ТОСА- Д “НУУГДСАН ТАРВАГА”

2014 оны 10 сарын 07

-Тарваганы махыг хууль бусаар борлуулж байна-

  Тарваганы маханд дургүй монгол хүн цөөн. Сүүлийн жилүүдэд энэ амьтны тоо толгой эрс цөөрч, зарим газарт нүдний гэм болсон. Уг нь Байгаль орчны сайдын тушаалаар байгалийн нөөцийг хамгаалах, хэвийн өсөж, үржих нөхцөлийг хангах зорилгоор тарвага бүхий аймгуудын нутагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хориглосон ч, тоо толгой нь дорвитой өсөн нэмэгдсэнгүй. Энэ нь нэг талаар тарвагыг хулгайгаар агнаж, боодог хийж идэж байгаатай холбоотой.

Хөдөө зун амарч явахдаа хайрцаг сумаар гурван боодог наймаалцаж байхтай ч таарч байлаа. Боодог худалдан авч дарж, өвөл, хавар үнэд хүргэдэг хүмүүс ч байдаг. Энэ мэтээр орон нутагт хараа хяналт сул, айл болгон л урхи, хавх тавиж, буудах зэргээр хороож байгаа болохоор тарваганы тоо толгой яаж ч нэмэгдэх билээ. Үүгээр зогсохгүй Улаанбаатарт оруулж ирэхийг хориглочихоод байхад авчран нууцаар худалдаж байна. Ингэхээр хориглоод ч нэмэр алга байгаа юм биш үү. Батлагдаагүй л болохоос цагдаа, хууль хяналтын байгууллагынхан хураасан тарвагаа боогоод идчихдэг гэх яриа ч байдаг.

Нийслэлд уг нь тарваган тахал өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тарваганы мах, түүний гаралтай түүхий эд зарж борлуулахыг хориглосон байгаа. Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт байдаг. Сүүлийн 10 жилд 16 аймгийн 96 суманд 425 мянган га талбайд тахлын голомт идэвхтэй байгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тогтоогоод байгаа. Тиймээс тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ч, иргэд хууль бусаар тарвага агнаж, тахлын халдварын аюул тээсэн түүхий эдийг хүн ам олонтой хот суурин газарт борлуулж байгааг таслан зогсоох хяналтыг чангатгах шаардлага байна. “Нууц дуран” энэ удаа хөдөө орон нутгийнхан сүү, цагаан идээгээ борлуулдаг төвүүдийн нэг ТОСА төвийн наймаачдыг дурандлаа.

ХҮН МАХНЫ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн болон мал амьтны гоц халдварт өвчин тээгдэн ирэх, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газраас “Томоохон худалдааны төв, захуудад шалгалт хийх удирдамж” боловсруулан, дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст хүргүүлсэн аж. Үүний дагуу Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн II хэлтэс хамтран Баянгол дүүргийн I хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, “Саса интернэйшл” компанийн ТОСА төвд шалгалт хийдэг ч, тарваганы тулам, эд эрхтнийг нь борлуулдаг хүмүүс цагаан идээгээр халхавчлан худалдсаар байна. Уг нь цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ сарын 16-ны өдөр хүртэл дүүргийн хэмжээнд байгалийн болон мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Гэсэн ч хууль хяналтын байгууллагынхан амарч байгаа ар хударгаар борлуулсаар байна.

Өнгөрсөн ням гаригийн үдээс хойш ТОСА төвийн үүдээр орохын алдад нэгэн эмэгтэй шивнэх шахам “Тулам байна” гэв. Үүднээс жаахан зайдуухан очоод “Хүн мах байна уу, ходоод, элэг, цөс, давсаг олдох уу” гэж асуухад:

-Хүн мах байна. Ширхэг нь гурван мянга. Өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байна. Өчигдөрхөн 2500 төгрөг байсан юм. Ходоод, элэг цөс олж өгч болох байх. Давсаг байна. Ширхэг нь 1000 төгрөг.

-Хүн мах хэдийг авах юм бэ гэж байна.

-10-20 ширхэг авмаар байна. Танд олдох уу?

-Олж өгч болно. Маргааш хүрээд ирэхэд болно. Одоо байгаа нь 10 арай хүрэхгүй байх.

-Хүн махны үнэ яагаад нэмэгдээд байгаа юм бол?

-Хүн махыг зөв, жорын дагуу хэрэглэж чадвал нойр булчирхайн хавдар, өвчлөлийг амархан эдгээдэг. Тийм болохоор л хүмүүс маш их авч байна. Түүгээр зогсохгүй Солонгост ажиллаж байгаа монголчууд руу явуулах тохиолдол ч байгаа гэсэн.

-Хилээр гаргахгүй шүү дээ. Та худлаа яриагүй биз?

-Нууцаар гаргадаг гэх юм билээ. Өнөөдөр л гэхэд хүн мах 20-иодыг аваад явлаа. Гялгар уутанд сайтар боогоод далд хийчихдэг юм гэсэн.

-Тарваганы мах, тулам хэдэн төгрөгийн үнэтэй байгаа бол?

-Өнөөдөр 60 мянган төгрөгийн үнэтэй байна. Эгчээсээ 55 мянгад ав. Сайхан тулам байгаа шүү. Дотор 60 мянгаас буухгүй байгаа гэв.

СҮҮНИЙ НАЙМААЧДЫН ХӨРГӨГЧНИЙ БУЛАНД “ТАРВАГА” НАЙДВАРТАЙ БИЙ

Тус төвийн үүдээр ормогц баруун гар талд сүү борлуулж буй эрэгтэй, эмэгтэй хоёр сууна. Өрөөг харвал хөлдөөгч, хөргөгч байрлуулсан, сүү борлуулахаар тохижуулсан лангуу аж. Тэднээс “Боодог байна уу, ямар үнэтэй вэ” гэхэд гайхсан янзтай лавласнаа “Тулам байгаа. 60 мянган төгрөг. Хэдийг авах вэ” гэв. Нутаг нутгийнхан туламласан тарвагыг өөрөөр нэрлэж буйгийн илрэл нь тэр хоёрын гайхаж, лавшруулсан асуултаас илэрхий байлаа. Тэднээс үнэ ханшийг нь лавлаж байтал, хар хөх хүрэмтэй нэг залуу орж ирээд айраг амсах зуурт туламны талаар ярилцаж авахаар болов. Эмэгтэй нь нөгөө талын лангууны хүмүүсээс хар гялгар уут авч буцаж ороод хаалгаа хаагаад хэдэн минут болсны дараа өнөөх залуу гарч ирэв. Хар уутанд бондойтол боосон нэг зүйл барьжээ. Түүнээс “Боодог хэдээр авсныг сонирхвол 60 мянга гэж байна. Тэдний сүүний хөргөгчний нэг буланд найдвартай байдаг юм” гэв.

Тус өрөөнд сууж буй эрэгтэй, эмэгтэй хоёр тарваганы эд эрхтэн, туламныхаа үнийг өмнөх эгчээс хэдэн төгрөгөөр илүү үнэтэй хэлж байсан. ТОСА төвийн тарваганы наймаачид тулам, боодог хэд л бол хэдийг өгөх боломжтой гэж байсан. Хөдөөний хүмүүст захичихад авчраад өгдөг гэнэ.

ЦАГДААГИЙН ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ИДДЭГ АТЛАА БИДНИЙГ ТОРГОХ НЬ ХЭЦҮҮ

Тус газраас буцаж гараад анх тааралдсан эмэгтэйг хайхад олны дундуур ийш тийш холхин “Тулам байна” хэмээн шивнэж явлаа. Түүнтэй уулзаж “Боодгийг үзье. Хаана байна” гэвэл хүнсний ногоо борлуулагч залуусын урд талд хэн ч харсан анзаарахааргүй жижиг дөрвөлжин нүхнээс гялгар уутанд хийсэн бараагаа гаргаад ирлээ. Задлуулж үзвэл үнэхээр сайхан “эд” байлаа. Том ч гэж жигтэйхэн, өөх мах нь ч алагласан харагдана. 55 мянган төгрөг тоолж өгөөд ав гэх. Санаа байв ч, сачий хүрэхгүй учраас хий дэмий л арааныхаа шүлсийг залгиад маргааш нөгөөдрөөс ирж авъя, мөнгө арай хүрэхгүй нь. Дараа ирэхэд байна биз гэхэд “Тэг тэг байж л байна” гэсэн юм. Тэрбээр “Хүн болгон л тарваганы маханд дуртай. Ялангуяа сүүлийн жилүүдэд тарваганы хүн махыг ихээр авч эмчилгээний журмаар хэрэглэх болсон. Биднээс цагдаагийн хурандаа цолтой дарга нар ч ирж авдаг шүү дээ. Тэгсэн атлаа эргүүлийн цагдаа нар нь ирж баахан хууль журам ярьж, сүрдүүлж байгаад торгож, барааг хураах нь хэцүү. Тэд хураагаад цааш нь яадаг юм бүү мэд. Магадгүй өөрсдөө иддэг байх. Тарвага ховордсон л гэнэ, хөдөөнөөс орж ирээд байгааг бодохоор байна даа. Хүн бүрийн дуртай зүйлийг хорьж цагдах хэцүү юм” гэлээ.

Боодгонд дурлагч мань мэтийг хүсэл дээр тоглон луйвардагчид гарч байсан. Өнгөрсөн оны наймдугаар сард муурын махыг боодог хэмээн борлуулж байсан хэдэн залууг цагдаагийнхан саатуулсан билээ. Б, Ш нарын дөрвөн хүн муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, боодог хэмээн том жижгээс нь хамааран 40- 50 мянган төгрөгөөр зардаг байсан юм. Хэдийгээр энэ жил хараахан ийм заваан үйлдэл илрээгүй ч цаашид ийм бохир аргаар иргэдийг шулахыг санаархагчид байхыг үгүйсгэхгүй.

 

Г.ЦОЛМОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.8.3 ”тарвага агнахыг хориглосон ч, тоо толгой нь дорвитой өсөн нэмэгдсэнгүй” гэж шаажийна. Тарвага ч харин нэг үеээ бодвол алж идэж болохоор өсөөд байгаамаа. Харин ингэж зарж борлуулах, мөнгө болгох гээд байвал хэцүү л дээ.
180.235.184.128 Терийн хулгайч нар аймагт ажиллах нэрээр идэж болж байхад ард тумэн хэрэгцээгээрээ идэхгуй яах юм. Гол нь терийн хулгайч нар арьсыг нь хужаа руу гаргадаг учраас л хэт их агналт болж байна. Уунийг би баталж чадна.