ДАЙЧИН Ганчимэгүүд

2014 оны 10 сарын 15

  Нэр...”Google”-ын хайлтын системд энэ үгийг бичихэд “нэрийн утга учир, нэрээ хайрлах ёсон, нэр хугарахаар яс хугар, нэр дэвшигч, нэр алдар, нэрийн хуудас” гэх зэрэг үг хэлхээ холбоотой гарч ирэх нь нэр хэр чухал зүйл болохыг илтгэх мэт. Нэр бол эзнээ хамгийн тод илэрхийлдэг, амжилтад хүрсэн ч гундуухан явахад хэзээ ч орхихг үй учраас л тэр биз. Нас бол ердөө л тоо гэж хэлж болох ч нэр гэдэг хэдэн үсгийн цуглуулга биш юм аа. Хэн нэгнийг танихгүй тохиолдолд түүний нэр зүгээр л үг боловч эрхэм нандин хүн болчихвол хэчнээн ээнэг дотно мэдрэмж төрүүлнэ гээч... Алдрыг нь мэдээд царайг нь тогтоочихвол хүнийг таньдаг гэсэн үг ч биш. Энэ удаагийн “Нэр нэгтийн чих нэг” буландаа салбар бүртээ чимэг нь болон түүчээлсэн дайчин Ганчимэгүүдийг урилаа.

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Ц.Намсрайн дунд охин Ганчимэг. Авьяаслаг уран бүтээлчдийн боловсролд, сонгодог урлагт амьдралынхаа ихэнх он жилийг зориулсан нэгэн. ХБК төгсөөд Армяны Ириван хотод боловсрол эзэмшиж төрөлх сургуульдаа төгөлдөр хуурын багш, тэнхимийн эрхлэгчээс эхлээд гүйцэтгэх захирал хүртэл 35 жил ажилласан түүнийг сайн багш, хөдөлмөрч хүн хэмээн шавь нар нь үнэлдэг юм билээ. “Ажлын төлөө төрсөн гэмээр, аливааг сэтгэлээсээ хийдэг түүн шиг хөдөлмөрч хүнтэй би таарч байгаагүй. Зэмлэвэл өөдөөс нь хэрэлдье гэсэн ч өө сэвгүй шахам хүн болохоор үг хэлэх эрх байдаггүй” гэж дотнын хүн нь хэлсэн удаатай. Тийм ховор хүн болохоор гэрийнхэн нь өдрийн од гэж дууддаг гэсэн.

1.-Амидаа нартайгаа амьдралдаа хэр олон таарч байв. Таныг тэднээс юугаар нь онцлон дууддаг байсан бэ?

-Манай Хөгжим бүжгийн коллеж олон Ганаатай. Миний анхны шавь нарын нэг Ганчимэг өдгөө манай сургуулийн Цөөхүүл хөгжмийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Бас туулай хочтой, жижигхэн концертмейстр бий. Ганаа нараас хамгийн ахмад нь би. Том Жэрри хүүхэлдэйн киноны муур хулгана шиг шавь бид хоёрыг манайхан Том, Жэрри гэж хочилдог. Манай эгч нар Шүр, Сувд гээд л чулууны нэртэй. Бодвол, Ган гэхээр эрэгтэй өнгө аястай болчих гээд чимэг нэмсэн байх.

2.-Ганчимэгүүдийн онцлог шинжийг гаргах гэсэн юм. Миний мэдэх Ганчимэгүүд дайчин, хичээнгүй санагддаг. Таны зан чанар, онцлог юу вэ?

-Эргэн тойрны амидай нараа ажиглахад Ганчимэгүүд өөдрөг үзэлтэй, дайчин, эзэмшсэн мэргэжилдээ чадвартай, тууштай улс шиг санагддаг. Хүн өөртөө үнэнч байж аливааг хийхдээ өөрийгөө хууралгүй чигч нямбай хандах хэрэгтэй.

3.-Таны амьдралд сайн муу, аль ч талаараа бөмбөг “дэлбэлсэн” үйл явдал тохиож байв уу?

