КАННАБИС ИХ ХЭМЖЭЭГЭЭР БЭЛТГЭЖ, БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЗАЛУУСЫГ БАРИВЧИЛЛАА

2014 оны 10 сарын 07

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (ЗБГХТГ)-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй хийх тэмцлээ улам эрчимжүүллээ. Сүүлийн 14 хоногийн дотор хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, борлуулсан, бэлтгэсэн 19 хүнийг илрүүлээд байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр орой дөрвөн хүнийг саатууллаа. Тэдний гурав нь түүж бэлтгэж байсан бол нэг нь борлуулахаар авч явжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн “Төв аймгийн нутгаас 10 орчим кг хар тамхины төрлийн каннабис хэмээх ургамлыг түүж байсан Т, Б, Ц нарыг өчигдөр газар дээр нь саатууллаа. Энэ гурван залуу 1986 онд төрсөн, 28 настай. Тэднийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасны дагуу мансууруулах бодис борлуулах зорилгоор түүж бэлтгэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Сэжигтнүүдийг өчигдөр үдэш Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Ургамлын дээжээс Шүүхийн шинжилгээний үндэсний төвд илгээж шинжлүүлэхээр илгээлээ” гэв.

Дээрх хүмүүсийн хоёр нь Дархан-Уул аймгийн харьяат, нэг нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн гэнэ. Тэд зохион байгуулалттайгаар эртнээс төлөвлөн ярилцаад Төв аймгийн нутагт уулзан өвсөө түүж байжээ. ЗБГХТГ-ын ажилтнууд Монгол орны нутаг дэвсгэрт ургадаг олсны төрлийн каннабисын тархацыг судалж, ургадаг бүх газрыг нь хяналтдаа авчихаад байгаа бөгөөд дээрх хүмүүс хяналтад байгаа газраас нь уг ургамлыг түүж байгаад баригдсан гэнэ. Түүнээс гадна 2.5 кг каннабис түүж бэлтгэн борлуулах гэж явсан Чингэлтэй дүүргийн иргэн, 30 настай Б-ыг үйлдэл дээр нь ЗБГХТГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлжээ. Түүнийг өчигдөр орой цагдан хорихоор анхны мэдүүлгийг нь авч байхад нь тааралдсан юм.

Тэрбээр “Уг ургамлыг эртнээс мэддэг. 2.5 кг каннабисыг энэ оны долдугаар сард түүж, хатаасан байсан. Тэгээд борлуулах гэж байгаад баригдлаа” хэмээн ярьж байлаа. Түүнээс эд мөрийн баримт болгож, хогийн уутанд савласан хатаасан өвсийг хураагаад байсан юм. Хар тамхины төрлийн бодис бэлтгэж, борлуулахыг завдсан дээрх дөрвөн хүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.

 

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД