Дунд сургуулиудад РЕЙТИНГ ТОГТООЖ, хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй

2014 оны 10 сарын 08

  Айл өрх, иргэн бүрт хамаатай сэдэв болох боловсролын салбарт сүүлийн жилүүдэд томоохон өөрчлөлт хийж буй. “Сурах нь сураад, сурч чадахгүй нь мал дээр гар, эсвэл МСҮТ-д ор” гэдэг зарчим үеэ өнгөрөөж, хүүхэд болгоныг хөгжүүлье гэдэг уриа дэвшүүлээд байгаа тус салбарынхан бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд туршсаны эцэст улс орон даяар энэ жилээс хэрэгжүүлж буйтай холбоотойгоор цогц мэдээлэл өгөхөөр бид редакцынхаа хойморт зочид урилаа. Редакцын уулзалт маань зөвхөн бага боловсролын шинэчлэлээр тогтохгүй зэрэг олон сэдвийг хамарсан юм. Манай уулзалтад БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, тус яамны Бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн бүс хариуцсан менежер Д.Цэцэгмаа, нийслэлийн лаборатори I дунд сургуулийн сургалтын менежер Б.Эрдэнэбат, “Олонлог” дунд сургуулийн захирал Б.Баясгалан, нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн бага ангийн багш С.Минжин нар оролцлоо.

-Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарах гол зүйл юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

Б.Н: - Бага боловсрол гэдгийг бид юу гэж ойлгож байна вэ гэхээр сурах арга барил, эх хэлний мэдлэг чадварыг хамгийн өндөр түвшинд эзэмших ёстой. Өмнө нь багш бүгдийг зааж сургах ёстой гэж ойлгодог байсан. Нөгөө талаас хүүхэд бол цагаан цаас, бүгдийг зааж өгөх ёстой гэсэн олон нийтийн хандлага байсан. Бид үүнийг эсрэгээр нь өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднын удирдлагатай суралцахуйгаас өөрийн удирдлагатай суралцахуй руу шилжинэ. Өмнө нь заах, заалгах тухай ярьдаг байсан бол боловсролын шинэчилсэн хөтөлб өрийн хүрээнд хүүхэд яаж суралцдаг юм бэ гэдэг суралцахуйг нь судалж байна. Хүүхэд өөрийнхөө суурь мэдлэг чадвар дээр үндэслээд шинэ мэдээллийг хүлээж авах буюу үйл хийж үзэж байж суралцдаг юм байна. Үндсэн мэдлэг чадвар дээр суурилаад ямарваа нэг бэрхшээлтэй асуудалтай тулгарч, түүнийгээ шийдэж байж бас суралцдаг юм байна. Сургалтын үйл явцын амин сүнс нь хичээл. Хичээлийн 90 хувьд нь багш ярьдаг, багш заадаг, багш шалгадаг, багш үнэлдэг байсан. Тэгвэл шинэчилсэн хөтөлбөрийн гол үндсэн зүйл бол хичээлийн 80 хувийг хүүхэд өөрөө үйлдэнэ. Багш дэмжих, чиглүүлэх л үүрэгтэй. Тийм учраас багшаас маш сайн бэлтгэл судалгаа шаардана. Хүүхдүүдээ судлах, арга зүйгээ сайжруулах, хэрэглэх зүйлээ бэлтгэхэд илүү их хөдөлмөр зарах хэрэгтэй болно. Хүүхэд хичээлээр сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, түүнийгээ бодитой хэрэглээ болгоход нь туслах үүднээс амьдрах чадварт суралцах цаг гэж гаргаж ирсэн. Энэ цаг бол тусгайлсан хатуу хөтөлбөргүй. Тухайн багш, сургууль, орон нутаг бодлогынхоо дагуу энэ хичээлийг ямар агуулгаар явуулахаа шийдэх боломжтой юм. Боловсролын үйлчилгээ авч байгаа бол тэр хүүхэд амьдралдаа түүнийг хэрэглэдэг байх ёстой. Олж авсан мэдлэг нь амьдрахад нь үндсэн хэрэглүүр байх учиртай. Үүнтэй уялдуулаад хичээлээс гадуурх цагийг бий болгосон. “Ном”, “Авьяас” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гол зорилго нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг цагтай болгоод, багшийн ажлын үнэлгээ, цалинд тооцогддог болгож эхэлж байгаа.

-Үнэлгээ, бас сурах бичигт өөрчлөлт орж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

Д.Ц: -Өмнө нь бол үнэлгээг дүн тавих гэж хардаг байсан бол одоо үүнийг үйл явц гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд суралцах явцдаа зөв, буруу хийснээ өөрөө мэдэрдэг, түүнийгээ бусдаар хянуулдаг, түүнээсээ урам авдаг болно. Хүүхдийг сайн суралцах, сайн төлөвших хөшүүрэг болгож ашиглана гэсэн үг л дээ. Тэгэхээр үнэлгээ бол сурах бичигтэй адилхан хэрэглүүр болж ирсэн. Хоёрдугаарт, хүүхдийг сурсных нь дараа, чадваржсан хойно нь үнэл гэдэг шаардлага тавьж байгаа. Сурч байх явцад нь үнэлгээ хийснээс болж хүүхдийн сурах идэвх буурах, сонирхол нь багасах, урам нь хугарах байдал ажиглагддаг. Сурах бичгийн хувьд өмнө нь манай боловсролын практикт багш, хүүхэд ялгаагүй сурах бичгээ дагаад явдаг байсан. Зорилго их бөөрөнхий байж. Одоо бол зорилго тодорхой болсон. Чи ийм чадвартай болно шүү. Энэ улиралд унших хурдаа сайжруулна шүү гэдэг ч юм уу. Ингээд ирэхээр хүүхдийн зорилго тодорхой болж байна. Энэ зорилгыг ганцхан багш мэддэг байсан бол одоо хүүхэд, эцэг эх мэддэг болж, гурвуулаа нэг зорилготой болно гэсэн үг.

-Баясгалан захирлын хувьд одоогийн хэрэгжиж байгаа бага боловсролын хөтөлбөрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Б.Б: -Яамнаас цөм хөтөлбөр хэрэгжүүлэх баг томилсон юм байна лээ. Энэ багийнхан сургууль сургууль дээр ажиллаж байгаа. Есдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүрэгт уулзалт хийж, энэ хөтөлбөрийн талаар санал авч ярилцсан л даа. Ерөнхийдөө сайхан үзэл санаа. Гэхдээ бас анхаарч бодмоор юм бий. Хүүхдүүдээ яаж сургаж хүм үүжүүлэх вэ гэдэг ерөнхий үзэл санаагаар явахаас гадна эцэг эхчүүд, хэрэглэгчид юу хүсэж байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэд хүүхдүүдээ маш өндөр хэмжээнд сургахыг биднээс шаардаж байна. Математик, гадаад хэлийг олон цагаар заах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж, манай сургуульд жишээ нь хүүхдүүдээ өгдөг. Би энэ сургуулийг байгуулаад 13 жил болж байна. Ер нь анзаарч байхад бага боловсролыг 3-4 жилд өгөхөд л хангалттай юм билээ. Түүнээс цааш бол хүүхэд интернэт, гэр бүлийн орчноос асар их мэдээлэл авч байна. Шинэчлэлийн багийн төлөөлөгчдөд та бүхэн цаашаа уламжлаарай гэж би хэлсэн л дээ. Монгол Улсад бага боловсрол 1-5 дугаар анги байна гэдэг арай л урт хугацаа. Ерөнхий цөм хөтөлбөрийн хувьд Монголд урьд өмнө байгаагүй нарийвчлалтай сайхан хөтөлбөр болсон байна лээ. Түүнийг хэрэгжүүлэх асуудалд би маш их эргэлзэж байгаа. Дэлхийд тэгж байна, олон улсад ингэж байна гэдэг байр суурийг би маш их эсэргүүцдэг. Монгол Улс хүн ам цөөн, хоёр том орны дунд байдаг. Бид энэ том газар нутгийг эзэмшихийн тулд нэлээд өндөр түвшний боловсролтой, орос, хятад хэлийг англи хэлтэй нь мэддэг, үндэснийхээ хэлээр маш хурдан сэтгэж бодож чаддаг ийм л иргэнтэй байх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл, Монгол орны боловсролын өөрийнх нь бодлого гэж байх ёстой. Түүнээс биш олон улсад ингэж байна гээд дагаад намирч болохгүй.

Б.Н: -2012 оны тавдугаар сарын 9-нд Боловсролын тухай хуульд өөрчл өлт оруулж, өмнө нь зургаа, гурав, гурав гэсэн тогтолцоотой байсныг тав, дөрөв, гурав руу шилжүүлсэн. Монгол Улсын ерөнхий боловсролын тогтолцоог 12 жил рүү шилжүүлэх шийдвэр 2008 онд гарсан. Тэр үед бичигдсэн 12 жилийн хөтөлбөрөөр зургадугаар анги бол бага анги байсан. Гэтэл 2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дараа зургадугаар анги дунд анги болсон. Одоо ямар түвэгтэй байдал үүсээд байна вэ гэхээр энэ жилийн зургадугаар анги сурах бичгээс өгсүүлээд, багшлах боловсон хүчин, бүх зүйл дээр асар олон бэрхшээлтэй тулгарч байна. Зургадугаар ангид нэг ч удаа химийн хичээл орж байгаагүй, одоо би яах вэ гээд зогсож байгаа багш байна. Монгол Улс шиг боловсролын тогтолцоогоо зургаан жилийн дотор гурван удаа өөрчилдөг улс дэлхийд байхгүй байх. Жилтэй ноцолдохоо одоо больё. Харин бага ангийн багш нараа яаж чадваржуулах юм, агуулга, чанар хөтөлбөрөө хэрхэн хөгжүүлэх юм, эцэг эхчүүд яаж оролцох юм гээд хүнээс хамааралтай хариуцлагатай асуудлаа маш сайн болгох хэрэгтэй.