-Охиноо төрүүлсэн минь л амьдралын хамгийн том баяр юм даа. Хүний л амьдрал хойно баярлах, зовох зүйл гаралгүй яах вэ. Гэхдээ амьдрал өөрчилсөн айхтар үйл явдал тохиолдоогүй. Манай сургуулийн онцлог гэвэл энд ажиллагсад дандаа ХБК төгсөгчид. Үеийнхэнтэйгээ, сурагчидтайгаа хамт ажиллаж байна гэсэн үг. Сайхан хамт олонтойдоо баярладаг даа.

4.-Өөрөөсөө байнга асуудаг, хариултыг нь мэддэггүй, ойлгодоггүй зүйлс байдаг уу?

-Мэдэхгүй юм их бий. Санаа сайн бол заяа сайн гэж монголчууд ярьдаг. Гэхдээ амьдрал эрээнтэй, бараантай. Хувь тавилан их сонин шүү. Хичээгээд л байхад тэр бүр санаснаар болохгүй, санаанд оромгүй зүйлсээр дүүрэн. Өнөөдөр мөнгө хүний үнэт зүйл болтлоо хүчтэй болжээ. Зүгээр л хэрэглээ шүү дээ. Аав, ээж, үр хүүхдийн хайр, сэтгэл гээд л мөнгөөр үнэлж болшгүй зүйл уг нь их. Мөнгөөр үнэлдэггүйг чухалчилдаг хүнээс эд хөрөнгийг үнэт зүйл болгохыг амьдрал шахаж шаарддаг нь харамсалтай.

5.-Энэ хорвоод өөрийгөө юуны тулд ирсэн гэж боддог вэ. Амьдралаа эргэн харахад харамсах зүйл хэр олон бол. Таныг хүмүүс дурсах юм хийж чадсан уу?

-Хүн хүнээр дутдаг хорвоод зөвхөн өөрийгөө бодож амьдарч яагаад ч боломгүй санагддаг. 1988-1990 он хүртэл сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа сонгодог бүжгийн ангийг дахин сэргээхэд болон циркийн анги байгуулахад оролцсон. 1992-1996 онд уран сайхны удирдагч байхдаа дунд сургуулийн статусыг коллеж болгоход ажилласан. Намайг 2001 оноос өдгөө хүртэл дэд захирал хийх хугацаанд ХБК бакалаврын ангитай, сургуулийн шинэ байртай боллоо. Гаднын олон улсын тэмцээн, уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулах тухай Засгийн газрын тогтоол 2004 онд гаргахад хөөцөлдөж байсан хүмүүсийн нэг. Хүмүүс намайг дурсах үгүйг мэдэхгүй юм. Ямар ч байсан би бурхнаас өгсөн өөрийн оюун ухаан, чадвар, нөөц бололцоогоо дайчилж, чадах бүхнээ хийсэн. Ядарчих вий гэж биеэ хайрлаж байсангүй.

6. -Таныг яг одоо бухимдуулж буй зүйл юу вэ?

-Тэр бүгдийг нэг бүрчлэн тоочно гэвэл хорвоод амьдрах замгүй болох вий. Бухимдал гэдэг цаг зуурынх. Нийгэмд сайнтай, муутай олон зүйл бий. Орчин үед буруу зүйлийг өөгшүүлж, хүмүүст зөв гэсэн ойлголт төрүүлэх юм их болж. Аливааг хэтэрхий өнгөн талаас бодож, агуулгыг орхигдуулах юм. Тухайлбал, нэр алдар хурдан олох, гоё сайхан эд материалтай болоход залуус анхаарлаа хэтэрхий их хандуулж байна. Аливаа юмны уг мөн чанарыг мэдэхгүй амархнаар сэтгээд байвал түүн шигээ хялбар нурах талтай.

7.-Уншигч, үзэгч, бусдаас сонссон, мартагдашгүй хамгийн сайхан урмын үг юу байв?

-Шавь нарын сэтгэлээсээ хэлсэн нэг үг ч гэсэн баярлуулж, урам өгдөг. Нэгдүгээр ангийнхан үсэглэлийн баяраараа, арваннэгдүгээр ангийнхан төгсөхдөө хөөрхөн сэтгэлийн үгтэй захиа, шүлэг өгдөг. Нэг сурагч зүрхэн хэлбэртэй хайрцгаар дүүрэн хуулиастай бичээс өгөөд өдөр бүр нэгийг уншаарай гэж байлаа. Тэр бичигнүүдэд “Багш аа, та миний амьдралд хамгийн үнэтэй үг хэлсэн учир баярладаг шүү”, эсвэл “Өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэх мэт янз бүрийн үг бичсэн байсан нь их гоё санагдсан.

8.-Таны ажил юуг золиослон авч, юугаар шагнасан бэ?

-Мэргэжилдээ хайртай, дуртай. Надаас юу ч золиослоогүй. Би амьдралдаа сэтгэл хангалуун. Сайхан хамт олонтой, ах дүү гэр бүлийнхэн эрүүл саруул байна. Энэ л миний амьдралын шагнал.

Хэзээ ч уулзаж байгаагүй, гэртээ ямар баг зүүдэг, жинхэнэдээ хэн гэдгийг нь мэдэхгүй ч цаанаа л дотно, нэг л хүндэлмээр хүн гэж байдаг даа. “Өөрийгөө байгаагаасаа илүү үнэтэй хүн гэдгийг мэднэ. Ордонд биш ардад танигдсан сэтгүүлч” хэмээн өөрийгөө тодорхойлж байсан Бадамдоржийн Ганчимэг өгсөн ярилцлага, бичсэн нийтлэлээсээ хүчирхэг, бардам, баргийн зүйлийг тоохооргүй зоригтой нэгэн харагддаг ч ном, шүлэгтээ дотроо нуусан хамгийн энгийн, эмзэг, туяхан, амархан гуниглаж, баярладаг, уйлдаг, гэгэлздэг ухаалаг охиноо ил гаргадаг шиг санагддаг.

1-Оюутан байхад манай ангид Ганчимэг нэртэй охин байсан. Түүний овог З. Манай ангийнхан биднийг овгоор нь Б, З гэж дуудна. Намайг Ганушка л гэдэг ш дээ. Харин хожим бүүдка хочтой болж дуусах шив. (инээв) Манай том ахыг Б.Гансүх, багыг нь Ганхуяг гэдэг. Охин дүү минь хоёр ахтайгаа адилхан Ган-аар эхэлсэн нэртэй байх ёстой гээд л том ах энэ нэрийг өгсөн юм гэсэн. Ийм түгээмэл нэр надад яах гэж өгдөг байна аа гээд л багадаа нэрээ их голдог байлаа. Хожим төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д орж ирсний дараа нэрэндээ бүр уур хүрдэгсэн. Ган нэртэй эмэгтэй сэтгүүлч олон байлаа шүү дээ. Тэднээс ялгарахгүй юм шиг санагдаад, амжилтад түргэн хүрмээр байдаг, амбийц хөдлөөд байдаг. (инээв)

2.-Би омголондуу, эцэж цуцахгүй зүтгэдэг хүн л дээ. Ер нь нэг их хулчийгаад байдаггүй. Эмэгтэй сэтгүүлч хэрнээ айхыг мэддэггүй гэх үү дээ. Зуршил гэвэл жаахан эрх чөлөөлөг, дураараа зантай. Намайг барих, зогсоох, гүжирдэх, хардах жижигхэн ч гэсэн сэдэл ирүүлбэл их эмзэг хүлээж авдаг нэг муу зантай. Ажил дээр ч, гэр бүлийн амьдралд ч тэр намайг бага ч атугай гүтгэвэл би тэсэж чаддаггүй. Хардах, мөрдөх, худал гүжирдэхэд тэсвэргүй. Бусдаар бол би ноён нуруугаа алдахгүй, бусдад түшигтэй, өгөөмөр, цайлган сэтгэлтэй. Намайг надаас өөр хэн ч бүтэн утгаар нь таньж, тайлж чадахгүй. Би бол гаднаа халуун дулаан, цагаан цайлган. Бас маш тодорхой байр суурь бүхий ил тод имижтэй. Гэхдээ миний дотор тэр бүр хүмүүсийн мэдэхгүй өөр нэгэн эмэгтэй байдаг байх. Дунд сургуулийн дээд ангид Ганчимэг гэж найзтай байлаа. Тэр надтай их төстэй зантай юм шиг санагддагсан. Тоглож байгаад уураа хүрэхээр дүрс гээд гүйгээд явчихна. Маргааш нь зүв зүгээр инээчихсэн ирдэгсэн.

3.-Эмэгтэй хүнд хувийнх нь жаргал зовлон хүчтэй нөлөө үзүүлдэг л дээ. Би анхны нөхрөөсөө салахдаа ёстой шүд зууж, бас нулимсаа урсгаж байсан. Завсар зайгүй ажилласан. Энэ явдлын дараа надад амьдралд хөл дээрээ босох хүч чадал аяндаа бий болсон. Өөр зоригтой шийдвэр гэвэл “Open door” сониноо байгуулсан явдал.

4.-Би их илэн далангүй хүн шүү. Тэрнээсээ болж хааяа хэрэгт орчих гээд байдаг. (инээв) Би хоёр дахь удаагаа гэрлэх шийдвэрээ яг яагаад гаргаснаа мэддэггүй, ойлгодоггүй юм. Их л том найраанд орчихсон юм шиг байгаа юм. (инээв) Одоо энэ тухай бие биеэсээ асуухаар хоёулаа хариулж чаддаггүй.

5.-Хэцүү асуулт байна. Би зохиол бичвэл том утгаараа үлдэх юм хийнэ л гэж мөрөөддөг.

6.-Яг одоо бол шинэ ажил эхлүүлчихсэн, хамаг ухаан бодол, зорилго үүн дээр төвлөрчихөөд байна. Бас эрүүл мэндийн асуудлууд намайг тууштай ажиллуулж өгөхгүй бухимдуулах юм.

7.-Магтаал сайшаал, хараал зүхлээр булуулж явдаг сэтгүүлч нэг их олон биш байх. Минийх арай л хэтэрсэн. Надад хэлсэн үгнүүдээс хамгийн сайхан нь “Таныг аймаар ааштай, хатуу харгис гэж бодож явсан. Гэтэл та чинь ийм уяхан, гэрэл гэгээтэй хүн байсан юм уу” гэсэн үг. Энэ үгийг би дэндүү олон сонссон.

8.-Өвддөг, хавддаг болсноо ажил мэргэжлээсээ болсон гэж хэлэх юу юм. Хариуцлагагүй байдлаасаа л болсон биз. Шагнал гэвэл би одоохондоо залуу байна. Олон удаа шагнуулж байлаа. Хамгийн их догдлуулсан нь БАЛДОРЖ шагналын анхны эзэн болсон үе. Нөгөө талаар өдий болтол ээжтэйгээ амьдарч, үр хүүхдээ хамт өсгөж яваа минь амьдралаас авсан сайхан шагнал. Ээж минь одоо 85 настай. Сэтгүүлчийн ар тал сайн байх ёстой. Тайван амгалан гэр бүлийг бүтээж чадсан минь бас нэгэн шагнал юм уу даа. Би бас сайн нөхөдтэй учирчээ. Тэднийг надад бурхан өгсөн гэдэгт эргэлзэх юм алга.

Од болох мөрөөдлөөр жигүүрлэсэн авьяаслаг багачуудын хүслийг биелүүлэгч түүнийг шидэт дагина гэмээр. Бүгдийг мөнгөөр шийдэх болсон энэ цагт хүүхдийн дуу дагнан бүтээдэг зохиолч тун ховор. Тэгвэл багачуудад зориулж дуу зохиохоос гадна, тэдэнд багшилж, продюссерлэдэг хүн бол Монголын хүүхдийн ордны дуулаачийн багш, хөгжмийн зохиолч, продюсер Сандуйжавын Ганчимэг. Хүүхдүүдийн мэдэх “Хүүгийн бодол”, “Чингисийн Монгол”, “Барби” тэргүүтэй олон дуу зохиож, “Лусын дагина” зэрэг хүүхдийн жүжгийн хөгжмийн зохиол бичин, “Нарны хаан хүүхэд” дууны хоолойг тавьсан, “Люмино”-гийн Баажий, дуучин Оюумаа, “Мөнхийн реп”-ийн Лхагва, “Флаш” хамтлагийн Мягмарцэнд, Нандин-Эрдэнэ нарт дуулах ур чадвар заасан гээд л хийсэн бүтээсэн гавьяа ихтэй ч олны нүднээс далд байхыг хүсдэг тэрбээр “Эгч нь уран бүтээлийнхээ тухай л ярья. Миний хэдэн жил ажилласан, гэр бүл, нас зэргийг битгий асуугаарай” хэмээн аминчлан гуйсан.

1.-Арван жилийн 51 дүгээр сургуульд сурч байхад адил нэртэй охин байсан. Биднийг Б... С...гээд хүүхдүүд овгоор дуудна. Би найман хүүхэдтэй айлын дороосоо гурав дахь нь. Ганцэцэг, Гантөгс гээд л манайхан Ган-тай нэртэй. Тийм болохоор гэрийнхэн биенээ дуудахдаа төгсгөлийн үгээр нь дууддаг. Миний нэрийг их зөв сонгож өгсөн гэж боддог. Юм бүхний чимэг болж, чихний чимэг болсон ая зохиоход нэр нөлөөлсөн байж мэдэх юм.(Инээв)

2.-Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ ажлаа хийхээрээ дайчин чанараа мэдэрдэг. Ядраад унасан ч хамаагүй ажлынхаа ард гарч байж санаа амардаг. Тэр хүртэл нойр хүрэхгүй шүү дээ. 2014 оны МХО-ы харшийн сүлд модны наадмыг би найруулсан юм. Өөрөө үлгэрийн сэдвээ найруулаад, амьд буга авчраад амжилттай зохион байгуулсны дараа нуруун дээрээс том ачаа авах шиг болж сайхан санагдсан.

3.-Хүүхдийг зугаацуулах, бага насных нь дурсамжийг мөнхлөх юм Монголд ховорхон. Өнгөрсөн оны хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “UB палас”-т бие даасан тоглолтоо хийхэд МХО-ы авьяаслаг шавь нар, хамтлаг дуучид дуулсан. 3500 хүн үзэж, танхим дүүрэхэд би олон хүүхдийг баярлуулж чадлаа гэж баярласан.

4.-Хүний амьдралд төрөл бүрийн асуудал бий. Гэхдээ яагаад гэр бүлүүд салаад байдаг юм бол, хүүхэд ээж, аавтайгаа элэг бүтэн сайхан амьдарч болдоггүй юм байх даа гэж эмзэглэдэг. Сурагчдынхаа бүртгэлийг хийх бүртээ үүнийг мэдэрдэг. Эцэг эх нь салж сарнисан, өөд болсон хагас өнчин хүүхэд олон таардаг. Дунд нь хүүхэд л хохирох юм даа.

5.-Олон хүүхэд сурган хүмүүжүүлж, од болох хүслээ биелүүлэхэд нь дэм болохоор төрсөн юм болов уу. Чадахаараа гоё дуу зохиож, сурагчдаа урлагийн сургуульд ороход нь бэлддэг. Миний шавь нар Америк, Япон, Орос, Хятад, БНСУ гээд олон оронд урлагийн сургуульд сурдаг. Японд сурдаг шавь нарийнхаа урилгаар энэ сарын 27-нд хөгжмийн зохиолчдын уулзалтад явах гэж байна. “Хүүгийн бодол”, “Ээж тандаа хайртай” дуу минь япон хэл дээр хит болж байгаа юм билээ.

6.-Хөгжим миний сэтгэлийн бүх шаналал, бухимдлыг тайлдаг. Зовсон ч, жаргасан ч төгөлдөр хуур л хань болдог. Энэ хөгжимгүйгээр амьдралаа төсөөлөхгүй нь. Манай байгууллага сайн ажилласан багш нараа ийш, тийш явуулдаг юм. Би Сөүл явахдаа Диснейн паркт тоглосон. Тэр үед “Монголд ийм хүүхдийн тоглоомын хүрээлэн барьж болдоггүй юм байх даа. Энэ үеийнхэн хүүхэд насаа гоё өнгөрүүлж чадахгүй нь” гэж харамссан. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тийм том сайхан талбайг тэр чигээр нь хүүхдүүдэд зориулахгүй өндөр байшин барьчихсанд эмзэглэдэг.

