ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭС, ХУШ, ХАР БОЛОН УЛААЛЗГАНЫ МОД ТАРИВ

2014 оны 10 сарын 13

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш Мод тарих үндэсний өдөр өнгөрсөн бямба гаригт ес дэх удаагаа боллоо. Энэ хугацаанд долоон сая гаруй мод тарьжээ. Эл өдөр жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт болдог уламжлалтай. Цаг агаар тааламжтай байгаагүй ч нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөсөн юм. Тухайлбал, баруун дөрвөн замд байрлах “Хайрын төгөл”-д Монголын оюутны холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын зарим гишүүн мод тарив. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гаригт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Улаанбаатар мод” ХХК-ийн Модлог ургамлын цэцэрлэгт мод тарьж, үйл ажиллагаатай нь танилцав.

Тэрбээр “Мод тариад орхих нэг хэрэг. Тарьсан модоо ургуулах нь чухал. Ер нь мод тарих, хүүхэд арчлах хоёр ижил. Байнга арчилж тордож, живхийг нь сольж байх учиртай. Монголын үрс маш олон болтугай гэдэг шиг Монголын ногоон мод улам олон болтугай гэж ерөөмөөр байна. Нэг хүн амьдралынхаа турш маш их ус, хүчилтөрөгч хэрэглэдэг. Тэгвэл нэг мод 10 хүний хэрэгцээтэй тэнцэхүйц хэмжээний хүчилтөрөгчийг байгальд нийлүүлдэг гайхамшигтай. Нэг мод 500 наслахдаа хэчнээн хүний байгальд учруулсан хохирлыг эргүүлэн нөхөх вэ гэдгийг бодох ёстой. Зуун үр зуун мод, мянган үр мянган мод болж нэмэгдэнэ. Үрээр үрслүүлж тарьсан модны амьдрах чадвар өндөр байдаг. 90 хувь нь амьдардаг гэсэн судалгаа ч бий. Улаанбаатар хот, аймаг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай, хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэхтэй холбоотой зарлиг гаргасан. Үр дүн сайн байгаа. Цэцэрлэгт хүрээлэнг уралдаж байгуулдаг болсон байна. Мөн байгууллага, иргэд ойр орчиндоо модтой, ногоон байгууламжтай байхыг хичээдэг болжээ. Хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцдэг аж ахуйн нэгж, иргэний байгууллагууд гартаа барих шийдвэртэй болсондоо баярлаж байгаа. Зарлигийн хэрэгжилт бага зэрэг тааруу ч ард иргэд, аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллавал үр дүн гарна. Цаг агаарын дулааралтай холбоотой нийтлэг шийдвэрүүд  2009-2013 онд тарьсан мод бий. Телевиз, сонинууд экологийн “ногоон булан” хөтөлж, түүнийг хариуцсан, экологи, байгаль орчны хойноос хөөцөлддөг зүрх сэтгэлтэй сэтгүүлчидтэй болсонд баяртай байна” гэв.

ҮРЭЭР ТАРЬСАН МОД ЕРДИЙН ТАРЬЦААС ГУРАВ ДАХИН ТҮРГЭН УРГАДАГ

“Улаанбаатар мод” компани 2011 оноос мод үржүүлж, уул уурхайг нөхөн сэргээж, ойжуулах ажил эрхэлж буй. Тус компанийнхан ойгоос ургаа мод сугалж өөр газарт шилжүүлэн суулгах бус модыг үр, мөчрөөр нь үрслүүлж ургуулдаг юм байна. Үрээр тарьсан мод ердийн тарьцаас гурав дахин түргэн ургадаг аж. Учир нь хүйтэнд тэсвэртэй, дасан зохицох чадвар сайн, эрт боловсорч жимс, самар өгөх, нүүрстөрөгчийн шингээлт сайтай зэрэг онцлогтой. Эднийх үрсэлгээний тав, бойжуулалтын нэг хүлэмжтэй юм билээ. Бойжуулалтын хүлэмжид навчит болон шилмүүст 10- аад төрлийн мод, сөөгийг үр, мөчрөөр нь бортгонд ургуулж байна. Одоогийн байдлаар 80 гаруй мянган суулгац байгаа гэнэ. Бортгонд ургуулсан суулгацыг хавар, намар, зуны аль ч улиралд шилжүүлэн суулгах боломжтой. Ингэхдээ нэг га-д 2500 ширхэгийг тарьдаг аж.

НЭГ АЯГА МОЙЛНЫ ЯСААР МОНОСНЫ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Самрын нэг боргоцойноос 30- 40 үр авдаг. Нэг боргоцой 30-40 хуш мод болж үржих боломжтой аж. Дендрологич Б.Чимид нэг шилэн аяга мойлны ясаар моносны цэцэрлэг байгуулж болно гэдгийг тайлбарлав. Үрийг суулгац болтол нь өсгөөд 2-3 настайд нь шилж үүлэн суулгадаг аж. Энэ хооронд суулгацын бортого буюу өлгийг хэд дахин сольж, томруулан ургах нөхцөлийг нь хангадаг байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАРЬСАН МОДДЫГ 4-15 ЖИЛ БОЙЖУУЛЖЭЭ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 20 гаруй мянган мод тарьснаас, Мод тарих үндэсний өдрийн хүрээнд 40 гаруй мод суулгажээ. Харин энэ удаа шинэс, хуш, хар мод, улаалзганы мод тарьсан. Тэрбээр “Алив хүрз ээ, үүнийг тарьчихъя. Угаасаа л суулгана биз дээ.” гээд их л нямбай ажиллаж харагдсан. Суулгацаа шууд суулгахгүй эхлээд хар шорооноосоо хоёр, гурван хүрзийг нүх рүү хийсний дараа суулгацаа хийж байв. Харин түүний тарьсан модыг 4-15 жил бойжуулсан аж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд энэ өдөр Модлог ургамлын цэцэрлэгт мод тарьсан юм.


 

Д.БАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД