ШАРАПОВА ЧАНСААГААРАА СЕРЕНАГИЙН АРД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

2014 оны 10 сарын 10

Талбайн теннисний WTA-гийн Ази дахь хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “China Open” БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрсөн сарын 27-оос энэ сарын 6-ны хооронд болж, аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд дэлхийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор бичигддэг Швейцарийн Рожер Федерер, Станислас Вавринка, Испанийн Дэвид Феррер болон энэ жил тун өнгөтэй байгаа Японы Кей Нишикори нар өнжсөн ч гэлээ бэртлийн улмаас өнгөрсөн долдугаар сараас хойшхи нэг ч тэмцээнд оролцож чадалгүй өнжөөд байсан Испанийн Рафаэль Надаль оролцсон нь энэ тэмцээний хамгийн том гэнэтийн бэлэг байв. Тэмцээний үеэр Новак Жокович, Рафаэль Надаль хоёрын өрсөлөөнийг харалгүй чамгүй удсан хөгжөөн дэмжигчдийн дунд хэн нь аваргалах бол гэсэн оньсого мэт асуулт амнаас ам дамжин хөвөрч байлаа.

Уг асуултад чансааг тэргүүлэгч Сербийн Новак Жокович цэг тавьж, тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Томаш Бердыхтэй аваргын төлөө хүч үзэцгээв. Аваргын төлөөх тоглолт гэхэд өрсөлдөөн багатай болсон тус тоглолт Жоковичийн илт давамгайлал дор эхэлж эхний сет 6:0-ээр өндөрлөв. Эхний сетэд өрсөлдөгчөөсөө ганц ч оноо салгаж чадалгүй хожигдсонд урам нь хугарсан хөгжөөн дэмжигчид дараагийн сетэд Бердыхээс арай өөр тоглолт, эн тэнцүү өрсөлдөөнийг хүлээж байсан ч гэлээ Серби залуу түүнд тийм боломж олгосонгүй. Урагш давшсан тоглолт, хурдтай довтолгоогоор илүүрхэн оноо түүсээр удаах сетэд 6:2-оор хожиж “China open”-д тав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр шөвгийн 16-д Канадын Вашек Поспишилыг 6:3, 7:5-аар, дунд шөвөгт Болгарийн Григор Димитровыг 6:2, 6:4-өөр, хагас шигшээд Их Британийн Энди Муррейг 6:3, 6:4-өөр хожиж аваргалах замаа зассан юм. Харин дэд аварга Томаш Бердых Сербийн Виктор Троицкийг 6:3, 6:4-өөр, АНУ-ын Жон Изнерийг 6:1, 6:4-өөр, Словакын Мартин Клижанг 6:4, 6:1-ээр тус тус хожиж аваргын төлөө өрсөлдөх эрхээ өвөрлөжээ.

Уг тэмцээнд бэртлээс эргэн ирж оролцон хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан “Их дуулга”-ын тэмцээний 14 түрүүт Испанийн алдарт теннисчин Рафаэль Надаль шөвгийн наймд Словакын Мартин Клижантай тун хүндхэн тоглолт хийсний эцэст 9:7, 6:4, 6:3-аар дийлдэж үзэгчийн суудалд шилжсэн юм. Харин эрэгтэйчүүдийн хосын төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч “Их дуулга”-ын 16 түрүүт АНУын алдарт ах дүү Брайанууд өрсөлдөлгүй өнжсөн нь тэдэнд дарагдсан теннисчдэд өөрийгөө хэн бэ гэдгийг батлан харуулах боломжийг олгосон юм. Хос теннисчдийн хүчтэй өрсөлдөөн дундаас Нидерландын Жан Жюльен Ройер, Румыны Хория Текэу нар Францын Жюльен Беннето, Канадын Вашек Ошпишил нартай хожигдол гээчийг амсалгүйгээр торойн үлдэж, аваргын төлөө хүч үзэцгээв. Гурван үеийн турш тун өрсөлдөөнтэй болсон тус тоглолтод Хория Текэу тэргүүтэй хосууд 6:8,7:5,10:5-ын харьцаатай өрсөлдөгчөө хожлоо. Тэд шөвгийн 16-д аваргын төлөө хамгийн хүчтэй өрсөлдөх болов уу хэмээн шинжээчдийн таамаглаж байсан хос болох Сербийн Новак Жокович, Филип Крайинович нараар даваагаа ахиулж,хагас финальд Италийн Фабио Фоньини, Аргентины Леонардо Майер нарыг 6:4, 6:4-өөр буулган авчээ.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд нэгэн үе дэлхийн чансааны эхний аравт багтддаг байсан Белорусын Виктория Азаренкагаас бусад өнгөрсөн жилийн аварга Серена Уильямс, Румыны Симона Халеп тэргүүтэй бүх шилдгүүд өрсөлдсөн нь уг тэмцээний нэр хүнд, чансааг илтгэж байлаа. Дэлхийн шилдгүүдийн гал гарсан өрсөлдөөн дундаас шигшээд дэлхийн чансааны дөрөв ОХУ-ын Мария Шарапова, чансааны гурав Чехийн Петра Квитова нар тунан үлдэцгээв. Хоёр шилдэг теннисчид эхний хоёр сетийг харилцан бие биедээ алдаж шийдвэрлэх гуравдугаар үед ялагчаа тодруулах болоход Орос бүсгүй 6:3-аар илүүрхэж аваргаллаа. Шарапова аваргалах замдаа шөвгийн 16-д Испанийн Карло Суарес Наваррог 6:1, 7:6-аар, шөвгийн наймд нутаг нэгт Светлон Кузнецоваг 6:0, 6:4-өөр, хагас шигшээд Сербийн Ана Ивановичыг мөн 6:0, 6:4- өөр хожжээ. Харин дэд аварга Квитовагийн хувьд шигшээд шалгарах хүртэлх учраанууд нь тун зөөлөн таарсан гэхэд нэг их хилсдэхгүй. Шөвгийн 16-д Винус Уильямсаар даваагаа ахиулсан тэрбээр дунд шөвөгт Австралийн Саманта Стосурыг 6:3, 7:5, 6:2-оор, их шөвөгт Италийн Роберто Винчийг 7:6, 6:4-өөр буулган авсан юм. Уг тэмцээний үеэр дэлхийн чансааг тэргүүлэгч АНУын алдарт теннисчин Серена Уильямс хөлөндөө, хоёрт эрэмбэтэй Румыны Симона Халеп гуяндаа бэртэл аван тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон нь хамгийн гунигтай мөч байлаа.

Мөн энэ тэмцээний өмнөхөн болсон “Wuhan Open”-д Серенагийн гэдэс өвдөж байсан бол энэ удаад түүний эгч Винус Уильмсын гэдэс өвдөн тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Үүнд идэж буй хоол унд, орчин нөлөөлсөн болов уу хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Харин эмэгтэйчүүдийн хосын төрөлд “Их дуулга”-ын таван түрүүт Зимбабвегийн Кара Блек, Энэтхэгийн Саня Мирза нар Чехийн Андреа Главачкова, БНХАУ-ын Пэн Шуайтай финальд шалгаран үлдсэн юм. Хоёр үеийн турш үргэлжилсэн тоглолт 6:4, 6:4-өөр Пэн Шуай тэргүүтэй хос теннисчдийн ялалтаар өндөрлөлөө. Тэд хагас шигшээд Австралийн Анастасия Родионоьа, ОХУ-ын Алла Кудрявцева нарыг 6:1, 6:4-өөр хожиж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Сонирхуулахад теннисчдийн чансаа өнгөрсөн мягмар гаригт шинэчлэгдэн гарахад дэлхийн чансаанд дөрөвт бичигдэж байсан ОХУ-ын Мария Шарапова хоёр байр урагшилж Серенагийн дараа эрэмбэлэгдлээ.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД