ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ МАХ НИЙЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ ИРЭВ

2014 оны 10 сарын 13

  “Танай малын мах эрүүл, аюулгүй байдлын чанарын шаардлага хангавал нийлүүлж чадах хэмжээгээр импортын зөвшөөрөл, квот олгоход бэлэн” гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийг өнгөрсөн долоо хоногт Москва хотод ажлын айлчлал хийх үеэр хэлжээ. Ийнхүү хойд хөрш Монголоос мах авах ихээхэн сонирхолтой байгаагаа бүрэн дүүрэн илэрхийлсээр байна. Оросууд нэгдүгээрт эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангасан, хоёрдугаарт бодын мах авах сонирхолтой байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал “Монгол Улс 61 сая малтай болсон. Үүнийхээ 10 саяыг хүнсэндээ хэрэглээд таван саяыг экспортлох боломжтой. Таван сая малын дийлэнх нь хонь, ямаа буюу бог. Мах нь 100 мянган тонн болно гэж таамаглаж байгаа” хэмээн саяхан ярьсан юм. Тэгэхээр манай талын богийн мах нийлүүлэх сонирхол хойд хөршийнхний бод авах эрэлттэй зөрж буй хэрэг.

Оросууд баруун Сибирийн бүстээ Монголын махыг худалдаална гэж ярьж байна. Ер нь тэд богийн махыг сонирхдоггүй онцлогтой. Энэ нь шашин шүтлэг, амьдралын хэвшилтэй нь холбоотой гэдэг. Харин Төв Азийн исламын шашинтнууд богийн махыг хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэдэг. Тэдэнд өвөрмонголчууд богийн мах нийлүүлдэг юм. ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим ажил хэрэгч санал гарч байна. Богийн махаараа хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд оросуудад нийлүүлэх хэрэгтэй гэж үзэх хүн ч таарав. Манай үйлдвэрүүд жилд 3000 тонн хиам болон нөөшилсөн бүтээгдэхүүн экспортлох боломжтой санж. Тэгэхээр экспортлох боломжтой богийн махныхаа 4-5 хувийг л боловсруулна гэсэн үг. ОХУ руу мах экспортолж, валют олохын тулд үхэр, адууныхаа тоо толгойг өсгөх шаардлага буй бололтой. Шинэ зах зээл үүдээ нээснээр мал нядлах, мах боловсруулах үйлдвэр хөгжүүлэх хөшүүрэг болохыг дурдах нь зүйтэй болов уу. Оросууд манай саналыг хүлээн зөвшөөрч, богийн мах авах эсэх нь одоогоор тодорхойгүй л байна. Үйлдвэр үүд эрүүл ахуй, аюулгүй байдлын чанарын шаардлага хангасан хэдэн тонн мах бэлтгэж, нийл үүлэх нь мөн л бүрхэг. Саяын ажлын айлчлалаар Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг ”С”-гээс “В” ангилалд оруулах, экспортлох аж ахуйн нэгжийн жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг мэдээллийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тогтсон байна.

Манай үйлдвэрүүдийн эрхийг цуцалснаар сүүлийн хоёр жилд хойд хөрш рүү мах экспортлоогүй. Тэдний талаас манай улсын зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээж, хоёрт нь зөвшөөрөл олгох асуудлыг ойрын үед Гаалийн холбоонд багтаж буй Казахстан, Беларусьтай зөвшилцөн хариу илгээхээ мэдэгджээ. Харин тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин хянаж баталгаажуулах гэнэ. Гаалийн холбооны улсын мэргэжилтнүүд манай мах бэлтгэлийн үйлдвэрүүдтэй танилцаад буцсаныг бид өмнө нь мэдээлсэн. Үйлдвэрийн удирдлагууд ОХУ руу мах экспортлоод ашиг олно гэж үнэндээ итгэхгүй байгаа аж. Нэгэн үйлдвэрийн гүйцэтгэх захирал “Үйлдвэр үүд намар мал нядалж махаа бэлтгэдэг. Манайх чамгүй хэмжээний мах бэлтгэсэн. Оросууд авна гээд хүлээж суулгүй борлуулна. Гэрээ байгуулах гэх мэт бичиг цаасны ажил нь сунжирсаар энэ жил мах нийлүүлж чадахгүй л болов уу. Дараа жилээс чухам яадаг юм” гэж ярив. Түүний зөв ч байж мэднэ. Гэхдээ “галт тэрэг” нэгэнт хөдөлчихлөө.

Монголын малыг эрүүлжүүлэх ОХУ-ын хөтөлбөрийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээ зарласан. Түүхий эдийн баазаа сайжруулах бодлогоор хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь эргэлзээгүй. Тиймээс ч тус улсын Хөдөө аж ахуйн сайд Улаанбаатарт шинээр байгуулах Оросын худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулахаа дуулгасан байна. Манайхан Мал эрүүлжүүлэх хөт өлбөрийн үйл ажиллагааны хамрах хүрээг нь тодорхойлох Оросын талын экспертийн багтай ирэх сараас хамтран ажиллаж, 2015 оноос хэрэгжүүлэхээр тогтжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт суралцуулах, тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийхээр талууд эхний ээлжинд тохиролцсон аж.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржийн ажлын айлчлалын үеэр махны экспортын татварын талаар хөндөн ярилцжээ. ОХУ нь мах, махан бүтээгдэхүүнийг хилээр оруулахдаа 30-40 хувийн татвар авдаг. Хэрвээ энэ татвар хэвээр мөрдвөл хойд хөршид мах нийлүүлэх боломжг үй. Учир нь өндөр татвартай тул манай махыг дотоодын зах зээлийнхээс ч бага үнээр худалдан авах санал өгнө. ОХУ-ын компаниуд манайхаас адууны кг махыг 5000, үхрийнхийг 6000 мянган төгрөгөөр худалдаж авах санал ирүүлчихээд байгаа нь үүний тод жишээ юм. Тиймээс хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүний татварыг тэглэх саналыг манай талаас гаргажээ. Улмаар Монголоос ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг тэглэх боломжийг судлах хамтарсан Ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийхээр тогтсон байна. Мөн Ш.Түвдэндорж сайд ОХУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн албаны дарга А.С.Данкверттай уулзаж, махны экспортын хорио цээрийн нөхц өлийг хөнгөвчлөхийг санал болгожээ.

Манай улсын зүүн бүсэд малын гоц халдварт шүлхий өвчин үе үе дэгддэг. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын хил орчмын нутгийг эс тооцвол төв болон баруун бүсэд энэ өвчин гараагүй байгаа. Тиймээс манай улс төвийн болон баруун бүс нутгаа малын гоц халдварт өвчингүй “эрүүл бүс” гэж зарлуулахаар сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Гэвч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Урд, хойд хөрш маань өдгөө хүртэл Монголыг “аюултай” гэсэн ангилалд багтаасаар байна. БНХАУ манайхаас мах, махан бүтээгдэхүүн импортолдоггүй бол ОХУ хорио цээрийн өндөр шалгуур тавьсаар байгаа. Тэд манайхаас мах авахыг хүсэж байгаа бол төвийн болон баруун бүс нутгийг “эрүүл”-д тооцон, хорио цээрийн шалгуураа хөнгөвчлөх нь зайлшгүй. Юутай ч мах нийлүүлэх нь мадаггүй болжээ.

 

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.159 orosuud matriin mah abaad bhad manai bogiin mahiig abahgui yah ym be ain matar hebleer ybagchiin mahnaas manai mah dutah uu ain