Энэ онд Монголын эдийн засаг 6.3 хувиар өснө гэж тооцжээ

2014 оны 10 сарын 07

  ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээллийг Дэлхийн банкнаас өчигдөр тоймлон танилцууллаа. Танилцуулгыг бүсийн ахлах эдийн засагч Судхир Шетти цахим ертөнцөөр дамжуулан Сингапураас удирдан явуулсан. 2013 онд 7.2 хувиар тэлсэн Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт бага зэрэг суларч 2014, 2015 онд 6.9 хувиар тэлэх төлөвтэй хэмээн тэрбээр яриагаа эхэллээ. Эдийн засгийн тогтвортой бодлогыг эрэлхийлж буй Хятад улсын ДНБ-ий өсөлт ирэх жил ялимгүй буурах төлөв бий аж. Тодруулбал, 7.2 хувьд хүрч буурна хэмээн Дэлхийн банкны шинжээчид тооцоолж байгаа юм байна. Ингэснээр Монголын болон Индонезийн ашигт малтмал экспортлогчдод хүндрэл үүсэхийг тэд анхаарууллаа. “Хэрэв бодлого боловсруулагчид нь дотоодын хөрөнгө оруулалтад тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, экспортын өрсөлдөх чадвараа сайжруулах, төрийн зардлаа зүй зохистой болгох зэрэг асуудлыг багтаасан шинэчлэлийн зорилгоо хэрэгжүүлж чадвал Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хөгжиж буй бүс нутгуудаас илүү хурдацтай хөгжих чадавхтай байх болно” хэмээн санхүүгийн эл байгууллагын Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийл өгч Аксел ван Тронценбург тэмдэглэснийг Дэлхийн банк мэдэгдэлдээ тодотгосон байна.

Харин манай улсын Төвбанк бодлогын хүүгээ өнгөрсөн улиралд чангатгасныг эдийн засагчид сайшааж байгаа аж. Мөнгө, төсвийн бодлогоо улам хатууруулахыг, монголчууд бүсээ чангалж эдийн засгийн ойрын хүндрэл үүдийг давж, санхүү болон төсвийн “эрүүл” байдлыг хадгалахыг тэд зөвлөлөө. Энэ онд манай эдийн засаг 6.3 хувиар тэлнэ хэмээн Дэлхийн банкны эдийн засагчид тооцоолж буй бөгөөд өнгөрсөн гурван жилд ДНБ-ий өсөлтөөр дэлхийн хэмжээнд дээгүүр бичигдэж байсан манай улсын үзүүлэлт өнөөдөр бүс нутгийнхаа бусад улстай жишихэд тийм ч сайнг үй байна. Тухайлбал, Хятадын эдийн засаг 7.4, Малайз 5.7, Камбож 7.2, Индонез 5.2, Филиппин 6.4, Мьянмарынх 8.5 хувиар эрчимжих тооцоо бий аж. Байгалийн баялгийн нөөцийг авч үзвэл Монголын эдийн засаг урт хугацаанд өөдрөг байх төлөвтэй боловч ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлууд бийг Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли тэмдэглэв.

Сүүлийн гурван жилийн турш хуримтлагдсан эдийн засгийн тэнцвэргүй байдал, ирэх саруудад ч хоёр оронтой тоонд хэвээр байх төлөвтэй инфляцын түвшинг тэрбээр нэрлэж байна. Өмнө дурдсанчлан мөнгө, төсвийн бодлогыг чангатгах, мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаандаа анхаарах хэрэгцээтэй гэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээж чадсан тохиолдолд ажлын байр нэмэгдэнэ хэмээн тэд үзэж байна. Мөн Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулж буй их хэмжээний хөрөнгө болон төсвийн бүх зарцуулалтыг нэгтгэн төсөвт суулган, нэгдсэн төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу хоёр хувь хүртэл бууруулах төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байна гэлээ.

 

Б.ЦЭЦЭГСҮРЭН