АЗИЙН НААДМЫН ШҮҮЛТИЙН АСУУДЛЫГ AIBA-ГИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

2014 оны 10 сарын 09

“Инчён-2014” Азийн наадмаас нэг алт, нэг хүрэл медаль аван багийн дүнгээр тавдугаар байрт шалгарсан Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид болон холбооны удирдлага хэвлэлийн бага хурал зарлаж өөрсдийн гаргасан амжилт, тэмцээний үеэр тулгарсан саад бэрхшээлийн талаар тайлбар өглөө. Тус хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба тэргүүтэй холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчид оролцов. Хэвлэлийн бага хурлыг нээж тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган “ Монголын боксын холбооны үе үеийн удирдлага, шигшээ багийн тамирчиддаа баярлалаа. Бид бүхэн энэ жилийн Азийн наадамд оролцохоор явахдаа аваргатай болох зорилго өмнөө тавьсан. Зорилгодоо хүрсэндээ баяртай байна. Тэмцээний үеэр бусад орны тамирчидыг судлан, багш нартайгаа ярилцаж байхад бидэнд нэг бус нилээн хэдэн аваргатай болох нөөц бололцоо байгаа нь анзаарагдаж байсан ч гэлээ шүүлтийн асуудал, тамирчдын бэртлээс шалтгаалан таамаг маань бүтсэнгүй. Энэ тэмцээн цааш цаашдын уралдаан тэмцээнд оролцоход томоохон сургамж боллоо. Боксын дүрэм өөрчлөгдөж толгойны хамгаалалтыг аван жил гаруй болж байгаа учраас тамирчид хоорондоо мөргөлдөх эрсдэл их гарлаа” хэмээн өгүүллээ.

Мөн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн монголын боксчид хоёроос гурван алтан медаль авах бололцоотой байсныг дахин онцлоод” Монголын боксчид 66 жилийн түүхэнд Азийн наадмаас таван мөнгө, 14 хүрэл медаль аваад байсан юм. Түвшинбат, Төгсцогт нар өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхсэн ч гэлээ ялалт авч чадсангүй. Мөн эхний тойргийн учраануудаа тун төвөггүйхэн ялсан Б.Чинзориг, Н.Шинэбаяр нарын хөмсөг 3-4 см задраагүй байсан бол аваргын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой байлаа. Хэдийгээр дараагийн тойрогт хоёулаа ялагдсан ч гэлээ тамирчин хүний тэсвэр тэвчээр гарган, задарсан хөмсөгөө махны цавуугаар нааж байгаад тоглосон нь бахархмаар байв. Бас хүнд жингийнхний тулааныг онцлох хэрэгтэй. Тэдний ялагдлыг бид бүхэн хүлээн зөвшөөрч байна. Харин ялсан мөртлөө шүүгчийн шийдвэрийн эсрэг юу ч хийж чадалгүй ялагдсан тоглолтууд үнэхээр харамсалтай боллоо. Хэдийгээр бид бүхний хүсэн хүлээж байсан алтан медалийг Отгондалай маань авч ирсэн ч гэлээ сэтгэл дундуур байна. Нөөц бололцоо, тамирчдынхаа чадварыг Инчёны Азийн наадамд үнэлүүлж чадсангүй” хэмээлээ.

Харин эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван өмнөх Азийн наадамд үзүүлсэн амжилтаа ахиулж чадаагүй ч гэлээ эмэгтэй баг тамирчид жигд сайн оролцсоныг үнэлээд “ Монголын эмэгтэй баг гурван тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцоод ирлээ. Манай тамирчдаас хамгийн түрүүнд 51 кг-д тоглосон ОУХМ М.Нандинцэцэг хоёр ялж хүрэл медалийн болзол хангалаа. Монголын эмэгтэй тамирчид дэлхийн аваргаас медаль авах цаг мөч ойрхон ирсэн нь түүний амжилтаас харагдаж байна” гэв. Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба ирэх арван нэгдүгээр сард болох AIBA-гийн хурлаар Инчёны наадмын үеэр тулгарсан шүүлт, саад бэрхшээлийн талаар хэлэлцүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа онцлоод “ Энэ удаагийн наадамд шүүгчдийн зөвлөлд өөрийн орны төлөөлөлгүйгээс болж олон хүндэрлтэй асуудалтай тулгарлаа. ОУ-ын тэмцээн уралдааныг шүүх эрхтэй шүүгчдийг бэлдэх хэрэгтэй байна. Гурван одтой шүүгч Олимп, ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдийг шүүх эрхтэй болдог. Одоогийн байдлаар Монгол улсад гурван одтой хоёр, нэг одтой таван шүүгч байна. Цаашид шүүгчдээ оджуулж, ОУ-ын тэмцээн уралдаанд шүүлтийн маргаан гарсан тохиолдолд тамирчдаа хамгаалах, тэднийхээ эрх ашгийн төлөө бусдын шийдвэрт нөлөөлж чаддаг болох хэрэгтэй байна.

ОУ-ын тэмцээн уралдааныг шүүх шүүгчдийг AIBA-гаас томилдог учраас Азийн наадмын шүүгчдийн зөвлөлд манай шүүгчдээс төлөөлөл оролцож чадаагүй. Гурван одтой дасгалжуулагч рингэн дээр гарах эрхтэй байдаг учраас дасгалжуулагчдаа оджуулах хэрэгтэй байна” гэлээ. Азийн наадмын үеэр шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн Монголын баг тамирчид тэмцээнээ орхих гэж байсан талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн тэмцээнээ орхиж болох л байсан. Гэхдээ үүнээс болж манай холбооны болон тамирчдын ОУ-ын тэмцээнд оролцох эрхийг хасах вий гэхээс эмээж байлаа” гэв.

Мөн хурлын үеэр Инчёны Азийн наадмаас медаль авсан тамирчид тэмцээнд хэрхэн оролцсон талаарх сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцлаа. Азийн наадмын анхны аварга Отгондалай “Энэ тэмцээнд миний бэлтгэл сургуулилт сайн хангагдсан тул түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Төгсцогтын ялагдлын дараа заавал ялна гэсэн амлалтыг өөртөө өгсөн. Аваргын төлөөх тоглолтын өмнө хөмсөг задарсан учраас тоглолтын үеэр дахин задрах вий гэж санаа зовж байлаа. Ямартаа ч аварга болсондоо баяртай байна” хэмээн өгүүллээ. Харин хоёр дахь Азийн наадамдаа оролцон хүрэл медаль авсан ОУХМ М.Наранцэцэг “Азийн наадмаас хүрэл медаль авсандаа баяртай байна. Өмнөх Гуанжоугийн Азийн наадамд анх удаа оролцохдоо эхний тойрогтоо ялагдаж тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байлаа. Тус тэмцээнд оролцсон алдаа, оноогоо дүгнэн энэ жил бэлтгэл сургуулилт, сэтгэл санаагаа сайн бэлдэж байгаад оролцсон. Дөрвөн жилийн уйгагүй бэлтгэл сургуулилтын үр дүн гарлаа” хэмээгээд цаашид тив дэлхийн аваргад амжилт гаргахыг хүсэж буйгаа илэрхийллээ.

Энэ жилийн Азийн наадмаас баараггүй медаль авна хэмээн монголын ард түмэн итгэл дэвсэж байсан ч гэлээ шүүгчийн булхайгаас болж зохион байгуулагч орны тамирчинд ялагдан харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн Н.Төгсцогт өөрийн тэмцээний талаар “Харамсалтай тэмцээн боллоо. Гурван үеийн турш илүүрхэн тоглосон учраас өөрийгөө ялсан л гэж бодож байлаа. Гэтэл шүүгч БНСУ-ын боксчинд ялалтыг заахад үнэхээр их гайхсан. Тоглолтын дараа эсэргүүцэл бичиж өгсөнд Инчёны наадмын Зохион байгуулах хороо хүлээж аваагүй. Надтай хамт шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж, сэтгэл санаагаар үргэлж дэмжиж байсан монголынхоо ард түмэнд баярлалаа. Тэмцээн ганцхан үүгээр дуусах биш дээ. Дараа дараагийн олон тэмцээн намайг хүлээж байна. Удахгүй болох AIBA-гийн хурлаар шүүлтийн асуудлыг хэлэлцэж, буруу шүүлт байсныг илчлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Б.БУЯНДАЛАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
93.185.65.218 Ялагдсан хойно , худлаа шалтгаан яриад битгий хуццаад байгаарай! Батсурэн гэж маш зальтай ,юу ч хийж чаддаггуй ,хоер нүүртэй ,архичин юмыг халах хэрэгтэй!
93.185.65.218 лалар минь чи хэнийг нь хэлээд хэнийг дэмжээд байгаа хогын сав бэ. манай тамирчидийг хэрхэн тоглож яаж луйвардуулсныг чамаас бусад нь бүгд мэдэж байгаа үхээч новшоо
  • 2014 оны 10 сарын 09