МоАХ хэмээх сөрөг хүчинтэй болохыг Засгийн газар хүслээ гэж үү

2014 оны 10 сарын 09

 Ерөнхий сайдын оруулсан Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай тогтоолын төслийг УИХ баталчихлаа. Анх өргөн барьсан хувилбарт зарим нэг засвар л хийв. Засгийн газрын бүтцэд шинэ нэр томъёо болж орж ирсэн Шадар сайд буюу Гадаад харилцааны яам гэсэн бүтцийг хүлээж авалгүй, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож өөрчиллөө. Үнэндээ толгойдоо томдсон малгай шиг ийм лут нэртэй яам байгуулах шаардлага байгаагүйн нөгөө талд нэрийг нь уртасгах хэрэгцээ ч байхгүй байлаа. Төсөлд байсан Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Дэд бүтцийн хөгжлийн яам гэсэн нэр гишүүдэд таалагдсангүй тул Уул уурхай, эрчим хүчний яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хэмээн нэрлэв. Сүр бадруулж, өдөржин хэлэлцсэн асуудлын үр дүн нэг иймэрхүү. Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсан нь буруугүй байж болох ч яамтай болсноор лав л соёлын болоод спортын ажил сайжирсанг үй. “Динозаврын ясаар л хоёр жил хөөцөлдсөн” гэсэн гишүүдийн шүүмжлэл үнэний ортой. Төрийн бодлого явуулах нь байтугай яам нь эмх цэгцэндээ ороогүй, хэрүүл талцлаар өдөр хоногийг өнгөрөөсөөр өдийг хүргэж байгаа нь сайдын буруу.

Ц.Оюунгэрэл тууштай ардчилагч, эмэгтэйчүүд дундаа боломжийн улстөрч мөн боловч сайд биш байсан нь ил байгаа. Тиймээс энэ яамыг тарааж, ажил үүргийг нь буцаагаад төрхөмд нь залчихад болохгүй зүйл үгүй байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн чухалчлах ажил, өнгө төрх нь байх болно хэмээн байгуулсан Хөдөлмөрийн яам юу хийж, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй. Сайд нь хааяахан МСҮТ-өөр хэсэж яваа харагддаг. Уул уурхайд ажиллуулна хэмээн нэлээд олон залууст хүнд машин механизмын мэргэшлийн сертификат гардуулсан ч бараг бүгдээрээ ажилгүй л сууна. Хөдөлм өрийн яам Засгийн бодлогыг хэрэгж үүлэгч биш, Завхан яам болсон тухай хэн хүнгүй ярьдаг. Санжмятавт зориулж, эсвэл Завхан аймгийнханд тусгайлан яам байгуулаагүй бол Нийгмийн хамгааллын яамтай нь нэгтгэчихэж болох л байсан. Гэвч тэгээгүй нь фракцуудад ногдуулах бялуу багадчих гээд, хоосон хоцорсон нь Засгаа эргээд мурьчих магадлалтай хэмээн болгоомжилсонтой холбоотой биз ээ.

Ийнхүү ямар ч байсан бүтцээ батлуулж амжлаа, Ерөнхий сайд. Одоо энэ бүтэц дээр хэнийг томилуулах вэ гэсэн хамгийн том асуултын тэмдэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнө хөндөлдөж байна. Сайдын алба горилж байгаа хүмүүсийн талаар зарим нэг сураг ажиг сонсогдож байна. Бүгдийг нь биш юм аа гэхэд ядаж 4-5 дан дээлтэй сайдтай болох төлөвлөгөө байгаа аж. Тухайлбал, Үйлдвэр, худалдааны сайдад нэг үе УИХ-ын гишүүн байсан Б.Мөнхтуяагийн нэр яригдаж байна. Ш.Түвдэндоржийг тэнд нь заавал байлгах албагүй гэж үзэж байгаа гэнэ. Ерөөсөө ч сайдын суудлын төлөө итгэл үнэмшил, журмын нөхдөө хүртэл гайд гаргасан энэ мэтийн нөхдөд сануулга өгөх нь зөв биз ээ. Гадаад харилцааны сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын нэр явна. Уул уурхайн яамаа МҮАН-д өгөлгүйгээр АН өөрөө авах ёстой гэсэн байр суурь зонхилж байгаа юм байна. М.Сономпил даргадаа найр тавихаас татгалзахгүй байлгүй. Хамгийн сонирхолтой нь МАХН-ынхан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нараа сольчих бодолтой байгаа гэнэ.

Хариуцсан яам, салбарт нь ажил урагшаа явахгүй байгаа нь үнэн ч тэдний сэлгээ хийх зорилго ердөө л “ээлжилж хүртэх” эрмэлзэлтэй нь холбоотой болов уу. Оронд нь ирж болох хүмүүсийн нэр дотор О.Чулуунбат, Л.Цог, Ц.Цолмон, Г.Шийлэгдамба нарын нэр дуулдаж байна. Гэхдээ яам нь хэвээр үлдсэн нь сайд бас хэвээрээ байна гэсэн үг биш байх. Энэ утгаар нь авч үзвэл Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав нар дан дээлэндээ шилжих магадлал өндөр. Тэднийг чөлөөлж, гайгүйхэн шиг мэдлэг, чадвартай нөхрийг УИХ-ын гаднаас авчраад тавьчихвал Засгийн газрын нэр хүндэд сайнаар тусах нь тодорхой. Явахаар болсон сайдын нэрсийн жагсаалтад Л.Болд, Н.Батбаяр, Д.Ганхуяг, А.Гансүх нар бичигдчихээд байгаа тухай хэвлэлээр шуугиж байгаа. Л.Болдын хувьд асуудал бараг л тодорхой болов уу. Тэр ч нэг их зууралдаад байхгүй биз. Сайд хийж үзээгүй биш. Нөгөө талаар түүнийг сайдын суудлаас салгах салхи өөр зүгээс үлээж байгааг мэдэрч буй. Н.Батбаярыг л сольчихвол бүх юм болоод бүтчих аятай PR түүнийг сайд болсны бараг маргаашаас л эхэлсэн. Ажил хэргийн гэхээсээ илүү хувь хүний дүр төрх, үйлдэл рүү нь чиглэн гайтуулах оролдлого одоо л нэг юм үр дүндээ хүрэх бололтой. Гэхдээ яагаад ч юм түүнийг өмөөрмөөр санагдаад байна. Түс тас, шазруун, эрс шийдэмгий түүний зан чанар өрсөлдөгчдөд нь олз болсон бол Засгийн газарт бас тус болсон гээд хэлчихэж болно. Түүний оронд хэн нэгэн арьсаа боддог сайд байсан бол бонд босгоход тэгтлээ яараа ч үү, үгүй ч үү. Хэрвээ бондын мөнгийг богцолж ирээгүй бол Засгийн газар өнөөдөр бүтцийн тухай асуудал ярих биш, огцрох мааниа уншуулж байж болох л байсан. “Талын зам” хэмээх Монголоор тогтохгүй, бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний төсөл амилж эхэлсэн нь түүний гавьяа. “Гудамж”, “Эгийн гол”, хурдны замын төслийн үр дүнг ч тэр хуваалцах эрхтэй. Хэчнээн жил дамжин яригдсан “ДЦС-V”-ын концессийн гэрээ хийсэн нь бас л түүний үед тохиов. Энэ бүхнийг хэрвээ эерэг талаас нь эргэцүүлж үзвэл Н.Батбаярт огцрох шалтгаан бага. Уухай хашгирахад ухасхийгээд тулаанд түрүүлээд орчихдог ийм хүн уг нь Засгийн газарт хэрэгтэй. Гэвч түүний зайлшгүй хувь нэмрийг Н.Алтанхуягаас өөр ойлгож байгаа хүн алга шиг байна. Нөгөө талаар хувь араншингаасаа болж бусдад адлагдсан нь түүний огцрох шалтгаан болох шиг боллоо. Д.Ганхуяг бол харин огцрох сайд мөнөөсөө мөн. Угаасаа түүнийг Уул уурхайн сайдаар томилсон нь Засгийн газар, УИХ-ын алдаа байлаа. Алдаагаа засалгүй их ч удлаа.

Монголоос дүрвэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хэдэн хувь нь Ганхуяг гэдэг нэрнээс дүрвэснийг хэрвээ тооцоолж болдог бол чамгүй тоо гарна. “Оюутолгой” төслийг зогсооход тэр үнэтэй “хувь нэмэр” оруулсан. Өнгөрсөн хоёр жилийн ажлыг нь дүгнэх юм бол Уул уурхайн нэртэй яам байсан гэхээс өөр зүйл үнэндээ алга. А.Гансүхийн хувьд байдал өөр. Шулуухан хэлэхэд тэр огцрох сайд биш. Сүүлийн 12 жилийн хугацаанд 2300 км зам тавьж байсан бол хоёрхон жилийн дотор 2500 км-ийг тавьсан нь, гадаадын найман орон руу нисдэг байсан Монголын онгоц 16 оронд зорчдог болсон нь, МИАТ компани шинэ БОИНГ-той болж, парк шинэчлэл амжилттай хийж байгаа нь, дэлхийд байхгүй өндөр үнээр шахдаг байсан онгоцны бензин дэлхийн жишгийн үнэтэй болсон нь, төмөр замын талаар ОХУтай ам хэлээ олж, хамтарсан төмөр замын хувь оролцооны талаар 70 шахам жилд анх удаа тодорхой ойлголцолд хүрсэн нь, хос төмөр замтай болох ирээдүй энүүхэнд ирсэн нь, хөрөнгө санхүү нь хязгаарлагдсанаас болж бүрэн хийж чадаагүй ч хөгжил дагуулсан зам хөдөө тийш хөвөрч эхэлсэн нь зөв амбийцтай залуу сайдын хийсэн ажил. Тэр өмнөх Засгийн газарт Зам, тээврийн дэд сайдаар ажиллаж байгаад шинэ Засгийн газарт сайд болсон. Уг нь төрийн ажил ингэж л явах ёстой. Карьерийн зарчим, мерит тогтолцоо гэдэг ярихаас цаашгүй байдаг зүйл сүүлийн жилүүдийн засаглалын түүхэнд зөвхөн А.Гансүх дээр л хэрэгжсэн нь энэ. Ийм жишгийг улам олон болгохын төлөө Засгийн газар хичээх ёстой. Үр дүн ямар байдгийг энэ Засгийн газрын нүүрийг тахалж байгаа А.Гансүхийн яамны ажил нотолж байна. Нөгөө талаар дан дээлтэй хоёрхон сайдын нэг нь энэ хүн.

Төрийн сайд, УИХ-ын гишүүн хэмээх нэг байтугай хоёр хүн ч дийлэмгүй нүсэр, хариуцлагатай ачааг давхар үүрүүлж болохгүй гэсэн зарчим дээр Монгол даяараа нэгдчихээд байхад олны хүсэл зоригийг сөрж болохгүй баймаар. Ер нь энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр дан дээлтнээ олшруулахгүй бол Н.Алтанхуяг сайдын санаачилга нэр төдий болж, Засгийн газраа 2016 он хүртэл хэвээр хадгалах төлөвлөгөө нь нуран унана. Өөр нэг хүчин зүйлийг тооцохгүй байж боломгүй. Засгийн газарт МоАХ гурван суудалтай байв. Ц.Оюунгэрэл сайд болоод фракцаасаа хөндийрс өн. Л.Болд угаасаа энэ фракцынх биш, квотыг нь л ашигласан хүн. Үлдэж буй ганц нь А.Гансүх. Хэрвээ итгэл үнэмшил, сонголтдоо үнэнч байсан ганцыг нь Засгийн гадна гаргах юм бол МоАХ зүгээр суухгүй байлгүй. Тэд бол үнэний төлөө, шударга эрүүлийг хүсэн тэмцэж, жагсаж сурсан хүчин. Засгийн газар МоАХ-г жагсаахыг, Төрийн ордны гадна сөрөг хүчинтэй болохыг хүсэхгүй байлгүй дээ. “Үгээр байдаггүй” гэж өөчлөхийн оронд үг хэлдэг, зарчим барьдаг, хууль ярьдаг, зөв зүг рүү тэмүүлсэн ядаж ганц сайд энэ танхимд байг л дээ. Дуулгавартайгаас дуугардаг нь дээр биз ээ.

Ж.БОЛДБАТ