ДЭЛХИЙН АВАРГА Г.БОЛДБААТАР: РИОГИЙН ДАШТ НАДАД ТОМ СУРГАМЖ БОЛСОН

2014 оны 10 сарын 06

2013 оны жүдо бөхийн ДАШТ-ий шөвгийн наймд Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар учраа таарч Д.Амартүвшин ялснаар цааш финалд шалгарч байлаа. Тухайн үед Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд вазари алдаж, медалийн оосороос атгаад алдсан. Түүнийг жүдо сонирхогчид 2005 онд залуучуудын аваргад түрүүлсэн цагаас нь хойш мэдэх болжээ. Булган нутгийн шавилхан хүү Ш.Бат-Орших багшаар бөхийн эрдэм заалгаж тамирчны замналаа эхлүүлсэн. 13 жил энэ спортдоо үнэнч зүтгэсэн Ганбатын Болдбаатар Челябинскийн татамид бүх өрсөлдөгчөө буулган авч 27 насандаа Монголоос төрсөн жүдо бөхийн гурав дахь Дэлхийн аварга болсон юм. Түүний хувьд 2014 онд “ургац” арвинтай байгаа. Он гараад улсын аваргаас гурав дахь түрүүгээ хүртэж, дараа нь Парисын “Их дуулга”-д аатайхан түрүүлсэн. Жүдо бөхийн отгон дэлхийн аварга Г.Болдбаатарыг “ТЦ”-ийн зочноор урилаа.

-“Инчён 2014” Азийн наадамд оролцож, мөнгөн медаль авлаа. Яриагаа эндээс эхлэх үү аваргаа?

-Азийн наадамд түрүүлнэ гэсэн зорилт тавьж очсон. Гэхдээ хараахан аваргалж чадалгүй Казахстаны бөхтэй нэг, нэг торгуултай явж байгаад даралтаар цэвэр хожигдож мөнгөн медаль авлаа. -Азийн наадмын өрсөлдөгч нар хэр хүчтэй байв? -Жүдо бөхийн спорт дэлхийн улс орнуудад жигд өндөр хөгжсөн байгаа гэж боддог. Тэр тусмаа бага жинд Ази тив бол маш сайн. Япон, Солонгос, Казахстан гээд орнуудын сайн тамирчид олон бий. Миний хувьд эхний тойрогт Энэхтэгийн Чанаг үүрэх мэхээр иппон буулгасан. Улмаар дараагийн даваанд Ливаны Зидаег хөмөрч дороо хийж вазари салгаснаар хожиж, хагас шигшээд Тайваний Цай Минийг цэвэр савж шигшээд шалгарлаа.

-Азийн наадамд анх удаагаа оролцсон уу?

-Тиймээ. Анх удаагаа Азийн “олимп”-доо зодоглолоо.

-Тэгвэл дэлхийн аваргын “утааг анх үнэрлэсэн” тухайгаа яриач. 2009 он билүү?

-Тийм. 2009 оны Ротердамын ДАШТ-д анх зодоглож, хоёрдугаар тойрогт олимпийн мөнгөн медальт Гүржийн Херганид хожигдсон.

-“Ногт ганзагалаж” очсон хоёр дахь ДАШТ. Та медаль авах боломжтой харагдсан. Эхний гурван өрсөлдөгчөө иппон буулгаад шөвгийн наймд Д.Амартүвшинтэйгээ таарсан. Дэлхийн дэвжээнд бэлтгэл цуг хийдэг найзтайгаа гар зөрүүлэх ямар байв?

-Риогийн дэлхийн аваргаар шагналт тавдугаар байрт орсон. Гурав хожиж хэсгийн аваргын төлөө нутаг нэгт найз Д.Амартүвшинтэйгээ хүч үзлээ. Манай орны хувьд жүдогийн хөнгөн жин 60, 66 кг-д дотоодын өрсөлдөөн ширүүн болдог. Амартүвшин намайг торгуулиар хожиж, улмаар Гүржийн Папанишвилиг иппон буулгаж финалд шалгарсан даа.

-Амартүвшинтэй барилдахын өмнө багш нар юу гэж зөвлөж байв. Дэлхийн аваргын өмнөхөн Улаанбаатрын гран прид таарч та хожсон шүү дээ.

-Амартүвшинтэйгээ олон удаа таарч байсан. Миний хувьд илүү олон хожигдсон доо. Дэлхийн аваргаар таарахад бие биенээсээ үнэлгээ салгаж чадалгүй торгуулиар барилдаан шийдэгдсэн юм.

-Дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө БНСУын Ким Вон Жинд хожигдож медальгүй хоцорсон. Хүрлийн төлөөх барилдаанд сэтгэл зүйн хувьд шатах, нервтэх юм байв уу?

-Дагах тойрогт Казахстаны бөхийг хожоод хүрэл медалийн төлөө Солонгосын Ким Вон Жинд тонгоруулж вазари алдаж ялагдсан.

-Ким Вон Жин таны хувьд хэцүү өрсөлдөгч. ДАШТ-ий дараа Токиогийн их дуулгад бас хожигдсон. Тантай барилдаан таардаггүй бөх үү?

-Риогийн дэлхийн аваргаас өмнө гурав таарч хоёр хожигдсон. Гэхдээ хамгийн сүүлд урчаа таарахад би хожсон болохоор дэлхийн аваргаар ялах боломжтой байсан ч арай дийлээгүй дээ. Тухайн үед жин их хасдаг байсан нь нөлөөлсөн тал байж магадагүй.

-2013 оны ДАШТ-ий дараа багш дасгалжуулагч нар юу гэж зөвлөж байв?

-Чамд нөөц бололцоо их бий. Жингээ тогтмол барь гэж Балжаа багш маань захисан.

-Тэгвэл Челябинск явахын өмнө хүмүүс гэж байх юм?

-Бэлтгэл сургуулилт сайн байсан. Бид нар дэлхийн аваргад явж ирээд л дараагийнхдаа бэлддэг. Тэмцээн уралдаан байнга болдог болохоор бэлтгэлээ нэг өдөр ч таслахгүй байхыг хичээнэ.

-2014 он таны хувьд их одтой жил байлаа шүү дээ. Улсын аварга, Парисын их дуулгын аварга, дараа нь дэлхийн аварга боллоо.

-Энэ жил гараагаа сайхан амжилтаар эхлүүлсэн. Он гараад насанд хүрэгчдийн УАШТ-ээр түрүүлж, дараа нь Парисын их дуулгаар бүх өрсөлдөгчөө хожиж аваргын тавцанд гарсан даа. Өнгөрсөн жилийн хожигдол том сургамж болсон болохоор илүү их хичээсэн.

-Челябинскийн татамид харьцангуй тайван байж, илүү гэдгээ харуулсан барилдаануудыг их хийж байгаа ажиглагдсан. Өөртөө их итгэлтэй байж дээ?

-Дэлхий аваргаар нэг хийлж, таван тойрог барилдсан юм. Өмнөх барилдаандаа анхаарлаа хандуулж, төвлөрч дэвжээнд гарч байсан.

-Барилдаануудаас Гүржийн Папанишвилитэй хийснийг онцолж асуумаар байна. Та хоёр өмнө нь гурав таарахад бүгдэд нь та хожиж байсан. Ялагдаж байсан хүн ямар нэгэн тактик боловсруулж ирнэ. Папанишвили мэх бэлдэж ирсэн байх гэсэн бодол байв уу? Эсрэгээрээ та түүнд ямар хариулт бэлдсэн бэ?

-Папанишвилитэй сүүлд Парисын их дуулгаар финалдаж хожсон юм. Харьцангуй тайван дэвжээнд гарсан. Шийдсэн мэх ирэх болов уу. Эхний хоёр гурван минут хөдөлгөөндөө дасч байж довтольё гэсэн бодолтой барилдсан . Гэхдээ бид хоёр олон таарсан бие биенийхээ барилдааны алхаа гишгээг андахгүй мэдэх тул хараахан оноо авалцаж чадалгүй, торгуулиар би ялсан.

-Та хоёрын барилдаантай зэрэгцээд нөгөө дэвжээнд Японы Такато, ОХУ-ын Мудранов нарын барилдаан болж байсан. Ихэнхи хүмүүс Такато шигшээд гарч ирэх болов уу гэсэн таамагтай байсан ч Мудранов финалд гараад ирлээ. Эзэн орны бөхтэй ямар тактикаар барилдсан вэ?

-Челябинскийн “Трактор” ордонд нутгийнх нь бөхтэй барилдсан. Гэхдээ Монголоос очсон ах дүү, найз нөхөд гээд манай хөгжөөн дэмжигчид олноороо ирсэн болохоор Оросын фэнүүдээс бараг илүү дуу гарч байсан нь надад их урам зориг өгсөн дөө. Юутай ч түрүүлж мэх хийж оноо авна гэсэн бодолтой дэвжээнд гарсан боловч үнэлгээ салгаж чадалгүй бас торгуулиар ялсан байгаа.

-Зохион байгуулагч орны бөх учраас танд эхэлж торгуул ирэх магадлалтай.

-Тийм. Аль болох барьцаа илүү авч үнэлгээ салгах бодолтой гарсан ч чадаагүй.

-Гэхдээ татами дээр мэдээж та илүү ажилласан болохоор ялагч нь болсон шүү дээ. Дэлхийн аварга болоод дэвжээнээс буух тэр мэдрэмж.

-Маш сайхан байсан. Олон жил зүтгэж байж дэлхийн аварга болсон тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

-Нэг сайхан амьсгаа авмаар болсон байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жил медалийн төлөө хожигдоод уйлаад буцсан. Тэр алдаагаа давталгүй зорилгоо биелүүлэхэд сайхан байлаа.

-Спортод хэрэв гэдэг үг байдаггүй гэж ярьдаг. Хэрэв шигшээд Японы Такато гарч ирсэн бол ямар тактикаар барилдах байсан бэ?

-Мэдээж дээш гарч ирэх тусам өрсөлдөгч нар улам илүү хүчтэй болдог. Такатотай урд нь гурав таарч хоёр хожигдож, нэг хожсон юм. Хэрэв Такато финалд гараад ирсэн бол нэг тактик боловсруулах л байсан.

-Хэзээнээс жүдогоор хичээллэж эхлэв ?

-Би Булган аймгийн Хангал суманд төрсөн. Багаасаа барилдах сонирхолтой хүүхэд байлаа. Сумандаа бага ангиа төгсөөд Эрдэнэт хот руу шилжиж “Орхон” цогцолбор сургуульд сурсан юм. 2001 онооос ангийхаа Түвшинтөгс гэдэг хүүхдийг дагаж “Хангарьд”спорт хороонд очиж Бат-Орших багшийн удирлаган дор бэлтгэл хийж жүдогийн гараагаа эхэлж байлаа.

-Бага насныхаа тухай сонирхуулаач. Хурдан морь унадаг байсан гэж сонссон юм?

-Жирийн л нэг хөдөөний хүүхэд. Ах нарынхаа уясан морийг унаж уралдаж явсан даа.

-2005, 2006 онд хоёр жил дараалан залуучуудын улсын аварга болж, олон улсын тэмцээнд хүчээ сорьж эхэлсэн байхаа?

-Тэгэлгүй яахав 2005, 2006 онд залуучуудын улсын аварга болоод 2006 онд Азийн залуучуудын аваргаар түрүүлж байлаа. 2009 онд анх удаагаа Азийн АШТ-д оролцоод алтан медаль авсан юм.

-Залуучуудын хошой аварга 2007 онд насанд хүрэгчдийн УАШТ-д ч босоо байсан. Тухайн үед хэр баярлаж байв?

-Мэдээж баярлаж байсан. Би 2007, 2009, 2014 гээд гурван удаа улсын аварга болсон. Манай хөнгөн жин маш ширүүн өрсөлдөөнтэй, хүчтэй өрсөлдөгч нар олон байдаг. Ч.Болдбаатар ах, гавьяат тамирчин Амартүвшин гээд шилдэг бөхчүүд олон бий. Улсын аварга болох тийм амар зүйл биш ээ.

-Тамирчин хүний амжилт гэр бүлээс их хамааралтай байдаг. Аварга гэр бүлийнхээ талаар яриач.

-Тэгэлгүй яахав. Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Намайг тэмцээн уралдаанд явахад ар гэрийн бүхий л асуудлыг зохицуулж байдаг ханьдаа баярлалаа гэж хэлье. Мөн Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Баттулга, удирлагууд баг хамт олон О.Балжинням багш, “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Хангарьд” спорт хорооны бүх хүмүүсийн хүчинд энэ амжилт гарсан болов уу гэж боддог. Би 2009 онд “Олимп” сургуульд байсан. Танай сониноор дамжуулаад “Гацуурт” ХК-ий захирал Л.Чинбат болон Нараа эгчдээ талархаж явдгаа бас уламжлья.

-Багадаа үндэсний бөхөөр барилдаж байсан гэж сонссон. Ямар амжилт үзүүлж байв? Ямар барилдаанд зодог шуудаг өмсч гарч байв?