-Шинэчилсэн хөтөлбөр хувийн хэвшлийн сургуулиудад хамааралтай юу. Өөрийн гэсэн сургалтын хөтөлбөртэй , олон улсын жишгээр үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөр өнг ө оруулалттай сургууль олон бий?

Б.Н: - Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 756 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 5.6 хувийг хувийн хэвшлийнхэн эзэлж, боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээрт суралцаж байгаа хүүхдийн эзлэх хувь нь харьцангуй бага л даа. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монголын хууль, дүрэм журмыг дагах ёстой. Харин өнөөдрийг хүртэл нэгдсэн хяналт, үнэлгээ авч байгаагүй учраас ялангуяа бага ангид монгол хэлний хичээл орохгүй байна гэж гомдол гараад байна л даа. Бид өнгөрсөн жилээс үнэлгээний журмаа шинэчлээд 5, 9, 12 дугаар ангийнхнаас чанарын үнэлгээг жил болгон авч байхаар болсон. Өнгөрсөн жил 100 сургуулийг сонгон чанарын үнэлгээ хийсэн. Энэ жил дахин 100 сургууль хамруулна. Монгол Улсын төр хүүхэд нэг бүрийн тоогоор хувьсах зардал өгч байгаа. Түүнд багшийн болоод хүүхэд хөгжүүлэх бүх зардал орсон. Сурган хүмүүжүүлэх зардлыг төр өгч байгаа учраас буцаагаад чанарын шаардлагаа тавина. Монгол хүүхэд хэн болох ёстой вэ гэдэг тэр шалгуур дээр төрийн, төрийн бус гэлтгүй бүгд нэг зорилготой байх хэрэгтэй.

-Хөтөлбөрийг яг гардан хэрэгж үүлж байгаа Минжин багшийн яриаг сонсъё. Хичээл эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Ямар өөрчлөлт анзаарагдаж байна вэ?

С.М: -Энэ хөтөлбөрийг манай сургуульд хоёр жил туршсан л даа. Энэ жил улс орон даяар хэрэгжүүлээд сар гаруйн хугацаа болж байна. Туршилтын хугацаанд багагүй бэрхшээлтэй тулгарсан. Эхний хоёр сар юу хийхээ ч мэдэхгүй, хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг ойлголт багш нарын толгойд буухгүй байсан л даа. Багш хичээлээ заагаад, хүүхдүүд тэндээс мэдлэгээ олж аваад явдаг, 40 хүүхэдтэй ангид 4-5 хүүхэд хоцордог байсан. Яаж хүүхэд нэг бүртэй ажиллаж, эх хэлээр нь зөв сайхан яриулж сургах вэ гэсэн эргэлзээ байсан. Хоёр жил ажиллахад энэ эргэлзээ тайлагдсан. Харин багш нарт тулгардаг бэрхшээл гэвэл хичээлийн хэрэглэгдэхүүнд нэлээд их зардал ордог. Энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдээд явж байгаа. Эцэг эхийн дэмжлэг туслалцаа нэлээд өргөжсөн. Хүүхдүүд нь сурах идэвх сонирхолтой болоод ирэхээр эцэг эхийн хандлага их өөрчлөгддөг, багш нартай ойр харилцаатай болдог. Ярихаасаа илүү эцэг эхийн хурал, эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх сургалт явуулдаг. Хүүхдийг ингэж төлөвш үүлж байгаа юм байна, хүүхдийн сэтгэл зүрхэнд ингэж хүрдэг юм байна гэдэг талаас нь эцэг эхчүүд ойлгож авдаг болохоор хандлага нааштай сайхан байгаа. Өмнө нь бол математикт нь л сайн сургаад өг, давтлага авъя гэдэг байсан бол одоо хандлага их өөрчлөгдсөн шүү.

Б.Н: -Нэг сар болж байна, ямар зүйл өөрчлөгдсөн байна вэ гэж асуух эрт л дээ. Гурван жил тасралтгүй араас нь явж байж, одоо ийм үр дүн гарч байна гэдэг юм ярина. Түүнээс биш гэнэтхэн арга барилаа өөрчилнө гэвэл 20 жил багшилсан хүмүүсийн хувьд өмнөх сэтгэлгээгээрээ л явна. Багш нарын хандлага, арга зүй, эцэг эх, хүүхдийн сэтгэлгээг бид хамтарч ажиллаж байж л өөрчилнө. Жишээ нь Ховд аймгийн Засаг дарга “Хичээлийн хэрэглэгдэхүүнд багшийн бэлтгэл асар их шаардах юм байна, ядаж цаасыг нь аваад өгье гэхэд аймгийн хэмжээнд 75 сая төгрөг болж байна гэж хэлж байна. Зөвхөн бичгийн цаасанд шүү. Эцэг эхчүүд яаж дэмжиж болох вэ гэдэг бүх боломжийг нь олгоод, дээр нь орон нутгийн Засаг дарга, Иргэдийн хурал оролцоод, сургууль өөрөө санаачилгатай байвал боловсролын үйлчилгээ хүндээ хүрнэ.

-Эцэг эхийг төлөөлсөн нэг асуулт тавимаар байна. Хүү минь энэ жил нэгдүгээр ангид элссэн юм. За даалгавраа аваад ир гэхээр “Багш хоёр мөр л бичээрэй” гэсэн гээд өөр зүйл хийдэггүй. Зунжин би бичүүлж сургасан юм, уг нь. Гэтэл хөршийн маань нэгдүгээр ангийн хүүд багш нь өдөрт 2-3 хуудас даалгавар өгдөг гэсэн. Ийм ялгаатай байгаа нь ямар учиртай вэ?

Б.Н: -Бэлтгэл ангийнханд зориулсан 60 цагийн уян хатан хөтөлбөр гаргасан байгаа. Нэгдүгээр ангид танай хүүхэд шиг бичээд сурчихсан хүүхэд ч бий. Гэтэл бас юу ч мэдэхгүй хүүхэд ч орж ирж байгаа. Тийм учраас багш хүүхэд болгонд ялгаатай даалгавар өгнө. 96 дугаар сургуулийн багшийн өгсөн даалгавар танай хүүхдийн сургуулийн багшийн даалгавартай адил байх ёстой гэсэн тогтсон ойлголт чинь л зөрчил үүсгээд байгаа юм. Нэгдүгээр ангид эцсийн дүндээ хүүхэд ийм чадвартай болсон байх ёстой. Харин ямар зохион байгуулалтаар хичээлээ оруулах вэ гэдэг зохицуулалтыг нь сургууль, багшид нь өгөөд байгаа юм. Наад асуултаа багшаас нь асуух хэрэгтэй. Багш тэнд эзэн.

-Эцэг эхчүүд сайн багш, эсвэл хувийн хэвшлийн төлбөртэй сургуульд хүүхдээ сургахыг илүүд үздэг болсон. Энэ эрэлтийг дагаад сургуулийн чанар, чансаа яригддаг болсон. Гэвч чансааг ЭЕШ өгсөн сурагчдын оноогоор тодорхойлдог жишиг тогтчихож. Сургуулийн чанар чансаа нийт төгсөгчдийн сурлагын дүнгийн дунджаас харагдах ёстой биш үү. Бодлого тодорхойлогч яам энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг вэ?

Б.Н: -Бид дунд сургуулийн чанар чансааг сүүлийн 20 жил үнэлж чадаагүй. 2021 онд Монгол Улс олон улсын чанарын үнэлгээнд орно. Энэ ажлыг угтаад бид сүүлийн гурван жил чанарын үнэлгээ хийлээ. Өнгөрсөн онд 100 сургуулиас судалгаа авсан. Цаашдаа бүх сургуулийг хамруулна. Үүнтэй зэрэгцэн төрийн бус зарим байгууллага сургуулиудын чансааг тогтоож байна. Гэвч тэд чансааг зөвхөн ЭЕШ-ын оноогоор гаргаж байгаа юм. Энэ бол өрөөсгөл гэдгийг хэлэх хэрэгтэй. ЭЕШ-ын оноо, дунд сургуулийн хөтөлбөр, стандартын хэрэгжилт, түүнийг үнэлэх үнэлгээ хоёр бол хоёр өөр зүйл. Сурагчдын үндсэн хөтөлбөрийг эзэмшсэн байх ёстой чадвар нь чанарын үнэлгээ байх ёстой. Чансаа тогтоож байгаа ЭЕШ-ын оноо бол их, дээд сургуульд элсэх уралдаант шалгалтын оноо. Үүгээр чансаа тогтоох ёсгүй. Яам энэ ажилд оролцдоггүй, сургуулиудыг уралдуулахаас илүү хүүхэд бүрт чанартай боловсрол олгох бодлого барьдаг. Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн дунд сургуулийн хүүхдүүдийн чадвар, багш нарын арга барилыг судлахаас эхлээд хийх ажил бидэнд байна. Жишээ нь, өнгөрсөн онд Дорноговь аймгийн төвийн дунд сургуульд байгалийн шинжлэх ухаан илүү хөгжиж, Говь-Алтай аймгийн төвийн сургуулийн хүүхдүүд монгол хэл, уран зохиолын хичээлдээ сайн байна. Энэ амжилт, бууралт юунаас үүдэлтэй вэ гэх мэт нөлөөллийн судалгаа хийлээ. Үзүүлэлтүүд аймаг, орон нутагт харьцангуй гарсан. Үе дамжсан сайн багштай сургууль, багш нараа сайн бэлдэж чадаагүй сургуулиуд ялгараад ирж байгаа юм. Тийм учрааас яамны зүгээс сургалтын чанарыг багш нарын мэргэжил дээшлүүлэх бодлоготой уяж эхэлсэн. Эхлээд шалтгаанаа илрүүлж, оношлоод, дараа нь дэмжлэг үзүүлж, хугацаатай үүрэг өгч, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ авч, засаж залруулах хэлбэрт оруулах гэж хичээж байна.

Б.Э: -БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв 2006 оноос эхлэн төгсөгчдийн ЭЕШ-ын дүнг нэгтгэж, ном болгон албан хэрэгцээнд тарааж байгаа. Энэ бол том ажил. Номын хавсралтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн 756 сургуулийн төгсөгчдийн тоо, ЭЕШ авдаг арван гол хичээлээр шалгалтад оролцогчид ямар амжилт үзүүлсэн бэ гэх баримтыг хүснэгтээр үзүүлсэн байгаа. Гэхдээ байр эзлүүлдэггүй. Харин дунд сургуулийн чансааг тодорхойлж байгаа төрийн бус байгууллагынхан энэ номоос зөвхөн ЭЕШ өгсөн хүүхдийн тоо, оноог харьцуулаад сургуулиудад үнэлэлт, дүгнэлт өгч, топ зэргээр нэрлэж байгаа. Энэ бол учир дутагдалтай.

Б.Б: - Сургуулийн чанар, чансааг тогтоож болох ч үүний цаана хүүхдүүдийн эрх ашиг асар их хөндөгдөж эхэлсэн. Дунд сургуулийн хөтөлбөр, түүнийг үнэлэх үнэлгээ, рейтинг тогтоож байгаа үнэлгээ хоёр бол өөр зүйл. Жишээ нь, нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургууль бол 90 жилийн түүхтэй, өөрийн гэсэн сургалтын тэргүүлэх арга барилтай, хүүхдээ тэнд сургах бодолтой эцэг эхчүүдийн тоо хэзээ ч буурдаггүй. Гэтэл рейтинг өндөртэй сургуулийн тоонд ордоггүй. Яагаад гэвэл энэ сургууль бүх төгсөгчдөө, ЭЕШ-д оруулдаг. Энэ 150 хүүхдийн тоог ЭЕШ-д авсан онооны дундажтай харьцуулахаар үзүүлэлт нь буурдаг. Дунд сургуулиудыг ингэж ялгаварлаж байна. Нөгөө талаар зах зээлд энэ статистикаар тоглодог тоглогчид гараад ирсэн. Жишээ нь, зарим сургууль тухайн жил төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч байгаа хүүхдээсээ олон хүнийг, зарим нь төгсгөж байгаасаа цөөн хүнийг ЭЕШ-д шалгалтад оруулдаг. Сургуулийн рейтинг тогтоох явцад муу дүн үзүүлж магадгүй гэж үзээд зарим хүүхдийг шалгалтад оруулахгүй, сонгох эрхийг нь зөрчөөд байна л даа. Шалгалт өгөх эрхээ хасуулсан хүүхдүүд хавар болохоор “Би танай нэр дээр конкурс өгч болох уу” гээд сургууль, сургуулийн хаалга татдаг. Манай сургууль дээр ч ирдэг. Тэр ч байтугай өмнөх жил нь элсэлтийн шалгалт өгч, их дээд сургуульд орсон хүүхдүүд шалгалт өгч, төгссөн сургуульдаа оноо нэмэх жишээтэй. Ийм хийсвэр тоогоор байр эзлүүлж, уралдуулдаг болсноос үүдэн сургууль ч, хүүхдүүд ч шударга биш асуудлаар өөртөө ажил удах болсон. Тийм учраас рейтинг тогтоох асуудалд ялангуяа төрийн байгууллага, салбарын яам байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байна.

-Голдуу хувийн сургууль тэргүүлдэг чанар, чансаа тогтоох ажлын ард тэдний нэр хүндээ өсгөх, сургалтын төлбөрөө нэмэх эрх ашиг нуугдаж байх шиг санагддаг. Нэгэнт ийм өрсөлдөөн бий болсон бол яамнаас тодорхой стандарт гаргаад, ийм шаардлагын дагуу өрсөлд гэх зэргээр зохицуулалт хийх боломжгүй гэж үү?

Б.Н:- Чансаа тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллага, салбарын яам хорих боломжгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй. Яамны зүгээс Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын шинэчлэн найруулсан төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ асуудлын хүрээнд өөрчлөгдөх хуулиудад тулгамдаж байгаа энэ мэт асуудлыг тусгах хэрэгтэй юм. Мэдээж хэрэг, төрийн бус өмчийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээний ашиг олж болно. Үйл ажиллагаа явуулдаг бол хөгжлийн зардлаа олж, тодорхой хувийг нь сургалтын үйл ажиллагаанд зарцуулдаг байх хэрэгтэй. Асар их мөнгө олдог ч энэ орлогоо үндсэн үйл ажиллагаанд биш өөр зүйлд зарцуулдаг бол компанийн засаглал руугаа шилжих зэрэг асуудал тавигдах ёстой. Гэхдээ бүгдийг дан ганц Боловсролын хуулиар зохицуулж болохгүй. Дагаад Иргэний хуульд өөрчлөлт орохгүй бол зохицуулж дийлэхгүй асуудлууд бий.

Б.Б: Б.Насанбаяр даргын сая хэлсэн үгийг хүн болгон мэддэг байх ёстой. Сургуулийн чанар чансааны асуудлаар ард иргэдийн дунд бодитой биш мессеж тараах нь таатай биш. Дунд сургуулийн рейтинг тогтоох ажилд манай сургууль оролцож байгаагүй. Манай сургууль англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Би “Олонлог” сургууль сайн гэж сонинд бичүүлж үзээгүй хүн. Бид бүх төгсөгчдөө ЭЕШ-д оруулдаг учраас нэгдүгээр дунд сургууль шиг энэ шалгуурын ард үлддэг. Дахин нэг жишээ хэлэхэд, ганц хүүхэд англи хэлний хичээлээр ЭЕШ өгсөн, тэр хүүхдийн авсан өндөр онооны хувиар рейтинг нь өсөж, нэгдүгээр байр эзэлсэн сургууль топ сургуулийн дотор байна. Цаана нь тухайн сургуулийн, тэр хүүхдийн ангийн 29 хүүхэд англи хэлний шалгалт өгөөгүй. Үүнийг дагаад хүүхдийн эрх ашиг хөндөгдөх асуудал үүсдэг юм.

-Хувийн дунд сургуулийн төлбөр энэ намар хоёр сая төгрөгөөс эхлэн хотын төвийн нэг өрөө байрны үнэтэй тэнцэх болсон. Ижил үйл ажиллагаа явуулдаг сургуулийн төлбөрийн ялгаа юунд байна вэ. Сургалтын орчин, сургалтад ашиглаж байгаа технологиос шалтгаалж байна уу?

Б.Б: -Улаанбаатарт хувийн хэвшлийн 100 гаруй дунд сургууль бий. Манай сургуулийн төлбөр 4.5 сая төгрөг. Өндөр төлбөртэй сургуулийн тоонд ордог ч бусад өндөр төлбөртэй сургууль дотроо багад тооцогддог. Бид төлбөрийн хэмжээг багш нарын амьжиргааны өртөг, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаа тооцож тогтоодог. Энэ сургуулийг хэдэн багш нар нийлж байгуулсан, банкны өр зээлээ тооцдог. Жилийн төлбөр нь 10-40 сая хүрч байгаа сургуулиуд олон улсын IВ, Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, өндөр үнэтэй багш нараар хичээл заалгадаг юм болов уу. Жишээ нь Олон улсын дунд сургууль бол IB хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Их хүнд хөтөлбөр л дөө. Тиймээс уригдсан гадаад багш нарын цалин хөлсний үнэ сургалтын төлбөрт шингэдэг байх. Ер нь бол хувийн сургуулиуд сайн багш нарын хүчинд оршин тогтнодог. Эзэд нь тэднийгээ өндөр цалинтай байлгаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх үүрэг хүлээдэг. Энэ асуудалд бага биш хөрөнгө зарцуулдаг. Б.Н: -Өнөөдөр бодлого боловсруулж байгаа газрууд хувийн сургуулийн төлбөр өндөр гэхээс илүү “Чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд нэг хүүхдэд ийм хэмжээний зардал шаардагддаг” гэсэн бодит тооцоог гаргах ёстой. Боловсролын салбарт шинээр хэрэгжих олон улсын хөтөлбөрийг өндөр төлбөртэй авна. Тийм учраас 12 жилийн боловсрол олж авахын тулд нэг хүүхдэд хэдэн төгрөг зарцуулж байна вэ гэдгийг бодитойгоор тооцох ёстой. Төр өнөөдөр нэг хүүхдийн хувьсах зардалд, жишээ нь нийслэлд 300 гаруй мянган төгрөг бодож олгодог. Тухайн сургууль 2800 хүүхэдтэй байлаа гэхэд төрөөс хувьсах зардлаа хүүхдийнхээ тоогоор аваад, өөрөө өөрийнхөө менежментийг хийх зэрэг боловсролын санхүүжилтийг үр дүнтэй болгох ёстой. Мөн 30 хүүхэдтэй ажилладаг багш, 20 хүүхэдтэй ажилладаг багшийн цалинг арай ялгаатай тогтоох зэрэг олон судалгаа хийж байна. Ер нь бол боловсрол өөрөө өртөг өндөртэй, хөрөнгө шаардсан салбар гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой. Манай салбарын төсөвт хүүхэд нэг бүрийн хувьсах зардал багтдаг. Нэг их наяд, 200 тэрбум төгрөг гэдэг бол том. Гэтэл үүний 990 гаруй тэрбум нь хувьсах зардалд явдаг. Энэ нь ердөө сургалтын хэвийн, наад захын суурь үйл ажиллагааны зардал. Үүнд хүүхдийн хөгжлийн, нэмэлт сургалтын гэх мэт ямар ч зардал багтаагүй. Ингээд үлдсэн мөнгөө сургууль, цэцэрлэгийн урсгал засвар зэрэг зүйлд зарцуулдаг учраас шинэ цэцэрлэг, сургуулийн талаар бодож чаддаггүй. Өнөөдөр дэлхий нийт хөгжлийн загвар бол боловсролд хөрөнгө оруулах явдал гэж үздэг болсон.

