Үр тарианы 88 хувийг хураажээ

2014 оны 10 сарын 08

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн цахим ярилцлага ургац хураалтын явц, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өрнөлөө.  Энэ онд манай улс 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал  хураан авна.   Нэг га талбайгаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авна гэж тооцож байна. Өнөөдрийн байдлаар 273.4 мянган га талбайгаас 420.3 мянган тонн үр тариа, үүнээс 402.1 мянган тонн буудай, 12.7 мянган га талбайгаас 155.0 мянган тонн төмс, 7.4 мянган га талбайгаас 91.6 мянган тонн хүнсний ногоо хураан авсан ньнийт үр тарианы 88 хувь, төмсний 95,7 хувь, хүнсний ногооны 89.7 хувь болж  байна.  Есдүгээр сарын  27-28-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгаар цас орж ургац хураалтын ажил түр саатжээ.

  Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Хушаат, Ерөө сумын нутагт 3 см хүртэл, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Батсүмбэр, Баянчандмань сумын тариалангийн талбайд 6-8 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтжээ. Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Хэнтий  аймгийн тариалангийн бүс нутагт  талбайн цас хайлж, Төв аймгийн хойд сумдаар орсон цас арилаагүй байгаа ч тариа цасанд дарагдаж налсан гэсэн мэдээлэл ирээгүй байна.  Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 9-10-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цас орж, сэрүүснэ гэсэн урьдчилсан мэдээлэл өгсний дагуу салбарын яамнаас  ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгч, ургац хураалтад 1200 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан гэрээгээр ажиллуулж байна.       

Улсын хэмжээнд 1094 үр тариа хураах комбайн, 624 ангилан хадалтын жатка, 750 үтрэмийн машин  ажиллаж байна.   Энэ жил  хадлан бэлтгэлийн бүсийн аймгуудад зуншлага сайтай,  ургац арвин  байлаа. Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажилд 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100  хөдөлгөөнт гар хадуур,  453 том, дунд оврын трактор бүхий хаман боогчтой хадлангийн салаа, малчид, иргэд нийт 180 мянга гаруй хүн хүчийг зохион байгуулан ажиллуулжээ.   Энэ жил 55,0 сая мал өвөлжиж хаваржихаар урьдчилсан тооцоо хийж,  1 сая 250,0 мянган тн өвс, 98,0 мянган тн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэх даалгаврыг орон нутагт өгснөөс одоогийн байдлаар бэлтгэх ёстой хадлангийн 82,7 хувь буюу 1 сая 36 мянган тн өвс, тэжээлийн 69 хувь буюу 68,0 мянган тонныг бэлтгэсэн мэдээг орон нутгаас ирүүлжээ. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэх ёстой 29,5 мянган тн өвс, 13,8 мянган тн тэжээлээс өнөөдрийн байдлаар 10,4 мянган тн өвс, 1,0 мянган тн тэжээл бэлтгэж,  шаардлагатай цэгүүдэд татан авч байршуулсан байна. Үлдсэн хувийг орон нутагт тендер зарлан гүйцэтгэлийн шатандаа хэрэгжиж байна.

Сүүлийн үед ОХУ-аас импортоор их хэмжээний улаан буудай оруулж дотоодын улаан буудайн үнийг унагаж байгаа тухай мэдээлэл гарах болсон . “Энэ жил 100 гаруй мянган тонн улаан буудайн цавуулгийн хэмжээ бага байна. Цавуулаг багатай улаан буудайг гурил болгож тээрэмдэхэд цавуулаг өндөртэй улаан буудай холих шаардлагатай. Цавуулаг өндөртэй улаан буудайг нөхөхийн тулд импортоор бага хэмжээний улаан буудай авч гурилын үйлдвэрүүдэд  өгсөн.  Нэгэнт ургасан улаан буудайгаа чанартай гурил болгохын тулд хэрэггүй зардлуудыг багасгаж, чанартай гурилыг арай хямд үнээр иргэдэдээ нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө  ийм арга хэмжээ авч байна” гэж  ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  тайлбарлалаа.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД