Ч.БОЛДБААТАРЫГ Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад дэвшүүлэв

2014 оны 10 сарын 13

Анх удаагаа зохион байгуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалт өнгөрсөн баасан гаригт дуусаж, 80 оноо авсан Чойжанцангийн Болдбаатарыг нэр дэвшүүлсэн тогтоол гарлаа. Тогтоолыг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өнөөдөр хүргүүлэх юм. Хотын цагдаагийн газрын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн, хотын захирагч томилно гэж Цагдаагийн байгууллагын шинэчилсэн хуульд заасны дагуу тушаал гарснаар Ч.Болдбаатар албан үүргээ хүлээж авна. Сонгон шалгаруулалтад оролцсон Д.Цэрэндорж 60 оноо авчээ. 60-аас дээш оноо авсан Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж хоёрыг удирдах ажилтны нөөцөд бүртгэсэн байна.

Анх удаа иргэдийн оролцоотой, нийслэлийн Иргэний зөвлөлийн хяналтдор болсноороо онцлог энэхүү сонгон шалгаруулалтад өрсөлдсөн Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж хоёр аюулгүй Улаанбаатарын төлөө хэрхэн ажиллах талаар мөрийн хөтөлбөр боловсруулж, хууль эрхзүй, ерөнхий мэдлэгийн шалгалт өгч, зурагтаар халз мэтгэлцсэн. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад нэр нь дэвшсэн Ч.Болдбаатар нь Төв аймгийн Зуунмод хотод 1972 онд төрсөн. 42 настай. 1989-1993 онд Цагдаагийн дээд сургууль, 2004-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи төгссөн. Эрхзүйч, төрийн болоод орон нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 1993- 1996 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1996-2001онд Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2001-2003 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дэд дарга, 2003-2004 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2004 -2009 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дарга, 2010-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дэд, нэгдүгээр хэлтсийн дарга, 2012 оны есдүгээр сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Дэмжлэг үзүүлэх газрын даргаар томилогджээ.

Одоогийн байдлаар Цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар нь цагдаагийн байгууллагад 21 жил ажиллаж байгаа аж. Түүний аав Ж.Чойжанцан Улсын ерөнхий прокурорын орлогч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан манай шилдэг хуульчдын нэг юм.

 

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.179 Аа яа яа Боогий маань шалгарчээ. Ажил мэргэжилдээ сайн шүү уул нь. Нийслэлд гарах гэмт хэрэг улам багасах байх гэж олон хүн найдаж байгаа шүү андаа. Сайн ажиллаарай. Амжилт хүсье.