7.-Миний шавь нар багшаараа бахархдаг юм билээ. Төгсөөд амьдралын төлөө яваа, завгүй учир байнга үзэгдэхгүй ч хааяа зорьж ирдэг. Олны танил болсон олон шавь нар төгсгөсөн. Тэд “Миний өдий зэрэгтэй яваа нь таны ач гавьяа, баярлалаа” гэж хэлэх бүрт нь урам авдаг.

8.-Ажлын төлөө явсаар ээждээ ч зав гаргаж чадалгүй явуулчихсандаа харамсдаг. Миний ганц чадах юм дуу зохиох болохоор ээжийн тухай олон ая бичсэн. Авсан шагнал ч олон. Хоёр жилийн өмнө Оросын 34 мужийн найрал дууныхан өрсөлдсөн уралдаанд ордны хүүхдүүдээ богино хугацаанд бэлдэн, сойж гран при авсан. Хүүхдүүдтэйгээ Орост тэгж үнэлүүлэхэд сайхан байсан. Мөн хэдэн жилийн өмнө ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод найрал дууны бүлгэм байгуулах болоход хүүхдийн найрал дуу бичдэг хүн тэнд байхгүй, намайг урьсан. Хээр задгай дуулаад сурчихсан, 40 малчин хүүхдэд сарын хугацаанд 30 дуу найруулж заана гэдэг амаргүй даваа. “Алсад суугаа ээж”-ийг дуулдаг Уудам хүүгийн хоолойг тэр үед найруулж өгч байлаа. Тэр бүлгэмийн “Таван тансаг” хамтлаг өдгөө БНХАУ-ын бүх мужид аялан тоглодог, алдартай болсон.

Хүн төрөлхтний сонгодог бүжгийн сан хөмрөгт олон зуун бүжгэн жүжиг байдаг ч балетийн урлагт амьдралаа зориулсан бүхий л бүжигчин хун болохыг л хамгийн ихээр мөрөөддөг гэдэг. Үүнийг П.И.Чайковскийн зохиолын сэтгэлийн хурц хөдөлгөөн, өгүүлшгүй тансаг аялгуутай холбон тайлбарладаг. Хэцүү, нарийн нягт техник, сэтгэлийн хурц хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ балетийг урлагт төгс төгөлдөр эмэгтэй хүний бэлгэ тэмдэг бий болгох зорилготой бүтээсэн гэдэг юм билээ. Тэгвэл дотооддоо боловсрол эзэмшсэн анхны “монгол хун” бол Чойжилсүрэнгийн Ганчимэг. “Дэлхийд нэр нь гарсан манай театрын примабалерина. Энэ зууны шилдэг бүжгэн жүжигчдийн нэг” хэмээн балетмейстр асан Жамъяндагва түүнийг дүгнэсэн нь бий.

1.-Яг манай ангид байгаагүй ч сургуульд ижил нэртэй хүүхдүүд байсан. Би багадаа жижигхэн биетэй, булчин томтой байсан болохоор ангийнхан Булчин баатар гэж хочилно. Уг нь надад өөр нэр ногдох ёстой байсан юм билээ. Манай аавын дүү гадаадад сурдаг байж. Тэгээд эмэгтэй хүүхэд төрвөл би нэрийг нь өгнө гэж аавд хэлсэн гэсэн. Тэр үед харилцаа холбоо тааруу хөгжсөн болохоор миний нэрийг ахаас захидлаар хүлээжээ. Гэтэл бичиг баримт авах шаардлагатай болж, өвөө Ганчимэг гэж нэр өгсөн гэдэг.

2.-Хийх гэснээ шантралгүй хийж, бүгдийг болгочих юмсан гэж зүтгэдэг шаргуу гэж өөрийгөө боддог. Бас юун түрүүнд нулимс урсгачих гээд байдаг юм. Бухимдаад, таагүй зүйл тохиолдвол дуугаа хураадаг. Бусдыг өөртөө хүргэхгүй хүрээ бий болгодог гэх үү дээ. Тэгээд миний зөв үү, буруу юу гэж олон талаас нь тунгаадаг.

3.-Балетчин болсон нь миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Хэрвээ би балетчин болоогүй бол юу хийх байсан бол гэж бодохоор төсөөлөгддөггүй. Намайг бага байхад техник технологи хөгжөөгүй, аливаа зүйлийн тухай мэдээлэл хомс байлаа. Миний үеийн бүжигчдийн олонх нь балетийн тухай мэдэхгүй аав, ээжээрээ хөтлүүлж ирсэн. Балетчид туранхай байх ёстой гэдэг дээ. Тэгтэл энэ нь эцэг эхчүүдэд эвгүй харагддаг юм билээ. Ээж, аав намайг “Тураад ямар муухай юм бэ” гэхээр “Хэн та нарыг намайг балетчин болго гэсэн юм” гэж цаашлуулдаг.

4.-Энэ ертөнцөд ойлгомжгүй үйлдэл хийдэг, сонин ааш аягтай хүмүүс байх юм. Зарим хүний үйлдэл, шийдвэрийг хараад яагаад хүнээс ийм авир гардаг юм бол гэж гайхдаг. Тухайлбал, есөн сар тээсэн мах цусныхаа тасархайг огт хамааралгүй юм шиг яаж хаяж чаддаг байна аа. Сайн талаас нь бодвол, хүний толгойноос яаж ийм гайхамшигтай санаа төрдөг байна гэж суут бүтээлүүдийг биширдэг.

5.-Миний нас дөнгөж 30 гарч байна. Хүүхдүүдтэй харьцуулахад ихийг туулсан мэт боловч амьдралаа үнэлж цэгнэх арай болоогүй болов уу. 50, 60 нас хүртэл юу өөрчлөгдөх, би юу хийхээс шалтгаална. Урлаг гэдэг харгис. Балетчдийн карьер богино настай. Би байхгүй тохиолдолд дараачийн шинэ үе гараад л ирнэ. Юм хөгжихийн хэрээр хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөнө. Балетийн техникүүд өөрчлөгдөж, үзэгчдийн нүдэнд юу сайхан харагдах вэ гэдгийг мэдэхгүй. Тэр балетчин энэ хөдөлгөөнөө тэгж хийдэг, ингэж бүжиглэдэг байсан гэж хүмүүс дурсаж л байвал тэр миний гавьяа.

6.-Зарим хүний бухимдахааргүй зүйл дээр өөр нэг нь уурлаад байдаг. Ер нь бухимдлаа гээд аливаа асуудал шийдэгдэхг үй болохоор өөрийгөө зовоолгүй тайвнаар хүлээж авах хэрэгтэй санагддаг. Гудамжинд самрынхаа ясыг хаяхаас эхлээд хүмүүсийн шальдар бульдар бүдүүлэг алдаа бухимдуулдаг.

7.-Хүмүүсийн чин сэтгэлээсээ урам хайрлаж, магтаж байгаа нь мэдэгддэг шүү дээ. Хэдэн жилийн өмнө “Жизель”- д тоглосны дараа нэг үзэгч “Үнэхээр гоё байлаа. Би олон газар Жизель үзсэн. Өнөөдрийнх шиг сайхныг үзэж байгаагүй” гэж хэлсэн. Тэр үед баярлахаасаа илүү дараагийн тоглолтдоо ийм хэмжээнд бүжиглэж чадах болов уу гэж өөртөө эргэлзэж, айдас төрөх шиг болсон.

8.-Дээхнэ үед балетчдийн хувийн амьдрал хаягдах талтай байлаа. Цаг үе өөрчлөгдөөд одоо хүмүүс ажлаа сайн хийхийн хажуугаар хувийн амьдралаа зохицуулдаг болжээ. Надад лав золиос байхгүй. Харин ч мэргэжил минь миний шагнал.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД