МАХН Элчин сайдын яамдад хандана гэв

2014 оны 10 сарын 07

Сөүлд эмчлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл тус улсын өдөр тутмын “Жун Ан Илбо” сонин болон зарим телевиз, сайтаар цацагдаж, олны анхаарлыг татав. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эх орондоо ял эдэлж байгаад, тус улсыг зорьсон экс Ерөнхийлөгчийг тойрон өрн өсөн цуурхлыг идэвхжүүлсэн дээрх мэдээллийн талаар өчигдөр МАХН-ын удирдлагууд хэвлэлийн хурал хийв. Энэхүү хуралд тус намын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шийлэгдамба, Ажлын албаны дарга Ц.Шаравдорж нар ирлээ.

Тэд “Н.Энхбаяр дарга БНСУ-аас улс төрийн орогнол хүсэх шалтгаан байхгүй. Бид манай улсаас БНСУ-д суугаа болон тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-нд албан бичиг илгээнэ. УИХ-ын намрын чуулган эхэлж, Засгийн газрын шинэ бүтэц зэрэг олон чухал асуудал хэлэлцэж байгаа энэ үед Н.Энхбаяр даргын талаар худал мэдээлэл түгээж, олон нийтийн анхаарлыг зориуд сарниулах гэж байна. Энэ хэргийн захиалагч нь хэн бэ гэдгийг тэд тогтоох шаардлагатай. Хүн хаана ч амьдрах эрхтэй. Гэхдээ ингэж гүтгэж болохгүй” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн “Хэвлэлээр МАХН үйл ажиллагаа явуулж байгаа байраа хууль бусаар худалдаж авсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ байр анх 140 сая төгрөгөөр хувьчлагдаж, хувьчилж авсан тал нь 300 сая төгрөгөөр худалдаж, үүний дараа МАХН 900 сая төгрөгөөр авсан. Жинхэнэ эзэн нь харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ОХУ-ын компани бий” гэсэн тайлбар өглөө.

 

Д.ОТГОН