О.Тогтуун: Аалз сэжиг хүрмээр чгэмгүй, тайван амьтан

2014 оны 10 сарын 15

  Харахад л бие арзайж, айдас хүрмээр аалз, могой тэжээдэг хүн цөөнгүй. Тэдний нэг ах, дүү хоёртой ярилцлаа. Хүүхдүүдийн аав Ц.Одбаяр 10 гаруй жил амьтан тэжээн, худалдаж байгаа болохоор тэд ухаан орсон цагаасаа л амьтантай нөхөрлөж өсчээ.

-Та хоёр их завгүй бололтой. Уулзах гэж хэд хонолоо. Математикийн олимпиадад оролцсон гэл үү. Ямар амжилт гаргав. Эхлээд өөрсдийгөө танилцуулахг үй юу?

-Намайг Одбаярын Хангал гэдэг. Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийр үүлсэн сургалттай 9д ангид сурдаг. Миний дүүг Одбаярын Тогтуун гэдэг. Мөн нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 8б ангид сурдаг. Дүү бид хоёр хоёулаа математикийн олимпиадын бэлтгэл анги болохоор байнга л завгүй байдаг юм. Би “Англиар хэн сайн ярих вэ” гэдэг уралдаанаас хүрэл, компьютер программчлалын тэмцээнээс мөнгөн медаль авсан. О.Тогтуун: Математик, физик, англи хэлний олимпиадад оролцлоо. Физикийн олимпиадад багийн төрлөөр алтан медаль авсан.

-Та хоёр өвөрмөц амьтан тэжээдэг юм байна. Яагаад аалз, могой тэжээхээр болсон юм бэ?

О.Хангал: Багаасаа л могой тэжээж эхэлсэн. Сонирхолтой, өвөрмөц, өдөр болгон хардаг амьтан биш болохоор тэжээж үзмээр санагдсан.

О.Тогтуун: Хүмүүс аалзнаас айдаг болохоор тэжээж үзэх юмсан гэж хүссэн. Тэгээд ааваасаа гуйж байгаад хоёр жилийн өмнөөс энэ аалзаа тэжээсэн. Монголд байхгүй, халуун орны аалз. Төрөл зүйлийнх нь латин нэр tarantula brachypelma.

-Юу нь сонирхолтой санагдсан гэж?

О.Хангал: Могойны арьс гөлгөр, сонсголын эрхтэнгүй, мөчгүй, хэвлээр явдаг болохоор сонирхолтой санагдсан. Бас нохой, гүрвэл, харх тэжээдэг. Могойгоо тэжээгээд хоёр жил болж байна.

-Тэжээхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ, юугаар хооллодог юм бол?

О.Хангал: Могой хүйтэн цустай амьтан. Сэрүүн орчинд амархан хөлддөг. Чийглэг, дулаахан орчинд байлгах хэрэгтэй. Өөрөөсөө жижигхэн биетэй амьтнаар хооллодог. Орог зусгийн зулзаганаас эхлээд хөдөлгөөнтэй амьтан барьж иддэг.

О.Тогтуун: Аалзыг долоо хоногт нэг удаа хоёр шавьжаар хооллодог. Зун царцаа барьж өгдөг. Аалз тэжээхэд арчилгаа бага. Шилэн хоргон дотор чийгтэй бор шороо дэвсэж өгөхөд л амьдрах таатай нөхцөл нь болдог. Аалз сандарсан үедээ үсээ цацдаг учраас харшил хөдөлгөх сөр өг талтай. Аалз, харх, хэрээг хүмүүс сэжиг хүрмээр, муухай гэдэг ч тэжээхэд гэм хорг үй, тайван амьтан. Шилэн хоргоноос нь бараг гаргах хэрэггүй. Алга болох аюултай.

-Та хоёр өөрсдөө амьд амьтан барьж өгдөг юм уу?

О.Хангал: Аав орог зусаг үржүүлдэг болохоор зулзагаар нь могойгоо хооллодог. Хоёр долоо хоногт нэг удаа хооллоход болно.

-Могойндоо нэр өгсөн үү?

О.Хангал: Үгүй ээ. Төрөл зүйлийнх нь латин нэрээр дууддаг. Энэ том харыг нь усны могой lampropeltis getula nigrita, нөгөөхийг нь рашааны могой буюу ellaphe dione гэдэг. Харин энэ нарийхан шаргалыг нь natrix. Монголд байдаг могой. Бид дороо хайргатай, устай том шилэн хоргонд могойнуудаа байлгадаг.

-Насыг нь мэдэх боломжтой юу?

О.Хангал: Могойны насыг тоолох аргагүй. Ясыг нь зүсэж үзэж л цагаригийн тоогоор хэдэн настайг нь мэдэж болдог.

О.Тогтуун: Аалз 6-7 жил амьдардаг.

-Та хоёр “найзууд”-аа гадуур авч явдаг уу?

О.Хангал: Сургуульдаа могой, аалзаа аваачиж байсан. Биологийн хичээлээр ангийнхандаа танилцуулж, юугаар хооллодог, ямар орчинд амьдардаг тухай хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулсан. Гэхдээ могойг намар, хаврын дулаахан үед авч гарахг үй бол замдаа хөлдөнө. Мөн том могойг өвөртөлж унтвал хазуулах, боомилуулах аюултай. Могойг өдөж, уурлуулахаар хаздаг.

-Аалзны эр, эмийг яаж мэдэх вэ. Энэ эр аалз уу?

О.Тогтуун: Эр аалз. Эм аалз эрээсээ арай том биетэй байдаг.

-Шүлсээрээ ангаа барьдаг уу?

О.Тогтуун: Халуун орны аалз болохоор шүлс ялгаруулдаггүй. Анчин аалз хоолоо өөрөө барьж иддэг. Манайд байгаа аалзнууд идэвхгүй, шүлсээрээ ангаа барьж авдаг.

-Энэ хоргон доторх хоёр шавьжийг яагаад барьж идэхгүй байгаа юм бэ?

-Шөнийн амьдралтай болохоор хүн харах, гаднын биет хөдөлгөөнтэй байх үед тайван байдалд ордог юм. Харанхуй, дэргэд нь хүнгүй үед шавьжаа өөрөө барьдаг. Хоёр том соёогоороо хазаж иддэг.

-Могойгоо үржүүлж байсан уу?

О.Хангал: Нэг удаа үржүүлсэн. Могой нэг удаад 7-8 өндөг гаргана. Өндөгнүүд нь халуун орчинд байхгүй бол амьдрах чадваргүй болдог. Найман өндөгнөөс нэг хоёр нь л амьдардаг.

-Аалз, могой тэжээхэд хэцүү биш үү. Юунд ашиг тустай юм бэ

О.Хангал: Сонирхлоороо л тэжээдэг. Үнэндээ нохой тэжээснээс аалз, могой тэжээх нь арчилгаа бага. Нохойгоо салхилуулна, усанд оруулна, үсийг нь засна гэх зэрэг арчилгаа ихтэй. Харин аалз, могойнд чийглэг, дулаан орчин, хангалттай хоол байхад л болдог юм.

-Та хоёр өөр ямар амьтан тэжээж үзэхийг хүсэж байна?

О.Тогтуун: Сармагчин.

О.Хангал: Аав амьтан, шувуу тэжээж, үржүүлж, худалддаг болохоор багаасаа л төрөл бүрийн амьтан тэжээж үзсэн. Хэдэн төрлийн амьтан тэжээснээ ч бараг мартчихаж. Харин одоо бол опосом (жижигхэн хэрэм шиг амьтан) тэжээж үзмээр байна.

-Тэжээж байсан амьтдаасаа алинд нь илүү хайртай байв?

О.Хангал: Саша яст мэлхий, Сузи гэдэг жижигхэн нохойндоо илүү хайртай. Биднийг гэртээ ирэхээр Сузи маань тосч аваад эрхлээд их хөөрхөн.

-Амьтан тэжээхэд тохиолдсон хөгтэй явдлаасаа сонирхуулаач?

О.Тогтуун: Ах жирх тэжээж байхдаа алган дээрээсээ хоол өгөөд хуруугаа хазуулсан. Жирх хурууг нь тавихгүй, сэгсэрч байж болиулсон шүү. Хоол өгөхөөсөө өмнө жирхээ уурлуулсан болохоор хазсан байх. Бас сургуульдаа аалз аваачсан чинь хүүхдүүд айж сандраад “Жинхэнэ юм уу” гэж асуугаад байсан.


Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД