ЧУЛУУТАЙ ЯРЬДАГ ХҮН ХИЙГЭЭД ЧУЛУУНЫ ТУХАЙ СУДРУУД

2014 оны 10 сарын 08

Ж.Бямбыг газрын хэвлий ухаж төнхөж, судалж шинжилж явдаг хүн болоход нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны “Алтайд” роман яалт ч үгүй нөлөөлсөн гэнэ. Ж.Гүррагчааг сансарт ниссэний дараа түүнийг хүүхэд байхдаа тэнгэр өөд хараад од ширтээд байдаг хүүхэд байжээ гэсэн утгатай юм радио, телевизээр ярихад нь “арай ч дээ, том болоод сансарт нисэхээ хүүхэд байхдаа л зөгнөж байв гэж дээ” гэх юм уу “тэгж ярьвал монголчууд чинь цэлмэг тэнгэрийнхээ од эрхэсийг байнга харж, шөнө тэднээр зүг чигээ баримжаалж явдаг улс, тэглээ гээд бүгд сансарт нисэх биш” гэж хүмүүс ярьж байж билээ. Ер нь бол “Алтайд” романыг уншаад геологич больё гэх бодол төрсөн хүн цөөнгүй байдаг юм гэнэ. Доктор, профессор Д.Чулуун геологчийг энэ романы Баяр инженерээр төсөөлж явснаа дурсамждаа бичсэн байсан.

Дараа нь Ж.Бямбыг дунд сургуулийн сурагч байхад Их Богд ууланд (Баянхонгор) газар хөдөлсөн явдал ч анхаарлыг нь нэг л хачин татсан гэдэг. Ертөнцөд хөдлөхгүй, нэг л байрандаа байдаг юм энэ газар л болов уу гэж нутаг усныхаа уул толгодыг хараад бодож явдаг байсан чинь тэд нь хөдөлдөгөөр барахгүй дундуураа хагарч эвдэрдэг ч эд болж таарав. Тэгээд газар өвөл хөдөлсөн байтал зуны эхээр гэртээ харих гээд Бямба хүүг мориор явж байхад газрын хөрс сулраад түйрэн шиг пургиад, хайрга чулууд нь доош урсаад байсан аж. Газар хөдөлснөөс хойш, хагас жил болж байхад шүү дээ. Газар яагаад хөдөлдөг юм бол гэхээс аваад өчнөөн олон хүн, мал, амьтан жигүүртэн дээр нь дураар тонгочиж, байшин барилга хүртэл барьж байдаг энэ газар гээч ер нь ямар учиртай юм бол гэх бодол эрхгүй төрж байжээ. Тэгэхдээ яг суралцах сургуулиа сонгоход Бямбыг “зураглах” гэдэг үг их уруу татсан гэдэг. Бямба багын гарын дүнтэй, юм дажгүй зурчихдаг, эцэг, эх, таньж мэдэх хүмүүс нь “зураач болох байх” гэлцдэг байв. Зураач болоогүй ч зураг сонирхдог хэвээр, одоо бол түүнийг цуглуулдаг, санаандаа нийцсэн зураг харж таашаал авч явах болж дээ.

Дунд сургуулиа төгсөөд орох ангиа сонгох болоход “Геологийн зураглал” гэдэг нэр нүдэнд нь тусч, геологтой ч, зурагтай ч ойр мэрэгжил байх гэж бодоод түүнд элсэж Москвагийн Геолог, хайгуулын дээд сургуулийн оюутан болов. Монголын геологийн салбарт домог болсон Ж.Дүгэрсүрэн, Ж.Лхамс үрэн, Р.Барсболд нарын халааг авч, одоо энэ талын аливаа асуудлаар үгийг нь сонсож байдаг Ч.Хурц, О.Төмөртогоо гэх мэт хүмүүсийн араас мацлаа.

Ж.Бямбын бичсэн “Миний алтан гадас” номын босго үгэнд мэргэжил нэгт Ж.Сумъяа нь “Хойт туйлын догшин, ширүүн уур амьсгалтай, цас мөс өн хучлагат өндөр уултай Якутад хөл тавьж, монгол хүний тэсвэр хатуужлыг таниулсан ховорхон геологчийн нэг” гэсэн байна лээ. Москвад оюутан байхдаа Ж.Бямба хоёр удаа Якутад оросуудтай дадлага хийжээ. Баавгай, шумуул хоёроос өөр амьтангүй зэлүүд нутаг энд элбэг юмсанж. Ийм газарт шувууд нисэхийг харахад сайхан санагддаг байсан гэнэ.

Тавдугаар сард очиход газар, гол нь хөлдүү, Цаатны урцархуу юм босгож, модны навч зулж дэвсэнэ. Битүү модтой болохоор хутга, сүхгүйгээр урагшаа алхах аргагүй. Мод, бут цавчиж завсар зай гаргаж байж явна. Цавчсан модны хурц үзүүр цааных нь эгэм рүү шааж шархдуулаад тэр амьтныг алж идэхээс аргагүйд хүргэсэн тохиолдол ч бий. Хад асгатай газраар явж байтал цааны нь хөл хавчуулагдаад хугарч гэмтэх аюул ч их.

Хад, үхэр чулуун дээр гал түлж халаагаад дээр нь навч мөчир дэвсээд шөнө дуг хийнэ. Гэвч биеийн дээд тал нь хөрч даараад байх тул байнга эргэж хөрвөөж байж биеийнхээ хоёр талыг ээлжлэн бүлээцүүлсээр олигтой ч унтаж чадалгүй үүр цайлгана. Энэ мэт бэрхшээл байвч сургуулийнхаа лабораторид томруулагч шилээр л хардаг чулуунууд энд өөрийн биеэр ёстой нэг, “амьдаараа” харагдаж, гарт баригдаж байхын сайхныг яана гэж Ж.Бямба залуу насаа өгүүлж байх юм.

Тэрбээр оюутан байхдаа шалгалтад хамгийн түрүүнд орж, бэлтгэлгүй ярих гэж “өвчигнөдөг” байж. Ухаандаа өөрийгөө мэднэ гэж эрдэж бардаж, сайнаар хэлбэл өөртөө итгэлтэй байгаа хэрэг л дээ. Энэ хэрээр багш нартаа нүдлэгдэж, үнэлэгдэж, “сайн оюутан” гэгдэж явжээ. Тэгээд ч тэр биз, түүнийг төгсөөд сургуульдаа үлдэж аспирантурт үргэлжлүүлэн сургахыг тухайн үеийн Монголын Түлш, эрчим хүч, уул уурхайн яамнаас хүсч албан бичиг ирүүлж байв. Гэвч яам нь “дуугарсангүй”. Бодвол тэр үед геологийн мэргэжилтэн ховор, энэ салбар Монголд үүсч л байсан болохоор төгсөж буй хүнээ дахиж суралцуулснаас бушуухан ирүүлж ажиллуулах л шаардлагатай байгаа биз ээ.

Ж.Бямба төгсөж ирээд үйлдвэрлэлийн салбарт нэг жил ажиллаж байтал яаманд дэвшүүлэв. Хэдхэн жилийн дараа социалист орнуудын хамтын ажиллагааны байгууллагаЭдийн засгийн харилцаа туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн Нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөхөөр ажиллууллаа. Энд Монголын геологийн судалгаа, химийн түүхий эд (хайлуур, жонш, фосфорит)-ийн дэлхий дахины болон ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын зах зээлийн байдлыг харьцуулан судалж байв. Ийн ажиллаж байхдаа аспирантурт тусгайлан суралцалг үйгээр дэд эрдэмтний болон докторын зэрэг хамгаалжээ. Дэд эрдэмтний диссертацдаа Хөвсгөлийн фосфоритийн байдлыг хөндсөн бол докторын зэрэг горилсон бүтээлдээ барьцаа ахиулж, судалгаагаа гүнзгийр үүлж, дэлхий дахиныг хамруулсан байна.

Хөвсгөлийн Бүрэнхааны фосфорын орд гээд л бид нэг үе их ярьж, бичиж байв даа. Тэр “хэргийн” гол эзэн нь Ж.Бямба аж. Эндхийн чулуулгийн найрлага, нас, үүссэн орчин зэргийг судалж, дэлхийнхтэй харьцуулж үзээд энд фосфоритын орд байх магадлалтай гэсэн дүгнэлт хийжээ. Энэ бол нээлт байв. Доктор, профессор Ж.Лхамсүрэн гэж нас 80 хүрч буй, ахмад геологч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч хүн байдаг юм. Тэрбээр, Бямба бол геологийн тойм тогтоц (тектоник)-ыг оюутан байхаасаа сонирхож, олон жил судалгаа хийж буй хүн. Өргөн хүрээтэй сэтгэдэг, төс өөл өл бий болгох чадвар сайтай гэж үнэлж байна лээ.

Ж.Бямбын хийсэн дүгнэлт (нээлт), онолын таамаглалыг Оросын геологчид баталж, Хөвсгөлд фосфоритын орд илрүүлэв. Үүнийг Бямбаас түрүүлж дуулсан багш нь нэгэнтээ “чи яг аравт нь хийжээ” гэсэн гэдэг. Энэ нь маш мэргэн онож, өөрөөр хэлбэл чиний хийсэн дүгнэлт зөв байжээ гэсэн үг байв.

Нээлт ер нь цаасан дээр бий болдог, онолын талын дүгнэлт, таамаглал байдаг бололтой юм. Түүнийг нотлох нь бодит ажил аж. Ж.Бямбын хийсэн нээлтийн дагуу илрүүлсэн фосфорын орд харин Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс ердөө 20 км зайд байгаа нь түүнийг ашиглах боломжийг үгүйсгэх шалтгаан болжээ. Уг нь ч дэлхийн байдлаас ажихад фосфоритын ихэнх орд яагаад ч юм бэ хот, суурин газрын ойролцоо байдаг сонин зүй тогтол анзаарагддаг бөгөөд бараг манайхаас бусад орон тэдгээрийг ашиглаад л байдаг юм байна.

Ж.Бямба ЭЗХТЗ-д улсаа төлөөлж суухдаа судалгааны ажлынхаа хажуугаар Олон улсын геологийн экепедиц Монголдоо ажиллуулах санаачилга гарган хэрэгжүүлжээ. Ингээд 1976 оны есдүгээр сараас эхлэн есөн улсын 300 шахам мэргэжилтэн Монгол Улсад 15 жил ажиллаж, нийтдээ 100 мянга шахам ам км талбайд хайгуулын ажил хийсэн байна. Тэгээд Хэнтий аймгийн Хонт Хэрлэн, говийн дүүргүүдэд иж бүрэн судалгаа хийж, Хөлийн Холбоо, Сэрвэн, Өндөр цагаан, Мөнгөн өндөр (Хэнтий) гэх газруудад алт, цагаан тугалга, хайлуур жонш, гянт болдын илрэл байгааг тогтоосон байна. Энэ мөрөөр нарийвчилсан хайгуул хийж хайлуур жоншны хоёр уурхай, молибден, гянт болд, мөнгөний ордууд байгааг илрүүлсэн аж.

*** *** ***

Олон л сая жилийн тэртээ бололтой, Австралиас хэсэг газар тасраад одоогийн Энэтхэг улсын нутагтай нийлчихсэн юм гэнэ. Тэгээд хоёр том юм “уулзахдаа” хүчтэй л золгодог юм байгаа биз, дундаасаа баахан газрыг дээш нь овойлгож товойлгоод орхисон нь одоо дэлхийд толгой цохих оргилуудыг бий болгочихсон аж. Тэд нь одоо “8000-тууд” гэж нэрлэгдээд явж байгаа. Энэ оргилуудаас холдох тусам уулсын өндрийн хэмжээ багассаар одоогийн өнгө төрхөө олжээ.

Уулс гэдэг чулуулаг юм байна. Дэлхийн ихэнх хэсэг ч ерөөс хатуу биет байдаг аж. Гаригийн маань энэ хатуу хэсгийг судалдаг шинжлэх ухааны цогцыг геологи гэдэг юм байна. Уулс нэгэнт чулуулаг учраас геологийн өөрчл өлт хөгжлийн улмаас үүсч, өндөрсөж байдаг ч дээд талаасаа элэгдэж эмтэрч байдгаас учиргүй өндөр болчихдогг үй зүй тогтолтой гэнэ. Одоогоор дэлхий дээр 9000 метр хүрсэн өндөр уул байхгүй нь ийм учиртай аж.

Монгол Улсын маань нутаг дэвсгэрийн хувьд л гэхэд умард хэсэг нь буюу Хөвсгөл орчмын газар хамгийн түрүүнд үүссэн байх жишээтэй. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Сулинхээр сумын нутаг бий болсон гэх мэт. Тухайн газар нутгийн чулуулгийг судалж, үүссэн хугацааг нь тогтоож байж энэ бүхнийг тодорхойлдог юм байна. Энэ бол геологийн шинжлэх ухааны “ажил”.

Ж.Бямба, Ж.Лхамсүрэн, Д.Чулуун нарын Монголын геологийн салбарын эхэн дээр зогсож, түүний түүх, лавлах нь болсон хүмүүстэй уулзах зуур өөрийн чадлын хэрээр тогтоож, ойлгож авсан зүйлийнхээ зах зухаас өгүүлж буй нь энэ. Зарим юмыг нь би буруу, дутуу ухаарсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Тийм юм анзаарагдвал намайг уучлаарай.

Геологи гэдэг өөрөө их адармаатай, их алсаас эх авдаг, тиймээс ч нэг юмны талаар судлаачдын байр суурь өөр байх нь ч элбэг байдаг шинжлэх ухаан гэнэ. Энэ салбар манайд 1950- иад оны эхнээс үүсч бий болсон гэж үздэг байна. Гэвч энэ салбарын мэргэжилтнийг дотооддоо 1960-аад оны эхнээс бэлтгэхэд бид монгол хэлээр гарсан сурах бичиг, гарын авлагагүй л байж. Сургалт ч ихэнхдээ орос хэлээр явж байв. Тэгээд 1960-аад оны сүүлчээс монгол хүн геологийн анхны сурах бичиг бэлтгэж гаргасан байна. Геологийн салбарт ном, сурах бичиг бий болгоход Ж.Бямба ихээхэн хувь нэмэр оруулсан хүний нэг гэж геологчид үздэг юм билээ. Лав 10 гаруй ийм бүтээл бичсэний дотор “Геотектоник” гэдэг ном нь гурав дахь удаагаа өнгөрсөн жил хэвлэгдсэн аж.

Тэгвэл “Монголын геологи ба ашигт малтмал” найман боть ном хэвлэгдэж гарснаар геологич болох гэсэн оюутнууд төдийгүй ерөөс энэ салбарынхан монгол хүмүүс , монгол хэлээр бичсэн гарын авлага, лавлах суурь бүтээлтэй болжээ. Эдгээр номыг анх 2009-2011 онд хэвлүүлж, хоёр жилийн өмнө бүрнээр нь дахин хэвлэсэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 50-иад жилд хийсэн геологийн бүхий л талын судалгааны материалд үндэслэн монгол эрдэмтэн судлаачид эх хэлээрээ бичсэн анхны томоохон бүтээл нь энэ найман боть аж. Уг бүтээлийг нэмж засварлан дахин хэвлэхээр бэлтгэж буй нь уул уурхайн салбар улс орны маань хөгжлийн түүчээ болж буй энэ цаг үед их ач холбогдолтой, олзуурхууштай ажил хэмээн энэ салбарынхан үзэж байна. Уг номыг бүтээхэд 50 гаруй хүн гар бие оролцож, Шинжлэх ухааны үндэсний академийн жинхэнэ гишүүн, геологи-минералогийн шинжлэх ухааны доктор, хүндэт профессор Жамбын Бямба ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж, хэд хэдэн ботийг нь хамтран бичиж, эрхлэн гаргасан байна.

Ашигт малтмал, байгалийн баялаг гэхээр наад зах нь нүүрс, цаашлаад алт, мөнгө, уран гэх бодол бидний олонхийн толгойд ордог. Тэгвэл Монгол орны маань хаана нь ашиглаж болох шавар, элс, хайрга, шохойн чулуу мэт гарын доорх, ойр зуурын материалууд байгааг мэдэж байх нь хот, аймаг, сум орон нутгийг хөгжүүлэхэд гол үүрэгтэй байдаг аж. Олборлож гадаадад гаргаад мөнгө юм уу бараа оронд нь авах баялгуудаас түрүүнд бидний амьдрал ахуйд хэрэгтэй, байшин барилгаа босгоход шаардагдах зүйлүүд хаана байгааг мэдэж байх нь чухал юм. Үүнд дээрх найман боть зохиол тус болох юм байна. Дөрөв дэх боть нь, Литосферийн плитийн тектоник гэсэн дан гадаад хэлний үгээс бүтсэн айхтар нэртэй. Монголоор “Чулуун мандлын хавтангийн тектоник” гэсэн утгыг илэрхийлэх гэнэ. Газрын хэвлийн ямар хөгжлийн явцад энэ бүтэц бий болов гэдэг талаар энд өгүүлжээ. Тэгэхдээ аливаа ашигт малтмал үүсэх орчинг геологийн шинжлэх ухааны шинэ үзэл баримтлалын үүднээс анх удаа авч үзжээ. Энд өгүүлснээр Монгол нутаг олон сая жилийн өмнө дов толгодтой л газар байснаа уул нуруудтай болсон байна. Энэ газар нутаг ийм үйл явцын дүнд үүссэн учраас энд тийм ашигт малтмал, металл байх ёстой гэсэн таамаглал геологчид дэвшүүлдэг аж. Гүний, хэт суурилаг чулуулагтай газар судлын төрлийн алт байх магадлалтай байдаг гэнэ. Тэгвэл нүүрс үүсгэдэг гол түүхий эд нь мод гэдгийг бид гадарлана. Тэгэхдээ нүүрсийг нуурын, тэнгисийн гэж хоёр ангилах бөгөөд нүүрсний найрлагад эртний амьтдын хольц байвал тэнд эрт цагт тэнгис байжээ гэж таамаглаж болно. Манай Тавантолгойн нүүрс чухам ийм төрөлд ордог юм байна.

Найман боть номны эхнийх нь “Стратиграф” гэсэн бас гадаад нэртэй. Үүнийг монголоор “Давхарга зүй” гэж нэрлэж болох гэнэ. Тухайн газрын гадаргуу дээр чулуулаг хуримтлагдсан дэс дарааллыг тогтоосныг ийн нэрлэдэг аж. 2.6 тэрбум жилийн өмнөөс өнөөг хүртэл монгол нутаг дээр хуримтлагдсан хурдас чулуулгийн талаар энэ ботид өгүүлсэн байна.

Эцэст нь тэмдэглэхэд хоёр дахь удаагаа 2012 онд хэвлэгдээд байгаа “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть энэ суурь бүтээлд Монголын нутагт чулуулаг үүссэн дарааалал, өнгөрсөн цаг үеийн амьтан, ургамал, газрын бүтэц, тогтоц, нүүрс, газрын тос, металл ба металл бус, газрын гүний, гадаргын болон усны ашигт малтмал гээд бүхий л талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн өргөн хүрээтэй, нүсэр ажил болсон байна. Эрдэс баялгийг судалж буй хүн бүрт гарын авлага, ширээний ном байхаар бүтээл гэж геологийн ухааны доктор, профессор Д.Чулуун үнэлж байна лээ. Мэргэжлийн хүмүүс судалгаагаа улам нарийвчлаад, дутуу дулимгийг нь нөхөж гүйцээгээд энэ бүтээлийг цаашид сэлбээд аваад явбал бидний үр хойчид өлзий буянаа өгөх учиртай. Геологчид гэдэг эцсийн эцэст чулуу судалдаг, түүний “хэлийг” мэддэг хүм үүс. Хэлийг нь мэддэг хүнд чулуу намтраа юуг нь ч нуулгүй хэлдэг “задгай амтай” юм гэсэн.


 

И.РЭНЧИНХАНД

Монголд анх удаа 1:1000000 масштабтай геологийн зураг зохиосон баг

ЭЗХТЗ-д ажиллаж байхдаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД