Хүлэмжийн хийний хөшгийг хуу татна

2014 оны 10 сарын 13

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “888” төсөл болоод арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес ХасБанкны дэмжлэгээр хэрхэн амжилттай хэрэгжиж байгаа талаар өмнөх дугаарууддаа хүргэсэн билээ. Харин энэ удаад хүн амын эрүүл мэнд, орших уу, эс орших уу зааг дээр хүргэх аюул үүсгээд байгаа Хүлэмжийн хийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд олгож буй хөнгөлттэй зээлийн талаар  сурвалжилснаа уншигч танд хүргэж байна. 

Монгол Улс дөрөв биш хоёр улиралтай болох нь гэх яриа сүүлийн үед амнаас ам дамжин яригдах болжээ. Энэ нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой хэмээн мэргэжлийнхэн тайлбарладаг. Монгол орон газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий. Түүнчлэн нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг манай улсад агаарын бохирдол болоод хүлэмжийн хий ихээр бий болж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. 

Ганц Монголын төдийгүй дэлхий нийтийн шүдний өвчин болоод буй уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий. Дэлхий нийтийг хөшиг мэт бүрхэн хучих болсон хүлэмжийн хийг бууруулахын тулд улс орнууд төрийн бодлогынхоо анхаарлын төвд энэхүү асуудлыг авч үзэх болсон билээ. Ямартаа л Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр хэлсэн үгэндээ хүлэмжийн хийн талаар тодотгож, цаг хугацаа давчуу байгааг сануулсан. 

Манай улсын хувьд түлшний хэмнэлттэй  зуух, шахмал түлш гэхчлэн хүлэмжийн хийг бууруулах олон төсөл хөтөлбөр хэрэжүүлж буй. Энэ чиглэлээр ХасБанк 2009 оноос хөтөлбөр хэрэгжүүлэн, хөнгөлттэй зээл олгож эхэлжээ. Монголдоо ганц эко банк гэгддэг ХасБанк эхэндээ түлшний хэмнэлттэй зуухны хэрэглээг дэмжиж, хэрэглэгчдэд зээл олгож эхэлсэн байна. Улмаар 2012 оны арванхоёрдугаар сараас хүлэмжийн хийг бууруулах, дулааныг хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бизнес эрхлэгчдийг  дэмжих зорилгоор Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд шатах түлшний хэрэглээг бууруулах зорилго агуулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гол зорилго баримталжээ. Тодруулбал, 5 хүртэлх жилийн хугацаатай, ам.долларын 0.96, төгрөгийн 1.6 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд дор хаяж 20 хувиар эрчим хүчний хэмнэлт, эсвэл Хүлэмжийн хийн бууралтыг бий болгох техник технологи, тоног төхөөрөмж импортлогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байхад л хангалттай. Энгийн үгээр хэлбэл, вакум цонх, дулаалгын материал, нарны зайн систем үйлдвэрлэгч, эсвэл импортлогч байсан ч зээлд хамрагдана.

Мөн эрчим хүчний хэмнэлттэй болон Канад технологиор байшин барилга барьж буй үйлдвэрлэгчдэд ч ХасБанкны үүд хаалга нээлттэй гэсэн үг. Цаашлаад тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсруулсан болон цэвэр түлш үйлдвэрлэгч, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэгчид гэхчлэн байгаль, экологид ээлтэй төдийгүй эрчим хүчний хэмнэлтийг бий болгох санал санаачилга бүр дээрх зээлд хамрагдах бүрэн боломжтой юм. 

ХасБанкны дээрх хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан харилцагчдын дийлэнх нь дээрх шаардлагыг хангасан барилгын салбарынхан аж. Тэдний төлөөлөл болгож “Ногоон газар” ХХК-ийн захирал Х.Мөнхтөртэй холбогдсон юм. Тэрбээр “Манай компани дотооддоо жилдээ 100.000м2 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий полистролон хавтан, блок үйлдвэрлэл явуулдаг. Дулаан алдалдахгүй, дуу чимээ тусгаарлагч гэдгээрээ Монголдоо анхдагч гэж тодотгож болно. Полистролон бетонон хавтан нь дэлхийн стандартын ISO9001, ISO14001 чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм” хэмээлээ. Полистролон бетон гэдэг нь цементийг хөөсөнцөртэй хольж хэвлэж гаргасан бетоныг хэлдэг аж. Зах зээл дээрх бетонон хавтангуудтай ижил үнэтэй ч, давуу чанар олонтойг хэрэглэгчид нь ч андахаа больжээ. Тиймдээ ч захиалагчдынх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг онцолж байсан юм. Дээрх полистрол бетон блок, Полистрол бетон хавтан, гадна дулаалгын хөөсөнцөр хавтангаар хийгдсэн тул дулаан алдана гэх асуудалгүй. Дээр нь дуу чимээ тусгаарлаж буйгаар нь онцлон тэмдэглэж болно. Энэ мэт олон үйлдвэр ХасБанкны хөнгөлттэй зээлд хамрагдсаны дотор түлшний хэмнэлттэй усан халаалтын зуух нэвтрүүлэгчид болон хэрэглэгчид цаашлаад эрчим хүчийг хэмнэж, хүлэмжийн хийг буруулах шалгуур үзүүлэлтийг зэрэг хангадаг цэвэр түлш үйлдвэрлэгчид ч байлаа. 

  Шатах түлшний хэрэглээ өндөртэй манай улсад сэргээгдэх эрчим хүч нэн чухал. Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн орон. Гэвч сэргээгдэх эрчим хүч дөнгөж 5 хувийг эзэлж байгаа нь дэндүү чамлалттай үзүүлэлт. Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн дийлэнх хувийг эрчим хүчний салбар гаргадаг гэж үздэг. Иймд гаднаас хөрөнгө оруулалт татаж, байгаль экологид төдийгүй хүн амын эрүүл мэндэд тустай хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлагыг ХасБанк эхлүүлж улмаар 2012 онд Германы “Deutsche Bank-ны Global Climate Partnership Fund” сантай хамтран Хүлэмжийн хийг бууруулах зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Ингээд хүлэмжийн хийг бууруулах, дулааны хэмнэлтийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2012 оны арванхоёрдугаар сараас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр төгрөг болон ам.доллараар зээл олгож эхэлсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Дээрх болзлыг хангаж буй хэнбугай нь ч ХасБанкинд хандаж, хөтөлбөрт хамрагдан хөнгөлттэй зээл авах боломжтойг тодотгоё. 

Хэрэв бид дэлхийн дулаарлыг зогсоож, эх дэлхийгээ аварч чадахгүй бол удахгүй өөр гараг руу нүүхээс аргагүй гэх яриа бий. Тиймдээ ч хүлэмжийн хийг бууруулах их үйлсэд ХасБанк нэгдэн, хэрэглэгчид болоод үйлдвэрлэгчид, импортлогчид руугаа чиглэсэн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаа нь энэ. Байгаль орчныг хамгаалах, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдуулан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түлшний боловсруулалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч буй нь сайшаалтай. 

Хамгийн гол нь гэр хорооллын дундах сургууль, цэцэрлэг, орон сууцнууд түлш ихээр хэрэглэдэг усан халаалтын зуухаа сольж, зээлд хамрагдах байдал ихэссэн байна. 2009 оноос хойш хэрэгжүүлсэн агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөтөлбөрүүдийн хүрээнд 384 мянган тонн хүлэмжийн хийг бууруулжээ. Өөрөөр хэлбэл, 104 мянган тонн нүүрс шатаж, хүлэмжийн хийг нэмэгдүүлэхээс сэргийлж чадсан гэсэн үг. Энэ нь Улаанбаатарын утааг бууруулах чиглэлд ч тэдний оруулсан хувь нэмэр гэж хэлж болно. ХасБанк хүлэмжийн хийг бууруулсны нөхөн төлбөр авч байсан туршлагатайгэдгээрээ салбартаа манлайлагч. Түүнчлэн дээрх нэн чухал үүргийг тус банк зорилгоо болгон ажилладаг нь манай нийтлэлийн утга санаанд нийцэж байсныг нуух юун. ХасБанк нь 2009 оноос эхлэн байгаль орчинд ээлтэй олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болжээ. Улмаар энэ хүрээнд НҮБ-ын Цэвэр хөгжлийн механизмд бүртгүүлж хүлэмжийн хийг тодорхой түвшинд бууруулах, бууруулсан тоон үзүүлэлтэд үндэслэн хүлэмжийн хийг бууруулсан төлбөр хүлээн авах аргачлалыг боловсруулж, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь анхаарал татсан юм. 

Иймээс энэ хүрээнд “Хас банк”-ны Эко Банкны хэлтсийн захирал Г.Туулаас зарим зүйлийг тодрууллаа.

  -Дэлхий нийтийн хувьд хурцадмал асуудал болоод байгаа хүлэмжийн хийг бууруулах зээлийн төсөлд ХасБанк оролцох болсон тухай тодруулахгүй юу?

-Манай банк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэм зорилгоо болгосон санхүүгийн байгууллага юм. Манай банк Эко банкны хэлтсийг үүсгэн байгуулсан нь Монголын банкуудаас анхдагч гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Өнөө цагт дэлхий нийтээрээ эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ, хүлэмжийн хийн хэт их ялгаруулалт, түүний үр дагавар болох дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхийн дулаарал нь манай орны хувьд ч гэсэн сөрөг нөлөө авчрах аюултай учир манай банкны зүгээс Германы “Deutsche Bank-ны Global Climate Partnership Fund” сантай хамтран Хүлэмжийн хийг бууруулах зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. 

-Хөтөлбөрийн шалгуур нь 20 хүртэл хувиар эрчим хүчний хэмнэлтийг бууруулах, мөн хүлэмжийн хийг тэр хэрээр багасгах ёстой. Энэ үзүүлэлтийн хэмжилтийг хаана хийдэг вэ?

-Ихэнхдээ барилгын салбарынхан энэ шалгуурыг маш сайн хангадаг. Тухайлбал вакум цонх, сайжруулсан түлш, дулааны хэмнэлттэй барилгын материал үйлдвэрлэдэг компаниудын хувьд ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр бүтээгдэхүүндээ хэмжилт хийлгэж, лабораторийн дүгнэлт гаргуулдаг.  Эрчим хүчний хэмнэлттэй зуух үйлдвэрлэгчид, борлуулагчдын хувьд Дэлхийн банкны харьяа зуухны лабораторит шинжилгээ хийлгэх боломжтой. 

-Таны бодлоор энэ зээл ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэж өгөх бол. Мөн зээлд хамрагдсанаар зээлдэгч нарт ямар ашигтай талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, байгальд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжсэнээр дэлхийн дулаарлыг сааруулахад хувь нэмрээ оруулна. Хоёрдугаарт, Монголын бизнес эрхлэгч нарт санхүүгийн асуудлыг нь дарамт багатайгаар шийдэн өгч байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнесийн хувьд зээлийн хүүгийн дарамт, богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх шаардлага, барьцаа хөрөнгө гэх мэт дарамт их байдаг нь энэхүү зээлд хамрагдсанаар багасах болно. 

-Уг зээлийн төсөлд ямар байгууллагууд хамрагдаж болох вэ?

-Энэхүү төслийн зээлийг эрчим хүчний хэмнэлт гаргаж, дулаан алдагдлыг бууруулж байгаа аж ахуйн нэгж, иргэд авах боломжтой, Эдгээрт вакум цонх үйлдвэрлэгч, сайжруулсан түлш үйлдвэрлэгч болон борлуулагч, дулааны хэмнэлттэй барилгын материал үйлдвэрлэгч болон борлуулагч нар, эрчим хүчний хэмнэлт болон дулааны алдагдал багатай орон сууц эсвэл оффис барих гэж байгаа хэрэглэгч болон бизнес эрхлэгчид, эрчим хүчний хэмнэлттэй зуух үйлдвэрлэгч нар, усан халаалтын зуух буюу уурын зуух шинэчлэх төсөл хэрэгжүүлэгч нар гэх мэт ямарваа эрчим хүчний хэмнэлтийг бий болгох бизнес болон иргэд багтана.  Метан хий нь мөн хүлэмжийн хийг үүсгэдэг, уул уурхайн олборлолтын компаниуд олборлолт хийх явцдаа метан хийг агаар мандалд ихээр алдаж байгаа бөгөөд уг хийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах  технологи нэвтрүүлж буй уул уурхайн компаниуд хамрагдаж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай бүх салбар тооцооны төвүүд, ХасБанкны лавлах утас болох 1800-1888 авч болно. 

-Уламжлал ёсоороо уг зээлд хамрагдах байгууллагууд нь Улсын батлан даалтын санд хамрагдаж болох уу гэж лавламаар байна?

-Тиймээ, боломжтой байгаа.  Нэг сумаар хоёр туулай буудна гэгчээр хүлэмжийн хийг бууруулах төсөл амжилттай хэрэгжвэл агаарын бохирдол арилж, амьсгалах агаар цэвэршинэ гэсэн үг. Иймд энэ чиглэлээр шинэ санал санаачилга өвөртөлж буй эрхмүүд ХасБанкинд хандаж болох нь.  Бид дараагийн дугаартаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор ХасБанкаас хэрэгжүүлж буй бусад зээлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар хүргэж, бизнес эрхлэгч та бүхэнд бага ч болтугай нэмэр болох болно. 

Л.Нинж

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД