ГЭГЭЭН НУУРЫГ ГАЗРЫН ЗУРАГТ ТЭМДЭГЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2014 оны 10 сарын 07

  Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байрлах Тайширын усан цахилгаан станцын усан санг нутгийн иргэд 2010 онд Гэгээн нуур гэж нэрлэсэн. Харин тус аймгийн иргэд Гэгээн нуураа Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлжээ. Завхан голын усыг хуримтлуулснаар одоогийн байдлаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур бий болсон байна. Энэ талаар тус яамны Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Х.Сэвжидмаагаас тодруулахад, “Гэгээн нуур нэн цэнгэг, зөөлөн устай төдийгүй монгол хадран, алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж байгаа.

Мөн хүмүүс завиар зугаалж, усны шувууд бууж, мал ундлах болсон. БОНХ-ийн сайд С.Оюун, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нарын хамтарсан тушаалаар Гэгээн нуурыг Монгол орны 1:100000-ны масштабтай байр зүйн зурагт тодотгон байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн тус нуурын байдалтай танилцаж, хэмжилт хийхээр удахгүй явна. Хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэх, бүртгэх явдал манай улсад анх удаа тохиож буйгаараа онцлог. Цаашдаа Хэрлэн, Туул голд усны нөөц цогцолбор барихаар төлөвлөж байна” гэв.

 

Ч.БОЛОРТУЯА