-Өсвөр үедээ л барилдаж байсан . Олон медаль аваагүй. Эрдэнэтийн наадмын хүүхдийн барилдаанд амжилттай барилдаж медаль авч байлаа.

-Жүдогийн анхны тэмцээн, анхны медаль ямар тэмцээнийх байв.

-Хамгийн анх Сиднейн олимпийн наадмын хүрэл медальт Нармандах ахын нэрэмжит тэмцээнд орсон. Дараа нь Хүрэлбаатар гуайн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Анхны медалиа аваад их л баярлаж байсан санагддаг юм.

-Дэлхийн аварга болчихлоо. Дараагийн зорилго юу вэ?

-Тамирчин хүн бүрийн туйлын хүсэл олимпийн наадамд эх орныхоо далбааг намируулж, төрийн дууллаа эгшиглүүлэх байдаг.

-Риогийн олимп хаяанд ирлээ шүү дээ? Та 2016 оны гол найдваруудын нэг байх болно.

-Би 2008, 2012 оны олимпод хоёуланд нь бэлтгэл хангагчаар явж байсан. Барилдаануудыг үзэж байлаа. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд тэмцээн уралдаандаа оролцоод 2016 онтой золгох байх.

-Жингийн хүчтэй өрсөлдөгч Д.Амартүвшин гавьяат та хоёрын даваа унааны харьцаа хэд хэд болж байна вэ?

-Бид хоёр их олон таарсан даа. Би нэг хоёр л хожсон болов уу. Голдуу ялагдаад байдаг. Бэлтгэл сургуулилт хамт хийдэг болохоор бие биенээ сайн мэднэ. Тэмцээн уралдаанд тухайн өдөр хэн одтой байгаа нь давдаг байх.

-Ер нь хэдэн кг-ийг хасч жиндээ ордог вэ?

-Анх бол 7-8 кг-ийг хасдаг байсан. Хари одоо жингээ тогтмол 64-65 кг-д барьж байгаа.

-Таны хувьд 66 кг-д барилдаж байв уу?

-Оюутны улсын аваргаар мөнгөн медаль авч, Европийн нээлттэй тэмцээнээс нэг хүрэл авч байсан.

-Жүдогийн татамид хийсэн хамгийн хүнд барилдаанаа нэрлээч?

-Барилдаан бүхэн хэцүү дээ. Бэлтгэл дутуу үед өрсөлдөгчөө ялах амаргүй байдаг. Өөрт байгаа бүх зүйлээ шавхаж чадвал тэр барилдаан сайхан болдог доо.

-Таны дархан мэх. Анх БатОрших багшаар ямар мэхийг заалгаж байв.

-Өмсөх мэхийг голчлон хийдэг. Анх хонгодохыг заалгасан. Тухайн үед хөлд хүрч болдог байсан. Өсвөр, залуучуудад байхдаа энэ хоёр мэхийг их хийсэн юм. Одоо дүрэм өөрчлөгдөөд барилдааны шинэ дүрэмдээ тохируулах болсон.

-Жүдо бөхийн ялалт ялагдал хэдхэн секундээр хэмжигддэг. Таны хувьд хамгийн хурдан ирсэн ялагдал, бас ялалт.

-Дэвжээнд гараад л хэдхэн секундэд цэвэр ялагдаж байсан. Бас ялж л явсан.

-Ярилцсанд баярлалаа Жүдогийн отгон дэлхийн аваргын бэлтгэлийн дундуур болсон бидний яриа ийн өндөрлөж, аварга “Та нар нэг өдрийн бэлтгэл алчихлаа” гээд хээгүй сайхан Монгол эр хүний зангаар инээмсэглэж байлаа.


Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.181 МАШ САЙХАН ТӨЛӨВ ТҮВШИН ЗАЛУУ БАЙХАА. АМЖИЛТ ХҮСЬЕ. 2013 ОНЫ РИОД АМАРТҮВШИНТЭЙГЭ Э МЕДАЛИЙН ТАВЦАНД ЗОГСОХ БОЛОВ УУ ГЭЭД ГОРЬДОЖ БАЙСАН ШҮҮ. ТЭГСЭН БОЛ ДЭЛХИЙН АВАРГЫН ТҮҮХЭНД МОНГОЛЫН 2 ТАМИРЧИН МЕДАЛИЙН ТАВЦАНД ЗОГСОХ БАЙЛАА. ГЭЭД ЯАХ ВЭ. ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