БУУДАЙН ҮНЭ ТОЙРСОН БУЖИГНААН

2014 оны 10 сарын 07

  “Алтан тариа” үйлдвэр нэгдүгээр зэргийн, нэг килограмм гурилыг 780 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Ингэснээр зах зээлд гурилын бөөний үнэ 760-780 төгрөгөөр тогтоод байна. Уг нь 500-550 мянган төгрөгөөр улаан буудай худалдаж авсан үйлдвэрүүд гурилын үнийг 850 төгрөгт хүргэх сонирхолтой байсан гэнэ. Угаасаа ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан үйлдвэрүүдэд гурилын үнийг 850 төгрөгт хүргэх “эрх” олгосон. Харин “Алтан тариа”-гийнхан гурилынхаа үнийг хямд тогтоосноор бусад нь энэ жишгийг дагахаас өөр аргагүйд хүрчээ. Тонн улаан буудайг 520 мянган төгрөгөөр худалдаж авсан тохиолдолд нэг кг гурилаа 850 төгрөгөөр борлуулж байж хэвийн ажиллана гэж гурилын үйлдвэрийн удирдлагууд ярьж байна. Тиймээс нэг кг гурилын үнийг 780 төгрөгөөс өсгөхгүйн тулд хямд үнээр буудай авах шаардлагатай тулгарлаа гэж өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай уулзалт хийх үеэрээ үйлдвэрийн удирдлагууд ярив.

Тариаланчид салбарын сайдаа шахан жагсаал хийж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаах тонн буудайн үнийг 550 мянган төгрөгт хүргэсэн. Уг нь тус сан өнгөрсөн хавар нэг тонн буудайг 460 мянган төгрөгөөр худалдаж авна гэж зарласан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн буудай худалдан авах үнэ зах зээлд жишиг болдог. Тиймээс ч тариаланчид чанараас нь хамааран тонн буудайг 500-550 мянган төгрөгөөр худалдаж авчээ. Энэ жил 40 мянга орчим тонн буудай худалдан авах төлөвлөгөөтэй “Милл хаус” компани гэхэд 18 мянган тонныг дээрх үнээр худалдан авсан гэж гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нь дуулгав. “Алтан тариа” компанийнхны гурилын үнийг 780 төгрөгт “уясан” зоримог алхам нь буудайны үнийг хямдруулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны байранд цугласан гурилын үйлдвэрийн захирлууд тонн улаан буудайг 480 мянган төгрөгөөс бага үнээр худалдан авахгүй бол ашиггүй гэцгээж байна. Тариаланчдын буудайныхаа үнийг нэмж борлуулах гэсэн санаархлыг ганц үйлдвэрийн шийдвэр нурааж буй бололтой. Гурилын үнэ нэмэгдсэнээр талх, нарийн боов өгсүүд энэ түүхий эдээр хийдэг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх нь гарцаагүй. “Алтан тариа” компани хямд үнэ тогтоож буй нь хэрэглэгчдийн халаасанд бага боловч нэмэр болох биз. Үтрэм дээр 168 мянган тонн буудай байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дуулгалаа. Гурилын үйлдвэрүүд цавуулаг өндөртэй буудайг шилж авсан гэнэ. Тиймээс одоо цавуулаг багатай буудай үтрэм дээр үлдээд байгаа аж. Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч, “Шим” группийн ерөнхий захирал Л.Цандэлэг “Улаанбаатар” гурилын үйлдвэр ОХУ-аас хямд үнэтэй, чанаргүй улаан буудай оруулж ирсэн. Үүнээс хойш гурилын үйлдвэр үүд тариаланчдаас буудай худалдан авахаа зогсоогоод байна” гэж мэдэгдсэн. Гурилын үйлдвэрийн удирдлагууд Л.Цандэлэгийн мэдэгдлийг эрс няцаалаа.


Нэг гурилын үйлдвэрээс бусад нь улаан буудай худалдан авч нөөцлөхөө зогсоогоогүй гэнэ. ОХУ-аас улаан буудай оруулж ирсэн “Улаанбаатар” гурилын үйлдвэр болон импортлох квот олгосон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхныг “Шим” группийн ерөнхийлөгч Л.Цандэлэг, “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат нар буруушааж, тариалангийн салбарыг унагах ажил хийж байна гэж тайлбарласан. Тэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, “Улаанбаатар” гурилын үйлдвэрийн эзэн Ц.Баатарсайхантай үгсэн хуйвалдаж, ОХУ-аас 50 мянган тонн буудай импортлох квот олгосон гэж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тухайн үед тэд “Улаанбаатар” гурилын үйлдвэрийнхэн агуулахад олон жил хадгалсан, чанаргүй буудай импортолсон гэж батлан ярьж байлаа. Х.Золжаргал, “Улаанбаатар” гурилын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг нар тэдний мэдээллийг “Ор үндэсгүй гүтгэлэг” гэж тодотгоод тус тусын тайлбарыг хийв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас наймдугаар сарын сүүлчээр “Улаанбаатар” гурилын үйлдвэр, “Од групп”, “Сайхан хүнс”, “Хангай миллс”, “АПУ” компанид ОХУ-аас 49 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн дөрөв нь тус бүр 10 мянга, нэг нь 9000 тонн буудай импортлох квот авсан байна. АПУ компани спирт үйлдвэрлэх зорилгоор, бусад нь гурил хийхээр авчээ. Х.Золжаргал “Улаан буудай импортлох зөвшөөрлийг би олгодоггүй.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж байж шийдвэрлэдэг” гэсэн юм. Тэрбээр “Намайг хямд буудай оруулж ирж төрд шахах гэж байна хэмээн мэдээ гарсан байна лээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ жил бэлэн мөнгөөр буудай авахгүй. Тариаланчдаас авах авлагадаа 26 мянган тонн буудай авна” гэв. “Улаанбаатар” гурилын үйлдвэр ОХУ-аас 30-аас дээш хувийн цавуулагтай, сайн чанарын 1000 тонн буудай импортолсныг Ш.Алтанхуяг дуулгав. Монголд тариалсан ургац цавуулаг бага байгаа тул хольж гурилынхаа чанарыг сайжруулах зорилгоор энэхүү буудайг тонн тус бүрийг нь 494 мянган төгрөгийн өртгөөр импортолсон гэж тэрбээр тайлбарлалаа. Чанаргүй буудайг хяналт шалгалтгүйгээр хил давуулсан гэсэн мэдээллийг эрс няцаав. Үүнтэй зэрэгцэн “Хангай миллс” компанийн удирдлагууд мэдэгдэл хийлээ. Тэднийх тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр худалдан авчээ. Өдгөө кг гурилын үнэ 780 төгрөгөөр тогтсон үед өндөр ханшаар буудай худалдан авсан учраас алдагдал хүлээх магадлалтай байгаа аж. Тиймээс ОХУ-аас 10 мянган тонн улаан буудай импортлох квотоо ашиглах бодолтой яваагаа дуулгав. Үйлдвэрүүд 49 мянган тонн буудай импортлох квотоо ашиглавал тариалан эрхлэгчдэд ашиггүй.

Үтрэм дээр буй 168 мянган тонн буудайны 30 хувь нь тэндээ үлдэнэ гэсэн үг. Үлдсэн буудайгаа тонныг нь 480 мянгаар төгрөгөөр борлуулах уу, эсвэл үнэрхэж суух уу гэсэн сонголттой тариаланчид тулгарах тойрсон бужигнаан нь ээ. Улаан буудайн үнэ тойрсон маргаан мэтгэлцээн үргэлжилж, газар тариалангийн салбарынхан бужигнасаар байна. Эцсийн бүлэгт хэрэглэгчдэд гурилын үнэ хямд, тогтвортой байх нь чухал болохоос, энэ салбарынхны хэрүүл тэмцэл огт падгүй.

 

Т.ЭНХБАТ