“АЭРОМОНГОЛИА”-ГИЙН ЗАХИРАЛ АСАН П.БААТАРСАЙХАНЫ ӨДҮҮЛСЭН ЗАЛИЛАН

2014 оны 10 сарын 07

Монголд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс, компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлага нэгнээ залилан мэхлэх, мөнгө төгрөгийг нь луйвардах явдал цөөнгүй гарч, нэг нь залилж хашрахгүй, нөгөө нь мэхлүүлж ханахгүй юм. Залилагчдын үйлдэл, арга улам бүр нарийсаж, залилсан мөнгөний хэмжээ ч улам нэмэгдэж байна. Хэдэн жилийн өмнө иргэдийг гадаадад ажиллахад зуучлах, сүлжээний гэх мэт залилангийн хэрэг гарч, жирийн иргэдийг хохироож байсан. Сүүлийн жилүүдэд НӨАТ-ын падаанаар залилан хийж, төрд их хэмжээний хохирол учруулсан. Үүнтэй зэрэгцээд компанийн удирдлагууд бие биенээ хулхидах явдал гарах болов. Үүний тод жишээ нь нэг хэсэг хэвлэлээр дуулиан болсон “Аэромонголиа” компанийн захирал асан П.Баатарсайханд холбогдох хэрэг. Энэ хэргийн талаар өгүүлье.

ХУВЬЦАА ХУДАЛДАН АВСАН БИШ, ӨРИЙН ДАРАМТАД ОРОВ

Монголын хувийн авиа компаниудын анхдагч нь “Аэромонголиа” гэхэд нэг их буруудахгүй байх. Тус компанийн үйл ажиллагаанд хэдэн жилийн өмнө хүндрэл учирч, нислэгт гарч чадахгүй, онгоцоо банкны барьцаанд тавьж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Энэ бүхэн нь тус компани хэдэн жилийн өмнө санхүүгийн эрсдэлд орж байсныг илтгэх мэт. Тиймдээ ч “Аэромонголиа”- г үүсгэн байгуулагч П.Баатарсүрэн компанийнхаа хувьцааны тодорхой хэсгийг худалдахаар шийдсэн бололтой. Улмаар хөрөнгө зуучлалын MICC компанийн захирал Д.Ачит-Эрдэнэд ханджээ. Түүгээр зуучлуулан П.Баатарсүрэн “Моннис интернэйшнл” компанийн захирал Б.Чулуунбаатарт хувьцаагаа худалдах болжээ. Энэ тухай хавтаст хэрэгт MICC компанийн захирал Д.Ачит-Эрдэнэ “2006 оны тавдугаар сарын 22-нд манай компанид “Аэромонголиа” ХХК-ийн захирал П.Баатарсүрэн ирж, уулзаад компанидаа хөрөнгө оруулалт татах хүсэлтэй, тийм компанитай холбож өгөөч” гэсэн. Хүсэлтийг нь хүлээн аваад ажил гүйцэтгэсний гэрээ байгуулж, хөлсөнд нь хөрөнгө оруулсан мөнгөн дүнгийн таван хувийг авахаар тохирсон.

2007 оны гуравдугаар сард “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээ бид тохиролцон шинэчилж, хөрөнгө оруулалтын үнийн дүнгээс таван хувийг авах байсныг өөрчлөн 2.5 хувийг авахаар болсон юм. Тухайн үед төлөх ёстой гэсэн дүгнэлт авчирсан. Өөр өр төлбөр байхгүй гээд гарын үсэг зурж баталгаажуулсан байв. Ингээд “Нимм Аудит”-ын дүгнэлтийг үндэслэн “Аэромонголиа” ХХК ойрын таван жилд хэрхэн ажиллах талаар бизнес төлөвлөгөө гаргаж, хөрөнгө оруулагч хайхад эхлээд Х.Дөчинтав гэдэг хүн, дараа нь “Моннис интернэйшнл” компани хөрөнгө оруулахаар болж гэрээ байгуулсан” гэжээ.

Тус компанийн хувьцааг хэрхэн авсан талаараа хохирогч, “Моннис” компанийн захирал Б.Чулуунбаатар MICC ХХК-ийн захирал Д.Ачит-Эрдэнээр дамжуулж “Аэромонголиа” ХХК-ийн захирал П.Баатарсүрэнтэй уулзан хуулийн дагуу гэрээ хийсэн. Намайг хувьцаа худалдан авах үед компанийн өр төлбөр бусад аж ахуйн нэгж, байгууллагад 9.5 тэрбум төгрөг, 1.6 сая ам.долларын өртэй дампуурлын ирмэгт байсан. Үүнийг нь ч баталж, ИНЕГ-ын Эдийн засгийн зохицуулалтын хэлтсээс “Үйл ажиллагаа хэвийн явах боломжгүй, их хэмжээний өр төлбөртэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Ингээд би тус компанийн хувьцаанаас Х.Дөчинтавын мэдлийн 10 хувь, П.Баатарсүрэнгээс нийт хувьцааных нь 20 хувийг худалдаж аваад 1.5 сая ам.долларыг нь компанийн хэвийн үйл ажиллагаа явуулахад зарцуулахад хөрөнгө оруулалт хэлбэрээр “Аэромонголиа” ХХК-ийн данс, үлдсэн 700 мянган ам.долларыг нь иргэн П.Баатарсүрэнгийн хувийн данс руу шилжүүлсэн. Гэрээнд зааснаар компанийн анхны 9.5 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллараас өөр өр төлбөр нэмж гарч ирвэл П.Баатарсүрэн дангаараа хариуцахаар заасан. Бид үйл ажиллагаа явуулж байхад П.Баатарсүрэн компанийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшлийн, өр төлбөртөө түүнд өгсөн байсныг тодорхой хэмжээний хөрөнгө зарж авч байсан. Гэтэл явцын дүнд дээр дурдсан төгрөгт хүрсэн.

Гэрээний дагуу П.Баатарсүрэн уг өр төлбөрийг дангаараа хариуцах ёстой байтал “Төлөхгүй” хэмээн зайлсхийж, бид хоёрын хооронд маргаан үүссэн. Үүнээс гадна 2013 онд “Анод” банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэл ирж, “Аэромонголиа”-гаас 4.6 тэрбум төгрөгийн зээлээ төлөхийг шаардсан. Энэ зээл нь биднийг гэрээ байгуулахаас өмнө буюу 2006 оны дөрөвд үгээр сард П.Баатарсүрэн эхнэр Ш.Цогзолмаагаараа дамжуулж, “Анод” банкнаас 1.8 сая ам.доллар зээлж, хувьцаагаа барьцаанд тавьсан байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, өөр зээлийн барьцаанд байгаа хувьцаагаа хэлэлгүй биднийг залилсан. П.Баатарс үрэн өөрийн компанийн бүх өрийг үнэн зөв гаргаж, тайлбарласан бол би хөрөнгө оруулахгүй байсан. Гэтэл тэр өр зээлээ нуун дарагдуулж, занганд оруулаад явсан. Иймд энэ хүнд маш их гомдолтой, хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэжээ.

П.БААТАРСҮРЭН: БИ МӨНГӨ ТӨЛӨХ ЁСГҮЙ, АВАХ ЁСТОЙ

Санхүүгийн хүндрэлд орсон компанийн захирал хөрөнгө оруулж компаниа өөд татахын тулд нааш харсан хүн бүрээс мөнгө авахын түүс болдог бололтой. Хөрөнгө зуучлалын компаниар дамжуулж тодорхой хэмжээний хувьцааг нь худалдан авахаар сонирхсон иргэн Х.Дөчинтаваас хөрөнгө оруулах мөнгийг нь П.Баатарсүрэн нэхсээр байгаад авчээ. Энэ тухайгаа гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Дөчинтав “П.Баатарсүрэн миний гар дээр гараа тавиад чиний мөнгө надад хэрэгтэй байна, хоёулаа хамтарч ажиллая” гэсэн. Тэр үед “Аэромонголиа” компани дөрвөн онгоцтой, үүний хоёр нь зогссон, нэг нь ХБНГУ-д засварт ороод, мөнгөгүй учраас авчирч чадаагүй, компанийн үйл ажиллагаа зогссон, “Анод” банкинд зургаан сая ам.долларын өртэй байсан. П.Баатарсүрэн захирал надад “Чи надад хоёр сая ам.доллар өгвөл би онгоцоо авах гээд байна. Анод банк бас зээл өгнө гэж шаардсаар байгаад мөнгө авсан” гэжээ. Тухайн үед П.Баатарсүрэнгийн эхнэр нь “Аэромонголиа”-гийн ерөнхий менежер, охин нь нягтлан бодогч байсан гэнэ. Компанийн удирдлагад ажиллаж байсан гэр бүлийнхэн юутай ч “Хувьцаа эзэмшигчийн гэрээ” байгуулах үед өр төлбөрийг 9.5 тэрбум гэж тусгасан байж. Гэвч сүүлдээ өр төлбөр нь нэмэгдсээр 11 тэрбум орчим болов. Тэгэхээр гурван тэрбумын зөрүү өр төлбөр гарч ирсэн гэсэн үг. Нэг хэсэг нь “Анод” банкинд байсан бол нөгөө хэсэг нь “Монгол даатгал”- д байжээ. “Монгол даатгал”-ын гадаад захирал нь хувьцаа эзэмшигч Х.Дөчинтаваас өрөө төл гэж нэхдэг байсан байгаа юм. Харин П.Баатарсүрэнтэй нь өр төлбөрийн асуудлаар уулзах гэхээр уулздаггүй, утсаа авдаггүй, зугтдаг байсан гэнэ. Харин “Аэромонголиа” компанийн захирал П.Баатарсүрэн “2008 оны долдугаар сарын 1-нд МАХН-ын байр шатсанаас болж тэнд байрлаж байсан, манай компанийн санхүүгийн бичиг баримт бүгд үгүй болсон. Би компанийн захирлаар ажиллаж байхдаа өр төлбөрийг төлөөд явж байсан. ”Монгол даатгал” ХХК-д төлөх өр төлбөр гэрээний хавсралтад байгаа. Нэмж гарч ирсэн 198.200 ам.долларыг “Аэромонголиа” ХХК төлөх ёсгүй. Яагаад гэхээр 2006 онд манай компанийн онгоцны хөдөлгүүрт эвдрэл гарч, агаарт гэнэт зогссон. Ажлын их ачааллын үед уг онгоцны үйл ажиллагаа саатсан. Тиймээс бид “Монгол даатгал”-аас нөхөн төлбөр гаргуулъя гэж хандсан ч төлөхгүй гэсэн. Нэлээд хэл ам болсны дараа “Монгол даатгал” төлбөр төлөхөөр болсон ч таг болсон. Агаарт онгоцны хөдөлгүүр зогссоны шалтгаан нь үйлдвэрлэлийн доголдлоос болсон тул хохирлыг үйлдвэрлэгчээс авах ёстой гэж үзсэн. Тиймдээ ч “Монгол даатгал”-д 198.200 ам.доллар төлөх ёсгүй, харин үйлдвэрлэгчээс хохирлоо гаргуулж авах ёстой байсан. Бусад өр төлбөрийн тухайд “Аэромонголиа” ХХК-ийн онгоцны түлш, даатгал, түрээс, үйлчилгээтэй холбоотой зардал ба онгоц явахад юу шаардагддаг, тэр бүгдэд л төлсөн мөнгө юм. Энэ хүмүүсийг би хохироогоогүй. Миний учруулсан хохирол гээд байгаа мөнгөнөөс би хувьдаа авсан зүйл байхгүй. Би өөрийн компанийг Б.Чулуунбаатарт зарсан. Гэтэл би өөрийн компанийг худалдчихаад, дараа нь 4-5 жил шүүхээр явж байж шүүхийн шийдвэр гарч өөрийн компанийг худалдсан төлбөр болох 3.5 тэрбум төгрөгийг авахаар болсон. Мөнгөө авч чадахгүй, харин ч хохирч дахин мөнгө өгөхөөр болж байгааг ойлгохгүй байна” гэжээ.

ЕСӨН КОМПАНИД ОЛГОХ 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРӨӨ НУУСАН ГЭЖ ШҮҮХ ҮЗЭВ

П.Баатарсайханд холбогдох хэрэгт хөндлөнгийн шинжээчээр “Улаанбаатар аудит” компани дүгнэлт гаргажээ. Тэдний хийсэн дүгнэлтээр “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-ний хавсралт 2-т заасан өр төлбөрөөс гадна аудитын шинжээчийн дүгнэлтээр төлбөрийг тогтоосон нь ирүүлсэн анхан шатны баримтаар тогтоогдож байна. “Номин юнион” банк бус санхүүгийн байгууллага, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Магнай петролиум”, “Шунхлай”, “Монгол даатгал”, “Роллс ройс лизинг лимитед”, “Чайна авэйшн ойл саплай корпэрейшн лимитед”, “Голомт”, “Хас” банкинд хоёр тэрбум 366 сая 223 мянган төгрөгийн өр төлөөгүй бөгөөд энэ бүгд 2007 оны зургадугаар сарын 13-наас өмнөх хугацаанд тавьсан зээл байжээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тооцов. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. П.Баатарс үрэнгээс 2.6 тэрбум төгрөг гаргуулж, хохирогч “Моннис интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чулуунбаатарт олгохоор болжээ. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх болон Улсын Дээд шүүх хэлэлцээд, оноосон ялыг хэвээр үлдээсэн юм.

 

Г.РАВЖАА