-Б.Э: Төрийн бус өмчийн сургууль өөрөө хөгжих ёстой ч төр нөгөө талдаа төрийн өмчийн сургуулийг хамгаалах ёстой. Бид сайн багш нараа алдаж байна. Энэ бол хамгийн том гарз. Хувийн сургуулиуд сайн багш нарыг уриад аваад явдаг. Нэг сайн багш явахаар сайн шавь нар нь дагадаг. Хүүхдүүдийг сургалтын хөнгөлөлт гэх зэргээр татдаг жишээ олныг дурдаж болно. Энэ хоёрын тэнцвэрийг олох ёстой.

Б.Б: -Дунд сургуулийн хүүхдүүд өмссөн зүүсэн, ярьж хэлж буйгаараа ялгагдана гэдэг бол хүнд асуудал. Бидний ирээдүй цаашдаа яаж хамтарч ажиллах юм бэ. Цаг хугацааг хамт туулах, нэг л үеийнхэн. Нөгөө талаар өндөр төлбөртэй сургуулийн мөнгө хэрхэн зарцуулагдаж, хүүхдүүд ямар хэмжээний боловсрол эзэмшиж байна вэ гэдэг нь өөрөө том анхаарлын тэмдэг мөн. Тийм учраас хүүхдийн хүмүүжил, төлөвшилд төр өндөр төлбөртэй хувийн сургууль, хувьсгалын сургууль гэж ялгахгүйгээр бодлогоор хяналт тавих цаг болсон. Тодорхой хууль, дүрэм журмаар зохицуулдаг ч юм уу энэ хяналтыг чангатгах хэрэгтэй. Ер нь бол салбарын яам хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд төрийн өмчийн бус сургуулийг компанийн хэлбэрт нь оруулж, татвар зэрэг бодлогоор барьж эхлэхгүй бол сургууль гэдэг нэрийн дор орлого ашгаа нуух, мөнгө угаах зэрэг асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Аж ахуйн нэгжийн зөвшөөрөлтэй, статус нь тодорхойгүй төрийн өмчийн бус цэцэрлэг, дунд сургууль, их, дээд сургуулийг эмх цэгцтэй болгох ёстой шүү дээ. Тэдний үйл ажиллагааг тодорхой болгоод, эрх зүйн орчноор баталгаажуулж, ашиг орлогоо зөв тооцоод, татвараа төлөөд яв гэсэн шаардлага тавихад миний зүгээс татгалзах юм алга.

Б.Н: Өнөөдрийн хүүхдүүд ирээдүйд хамтран ажиллаж, амьдарна. Тийм учраас төр, нийгэмд ялгаа үүсгэхээс сэргийлэх ёстой. Боловсролын салбарт төрийн болон хувийн хэвшил, орон нутаг ба нийслэлийн захын дүүрэг гэж ялгахгүй ижил стандарт мөрдөх нь зөв байх. Засгийн газар энэ оноос “Хувийн хэвшлийн өндөр төлбөртэй сургуульд хувьсах зардал өгөхгүй байх” тухай тогтоол гаргасан. Энэ бол эхний шийдэл. Цаашдаа боловсрол олж авах нэг хүний бодит өртгийг нарийвчилж хуульчлах ёстой. Бид янз янзын тооцоо хийж үзсэн. Жишээ нь, их сургуулиудын нэг кредит цагийн төлбөр, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа оюутны зардал тэс өөр гарч байна. Энэ хичээлийн жилээс МУБИС-д туршиж байгаа. Нөгөө талаар сайн багш нар хувийн сургууль руу шилжсээр байгаа. Энэ шилжилтийг зохистой хэмжээнд байлгахын тулд төрөөс багш нарын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг эргэн харах ёстой. Жишээ нь Төрийн өмчийн сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарахад авах тэтгэмж нь арай ахиу байна гэх зэргээр шийдэл бодож байгаа. Юуны өмнө бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарын цалинг боломжийн түвшинд хүргэчихээд хэдэн багшаасаа юм шаардах ёстой юм.


 

Тэмдэглэсэн Г.ОЮУНГЭРЭЛ, Д.ОТГОНЖАРГАЛ

Б.Насанбаяр

Д.Цэцэгмаа

Б.Эрдэнэбат

Б.Баясгалан

С.Минжин

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.250 Японд МУИС-ийн нэг тооны багш доктор хамгаалахаар очоод аялалд хамт явж билээ. Бүх гадаад оюутнууд автобусанд явж байхдаа, үг хэлэх болж.. Гадаадууд ямар гое бүгд англиар хүнд ойлгомжтой сэтгэл сэргээмээр үг хэлж байхад, харин манай багш маань ”Нэрээ хэлээд, Монгол 1.... метр квадрат талбайтай” гээд нөгөө тоогоо англиар яг бүр тоогоор нь бүтэн хэлээд өөр юу ч яриагүй. Би бодлоо л доо. ”Энэ багш ямар ой сайтай мундаг юм бэ?” гэж монголчууд маань бахархах байсан байхдаа, би лав хэзээ ч ингэж тогтоож чадахгүй. Харин гадаадууд бол өөрөөр бодох байсан байх. ”Энэ тоо хэнд хэрэгтэй юм, хэрэв ойлгуулмаар байгаа бол Монгол японоос 4 дахин том газар нутагтай гэвэл бид ойлгоно ш дээ”. Тийм болохоор хүүхдийг багаас нь илэрхийлэх чадвар суулгах, нүүр хагаруулах зэргийг бүр цэцэрлэгээс нь бага ангиас нь сургах хэрэгтэй. Бас чөлөөтэй байлгах, дүн аввал өөр хоорондоо бүү хэл гэж багш нар нь хэлэх хэрэгтэй
202.21.106.250 Тэр өндөр математикийн чадварчинь хэнд хэрэгтэй юм бэ, хэт хийсвэр багшаас сурсан өндөр мэдлэг чинь харин хүнийг юу ч хийж чадахгүй болгодог, худлаа л дээгүүр юм яриад, харин нэг юмыг олон талаас нь заадаг, өөрсдөөр нь сэтгүүлдэг, илэрхийлж чаддаг болгодог боловсрол л хэрэгтэй. Олон улсад цээжлүүлчихсэн тооны өндөр мэдлэгтэй тэр хүмүүс чинь ”Толгой байна, даан ч залхуу” гэдэг нэртэй ажил хийж чаддаггүй монголчууд, сэтгэдэггүй, өөрсдийгөө лаг гээд бодчихсон юмнууд зөндөө гадаадад явж байдаг юм билээ. Гэтэл хэдэн жил ажиллаад л тэр өөрсдөөс нь муу гадаадуудаас ямар их үр дүн ул сууртай бүтээл гарсаных нь дараа, ”би үнэхээр юм хийж чаддаггүй юм байна, багш нар маань хий хоосон мэдлэг, зүгээр л толгойд хийдэг байжээ” гэдгийг ойлгодог юм даа.
80.111.141.12 Baga angiin huuhduudiig group bolgood bagaar ajillh zarchim zaadah yum bilee, er ni gadaadad bol hicheel zaahaasaa iluu niigmiin hun beltgehed anhaardag, bayrlalaa uuchlaaai gesen hellehuudiig togtmol heluulj huuhduudiig olnii umnu uuriiguu ilerhiildeg bolohod ni tusladag yum bilee, hicheeleer het shahaj hereggui, bagsh nar uursduusuu ehel
202.131.234.50 бага ангийн боловсрол их чухал ,хичээлээс гадна хүүхдэд зөв сэтгэлийг суулгах нь их чухал болжээ.ЭЕШ тухайн сургуулийн чанарыг тодорхойлох нэг үзүүлэлт яах аргагүй мөн.Сайн сургууль төгссөн хүүхдүүд бүгд дээд сургуульд асуудалгүй элсэж байна.Эцсийн үр дүн нь хүүхэд хүссэн мэргэжлээрээ сонгосон дээд сургуульдаа тэнцэж элсэн суралцах гэж бодож байна.