НҮҮР ОНОСОН ЦОХИЛТ, НҮДЭЭ ОЛООГҮЙ ШҮҮЛТ

2014 оны 10 сарын 06

“Инчён-2014” Азийн спортын XVII наадмын боксын төрөл будлиантай болж, шүүгчид эзэн орны тамирчинд тал засаж буй байдал нь дэлхий нийт төдийгүй монголчуудыг “шоконд” орууллаа. Шүүгчдийн энэ үйлдлийн хохирогч нь олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт болов. Тэрбээр Инчоны рингэнд эхний тулаанаа Туркменистаны боксчин Якуб Мередовтой хийхдээ гурван үеийн турш илүүрхэж гараагаа сайхан эхэлсэн. Улмаар медалийн болзол хангах хариуцлагатай тулаанд зохион байгуулагч БНСУ-ын тамирчин Хам Сан Мёнтой учраа таарав. Тэрбээр боксын техникийг өрсөлдөгчдөө харуулж, цохилтоос нь зайлж бултаад хариу цохилтуудаа даацтай хийж байлаа. Ялангуяа гуравдугаар үед Төгсцогт хамаагүй илүү тоглосон. Гэвч тулааны ялагчаар БНСУ-ын тамирчин тодорсон. Спортын ордонд хуран цугласан үзэгчид энэхүү шийдвэрийг илт эсэргүүцэж, буруу шүүлтэд дургүйцлээ илэрхийлж байлаа. Тоглолтыг мэргэн оюундаа тунгаасан Их Британи, Финланд, Аргентиний шүүгчид эзэн орны боксчин 28:29, 28:29, 28:29 харьцаатай ялсан хэмээн үзжээ. Гэхдээ тулааны дараа манай багийн ахлагч, удирдлагууд AIBA (Олон улсын боксын холбоо)-д эсэргүүцлийн бичиг илгээсэн боловч тусыг эс олсон.

Н.Төгсцогтын тулааныг солонгосчууд хэрхэн луйвардсаныг дэлхий даяар үзлээ, харлаа. Гадаад, дотоодын хэвлэлүүд Инчёны боксын шүүлт ямар их будлиантай болж байгааг бичиж, шүүмжилсээр байна. Н.Төгсцогт тулааныхаа талаар ярихдаа “Тоглолтын туршид өрсөлдөгчөөсөө илүү яваагаа мэдэж байсан. Энэ тоглолт миний хувьд чухал тулаан байсан. Би Азийн наадмаас медаль авахыг маш их хүссэн. Харамсалтай нь шүүгчид БНСУын тамирчинд ялалт өглөө. Шүүгчид ингэж дүгнэсэн ч рингэн дээр ялсан гэдэгтээ би итгэлтэй байна” хэмээсэн юм. Энэ үгээрээ гараа өргүүлж, ялалт авах ёстой хүн нь БНСУ-ын тамирчин бус, би байсан гэдгээ илэрхийлэв. Энд нэг зүйлийг сийрүүлэхэд тулааныг яг рингэний дэргэдээс үзсэн, Монголын баг тамирчдын ахлагч Б.Бат-Эрдэнэ “Спортод шударга бус, ийм луйврын зүйл байж болохгүй. Манай Төгсцогтыг хэрхэн тоглосныг зааланд цугласан үзэгчид бүгд харлаа. Төгсөөг сая рингэнээс буухад үзэгчид яаж баяр хүргэж байгааг та бүхэн харсан байх. Манай боксчин илт давуу ялсан шүү дээ. Гэтэл шүүгч эсрэг талд ялалт өглөө” хэмээн тулааны шүүлтийг хатуухан шүүмжилсэн.

Мөн тоглолтыг үзсэн БНСУ-ын иргэд цахим ертөнцөөр хэн ялагч байсан тухай ийн сэтгэгдлээ үлдээжээ. “Үнэхээр байж боломгүй ялалт байлаа. Хэрэв би тэр тоглолтыг үзсэн бол монголчуудаас уучлалт гуйх байсан. Манай тамирчдын буруу гэж юу байх вэ. Шүүгчдээс л боллоо”, “Би тоглолтыг дэргэдээс нь үзсэн хүн. Манайх үнэндээ ялагдсан. Шүүгчдийн өмнөөс ичиж байна” хэмээн бичсэн байлаа. Гэхдээ боксын рингэнээ ганцхан манай Н.Төгсцогт хохирч үлдээгүй. Эмэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медалийн төлөөх тоглолтод Энэтхэгийн боксчин Сарита Деви БНСУ-ын Пак Жинатай тоглож, гурван үеийн турш “нүдсэн” ч улайм цайм луйвардуулсан. Гэхдээ энэтхэг бүсгүй шагнал гардуулах үеэр медалиа авалгүй, БНСУ-ын Жинад зүүж өгч эсэргүүцлээ тун жинтэйхэн илэрхийлсэн. Харин түүнийг AIBAгаас боксчин хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж 500 ам.доллараар торгожээ. Шударга өрсөлдөөний талбар спортыг бузарласан шүүгчдийн хамгийн сүүлийн үеийн хоёр тод жишээ энэ юм. Түүхийн шаргал хуудас сөхвөл солонгосчууд спортын тэмцээн уралдааныг будлиантуулж, “бантанг” нь хутгахдаа сайн улс аж. 1988 оны Сөүлийн олимпийн боксын 71 кгын жинд Пак Си Хун гэгч гуулин улсын нөхөр АНУ-ын боксчин Рой Жонст мөн л илт зодуулсан хэрнээ ялалт байгуулсанд тооцогдсон нь боксын түүхэн дэх хамгийн том луйварт тооцогддог юм.

Тулааны явцад америк тамирчин 86 удаа өрсөлдөгчөө онож цохиод өөрөө 32 цохилт алдсан хэрнээ шүүгчдийн саналаар 3:2-оор хожигдсон байдаг. Хожим 1997 онд Олон улсын олимпийн хорооны олж тогтоосноор Пак Си Хунд ялалт өгсөн гурван шүүгч нь өмнөд солонгосчуудын зохион байгуулсан дайллагад уригдсан нь тодорхой болсон юм. Мөн 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахдаа Итали, Испани гэсэн хөлбөмбөгийн орнуудыг шүүгчийн тусламжтайгаар “луйвардах” дархан мэхээрээ буулган авч байжээ. Солонгосчууд нутагтаа зохион байгуулж буй тэмцээнд гаднын шүүгчдийг хэрхэн ажиллуулдаг нь дээрх хэдхэн жишээнээс тод харагдлаа

 

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.12.230 Kimchig ug ni nam tavisan bol.iim hel am bolohgui baihgui yu.nam l tavih heregtei