252 хүүхэд эм, химийн бодист хорджээ

2014 оны 10 сарын 09

  Манайхан хүүхдээ эрүүл саруул төрүүлчихээд хайхрамжгүй, арчааг үйгээсээ эрэмдэг зэрэмдэг болгож, эсвэл бурханд буцаагаад “бэлэглэж” байна. Хатуухан хэлэхэд бяцхан иргэд маань бидний туршилтын “туулай” болох гэж мэндлээгүй. Жорлондоо хүүхдээ унагачихдаг, халуун хоол, цайнд түлдэг, хөхөөр өө дарчихдаг, малын керолин, машины тосоол “уулгачихдаг” эцэг эхчүүдийг хэнэггүй хэмээн цоллох уу, тэнэг гэж чичлэх үү. Сүүлдээ бүр эмийн санч нь жороо ч уншиж чаддаггүй, эцэг эх нь эмээ зохистой хэрэглэдэггүйгээс, цэцэрлэг, сургуулийн ажилтнууд “хортой” хоол хийж хүүхдүүдийг хордуулан, нялхсаар зүгээр л “наадаж” байна. Он гарсаар 252 хүүхэд эм болон ахуйн хэрэглээний химийн бодист хордон ЭХЭМҮТ-д ирсэн нь үүнийг нотолно. Хамгийн эмзэглэмээр нь 1-5 насныхны дунд эм, эмийн бодист хордсон, тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ.

Г.АМАР: ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Г.Амартай уулзлаа.

-Олон хүүхэд эм, эмийн бодист хордсон, тунг нь хэтрүүлснээс эрүүл мэндээрээ хохирох боллоо. Долоо хоногт дунджаар хэчнээн хүүхэд дээрх шалтгаанаар танайд хандаж байна вэ?

-Долоо хоногт дунджаар эм, эмийн бодист хордсон 4-12 хүүхэд ирдэг. Ийм шалтгаанаар ирдэг хүүхдүүдийн тоо огт цөөрөхгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, гэдэсний өвчин нэмэгдэхтэй зэрэгцээд эмэнд хүүхэд хордох нь олширлоо. Олонх нь 1-5 насныхан. Эцэг эхчүүд хүүхдээ эмчид үзүүлэхгүйгээр эмийн сангаас дур мэдэн эм авдаг. Эм зүйч нь ч “Энэ сайн эм” гээд дураараа зардаг. Иймэрхүү хэнэггүй, хаа хаанаа уялдаагүйгээс Монголд эмийн зохисгүй хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад эм зүйч эмийг жороор олгодог болчихвол хүүхдүүд эмийн хордлогод ингэтлээ өртөхгүй. Манайхан антибиотикийг талх шиг хэрэглэдэг. Иргэдийн эмийн талаарх мэдлэг доогуур, төрийн зохицуулалт задгай байгаа учир хэрэглээ нь хэтийдсэн.

-Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээс хүүхдүүд янз бүрийн эм, бодис хэрэглэдэг шүү дээ.

-Тийм ээ. Томчуудын болгоомжгүй, хайхрамжг үйгээс хүүхдүүд санамсаргүй байдлаар янз бүрийн эм, ахуйн хэрэглээний бодис уун хордож байна. Энэ бол эмийг тунг хэтрүүлж хэрэглэснээс өөр. Хүнд хэлбэрийн хордлого гэсэн үг. Аав ээж нь хүүхдэдээ сэтгэл гаргахгүй байна. Парацетамол, төмрийн бэлдмэл хоёр шууд үхэлд хүргэдэг аюултай. Гэтэл ээжүүд жирэмсэн үедээ ууж байсан, үлдсэн төмрийн бэлдмэлээ хаяагүйгээс хүүхэд нь уучихсан тохиолдол маш олон байна. Дөнгөж хөлд оруутаа, юм болгоныг амталж үздэг насанд нь аав ээжүүд хүүхдийнхээ гар хүрэх газарт эм, эмийн бодисоо тавиад мартчихдаг. Машины тосоол, шатахуун, даралтны болон таталтын эсрэг эм, зүрх судасны, тайвшруулах нойрсуулах, шээс хөөх, харшлын эм, антибиотикууд, шингэн цемент, хулганы хор зэргийг хүүхд үүд идчихсэн, хордоод ирж байгааг харах хэцүү юм. Эрүүл саруул торниж яваа нялх үрээ санамсар болгоомжгүйгээсээ эмийн хордлогоор алдчихвал түүн шиг харамсалтай зүйл үгүй. Эм бол хор. Тохируулан хэрэглэхийг нь эмч л зааж өгөх ёстой.

16 НАСТАЙ ОХИН ЭЭЖДЭЭ УУРЛАН, СЭТГЭЦИЙН ЭМ УУЖЭЭ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасаг 23 ортой. Эм, эмийн бодист хордсон, тунг нь хэтрүүлсэн 130-150 хүүхэд жилдээ тус тасагт хэвтэн эмчлүүлдэг аж. Өнгөрсөн онд хордлоготой 150 хүүхэд хэвтсэнээс эмэнд хордсон 121, угаартсан долоо, ахуйн хэрэглээний химийн бодис санамсаргүй уусан 21 хүүхэд үйлчлүүлсэн байна. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 126 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс эмэнд хордсон 91, угаартсан хоёр, химийн бодист 22, мөөгөнд хордсон нэг хүүхэд байжээ. Биднийг тус төвд очиход парацетамол, аспирин, толгой өвдөхөд уудаг хятад эмэнд хордсон гурван хүүхэд эмчлүүлж байв. “Сургуулиас нь шилжүүлсэн гэж ээждээ уурлаж, түүний ууж байсан сэтгэцийн тезерцин гэх эмнээс 50 ширхгийг уун, амиа хорлохыг завдсан 16 настай охин эмнэлгээс саяхан гарсан. Сумын төвийн эмчид байдаггүй 130-140 төрлийн эмтэй айл ч байна. Өсвөр насныхан найзтайгаа муудах, аав ээждээ загнуулчихаад амиа хорлох гэж янз бүрийн эм ууж байна.

Эмийг их хэмжээгээр ууж болохгүй гэдгийг 13-аас дээш насныхан мэддэг. Гэтэл 30, 40 ширхгээр нь уухыг санаатай, амиа хорлохыг завдсан үйлдэл гэж үздэг. Тиймээс Даатгалын тухай хуулиар ор хоног, эмчилгээний зардлаа өөрсдөө гаргах ёстой. Гэсэн ч хүүхдийнхээ төлөө мөнгө төлдөг эцэг эх нэг ч байдаггүй. Эмийн энэ их замбараагүй хэрэглээнд онцгой анхаарахгүй бол болохоо байлаа” гэж Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ч.Лхамсүрэн ярив. Тэгвэл эмийн замбараагүй хэрэглээг халах ямар бодлого боловсруулж байгааг Эрүүл мэндийн яамнаас сонирхлоо. Тус яамны эмийн зохистой хэрэглээний бодлого хариуцсан мэргэжилтэн Ч.Болортуяа “Иргэн, эм зүйч, эмч гурвын хэн хэн нь идэвх санаачилгатай ажиллаж байж эмийн зохистой хэрэглээ төлөвшинө.

Эмч жор бичээд, эмийн санч эмийг жороор олголоо гээд асуудал шийдэгдэхгүй. Эмийн зохистой хэрэглээг хэрхэн төлөвшүүлэх талаар Эм, эм хэрэгслийн тухай хуульд тодорхой заасан. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод энэ чиглэлээр юу юу хийхээ тусгасан. Бодлогын баримт бичиг хангалттай байна. Хэрэгжилт нь л дутмаг байгаа юм. Хяналт сул байгаатай санал нийлж байна. ЭМЯ хяналт тавих үүрэггүй. Асуудал гаргасан, хууль зөрчсөн эм зүйч, эмийн санг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянах, торгох ёстой. Тусгай зөвшөөрлийг нь хүртэл цуцлуулах санал хүргүүлэх эрхтэй” гэсэн тайлбар өгөв.


 

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД