 20 цаг 42 минутыг тэр дээр огторгуйд өнгөрүүлэхдээ цэнхэр гаригийг 124 удаа тойрчээ. Нислэгийн хугацааг цагаар тооцвол 188 цаг 42 минут, үүнийгээ задлаад зөвхөн минутаар бодоход 11.322 гэсэн тоо гарч байна. Тэгвэл ийм удаан хугацаанд сансарт жинг үйдлийн байдалд байсны дараа дэлхийн хөрсөн дээр гишгэхэд ямар байсан бэ?

-Ер нь сансарт ниссэн хүн бүр л өөр өөрийнхөөрөө олон зүйл мэдэрдэг байх. Ялангуяа анх удаа нисээд, бууж ирэхэд янз бүрийн мэдрэмж төрдөг. Жишээ нь, сансрын хөлөг хөөр өхөд хэт ачаалал гэж зүйл бий, тэгээд жингүйдэхээс эхлээд олон янзын сэтгэгдэл төрнө. Тэр дундаас надад хамгийн онцгой байсан нь юу гэхээр, хөлгөөс салсны дараа буугч төхөөрөмжийн нэг хавхлага 5.5 км өндөрт нээгддэг юм. Ямар учиртай вэ гэвэл, төхөөрөмжийн доторх болон гаднах даралтыг тэнцвэржүүлэх зорилготой. Хэрэв даралт хэт зөрүүтэй бол эвдрэх аюултай. Тэр хавхлага онгойнгуут буугч аппаратад нэг их хиншүү хярвастай агаар орж ирсэн. Хэдийгээр халуу дүүгэн, шатсан үнэр ханхалж байсан ч, эх дэлхийн минь агаар гэж бодохоор маш сайхан санагдсан. Нэг их цочром гэх үү, тийм хүчтэй мэдрэмж төрсөн. Үүний дараа таны асуултын хариулт буюу дэлхийн хөрсөн дээр гишгэхэд ямар байсан бэ гэхээр бас л сонин. Бараг найм хоног жинг үй орчинд байсны дараа газарт буухаар дэлхийн татах хүч асар их мэдрэгддэг юм билээ. Энэ нь жингүйдэлд хүний хөл, гарын булчингийн ажиллагаа тодорхой хэмжээгээр саардагтай ч холбоотой. Тиймээс анхны алхмыг бие дааж хийхэд жаахан хүндрэлтэй, тэнцвэр алдах зэрэг асуудлаас болгоомжлон хүмүүс түшиж авдаг. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл гэвэл, бууж ирээд, дэлхийн нөхцөлдөө дасаж, хэд хоносны дараа өлмий дээрээ жаахан хүчлээд, дэм өгчихвөл өөрөө хөвөөд, нисчихэж болмоор санагддаг юм билээ.

-Буугч төхөөрөмжийг хөлгөөс салгах явцад өчүүхэн төдий алдаа гарвал бүгд хумхын тоос болох эрсдэлтэй гэдэг. Ер нь хөлөг салах үед юу мэдрэгддэг вэ?

-Сансрын хөлгийн гурван хэсгийн нэг болох буугч төхөөрөмжийг нөгөө хоёртой нь тусгай зориулалтын (пироболт) боолтуудаар бэхэлсэн байдаг. Түүнд цахилгаан дамжуулахад зад үсэрч, холбоосууд салдаг учиртай. Тэгэхээр өчнөөн олон боолт дэлбэ үсэрч, сансрын хөл өг гурван хэсэг болон салж байхад маш хүчтэй доргио, дуу чимээнээс эхлээд нэлээд юм болно. Тэрийг мэдэхгүй, мэдрэхгүй өнгөрнө гэж байхгүй. Нөгөө талаар хөлгийн инженерийн хувьд би боолтуудад цахилгаан өгөх команд цаг хугацаандаа ирж байгаа, эсэхийг буугч төхөөрөмжийг салгах үйл явцыг самбар дээр хянаж байсан. Сансрын хөлгийг цацрагаас, шаталтын дулаанаас гэхчилэн хамгаалан тусгай материалаар “өлгийдс өн” байдаг. Хөлгөөс буугч төхөөр өмж салах явцад тэр материал тал тал тийш шидэгдэж байгаа нь цонхоор харагдаж байсан.

БАЗЗ ОЛДРИН: САРНЫ ХӨРС ЯГ Л ЦЕМЕНТ ШИГ

-Сарны гадаргуу дээр гишгэхэд ер нь ямар байх юм бэ?

-Сарны “хөрс”-ийг маш нарийн ширхэгтэй нунтаг цацлагатай зүйрлэж болно. Хөрс гэхээсээ илүү пургисан тоос шороо гэмээр юм уу даа. Ямартай ч дээд хэсэгтээ хагас см хэртэй маш сул, бараг нягтралгүй шахуу байдаг. Тэгээд доошлоод ирэхээр арай дээрдэнэ. Дээрдэх ч гэж дээ, цементэрхүү гэж болно. Яг үнэндээ бол тоос болон агаарын молекулуудын харилцан үйлчлэл байхгүй. Дэлхийнхтэй огт зүйрлэгдэхгүй. Тийм сул зүйл дээр хөлөө маш болгоомжтой, зөөлөн тавьсан ч ялгаагүй пургиж орхино. Тэр нь бас их сонин, цемент пургихтай адилгүй. Хөл дор гишгэгдсэн өнөөх нарийн тоос, тоосонцор хагас тойрог маягтай хүрээ үүсгээд юу юугүй дээш хөөрөөд, эргээд унах нь маш хачирхалтай үзэгдэл юм. Атомын бөмбөг дэлбэрсний дараа тэнгэрт ямар дүр зураг үүсдэг билээ, нэг тиймэрхүү гэж зүйрлэмээр. Дэлхий дээр тоос хэзээ ч тийм хэлбэртэй болохгүй. Тэгэхээр сарны агааргүй вакуум орчин бол тоос тийнхүү “дугуйран наадах” гол нөхцөл, шалтгаан юм. Саран дээр буусан сэтгэгдлээ илэрхийлэхийг хичээж, зүйрлэх, харьцуулах зүйлээ олж чадахгүй юм. Ер нь саран дээр ямар ч чимээ аниргүй. Скафандрт бэхэлсэн шахуургатай саванд ус үл ялиг шоржигнох чимээг эс тооцвол яг л дүлий юм шиг. Кинонд гардаг шиг чанга яригчийн өсгөгчийн чимээ энэ тэр бол ердөө л холливудынхны бодож олсон зүйл.

Саран дээгүүр явахад анхаарах онцгой зүйл бий. Хамгийн чухал нь маш хурдан алхах хэрэгтэй. Яг л давхиж байгаа морь шиг хамаг хурдаараа хоёр том алхаад, толгойгоо чадлаараа урагшлуулаад хүчээ хуримтлуулж байгаад дахиад хоёр алхана. Ер нь тэнд тэнцвэрт байдлаа хянах боломжгүй, их сонин юм билээ. Бага зэрэг хазайхад л унах эрсдэлтэй. Харин зогсоход хялбар. Хэдий ийм байдаг ч миний бодлоор сарны гадаргуу дээр хүн амархан дасан зохицох боломжтой. Татах хүчний үйлчлэл сул учраас алхахад хүчлэхгүй, их хөнгөн. Ер нь тэнд тун дажгүй санагдсан.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД