Монгол орны ойг тоолоод дуусаж байна

2014 оны 10 сарын 06

  Монгол орон даяар анх удаа “Олон зорилтот ойн тооллого” хийж байна. Энэ тооллогоор Монголын ой хэчнээн хэмжээний нүүрст өрөгч шингээж, хэр их хүчилтөрөгч ялгаруулж байгааг тогтоон, модны нас, хөрсний элэгдэл, доройтлыг судалж байгаа аж. GPS ашиглан, унасан, хатсан, хөгширсөн, нахиалж байгаа гээд бүхий л модыг хамруулж буй энэ тооллогыг ургамалжилтын муж болон ойн тархалтын онцлогийг харгалзан Монгол Алтайн уулс, Хөвсгөл, Хангай, Хэнтийн бүс, Төв, Хангайн бүс гэсэн гурван ангиллаар нийт 4211 цэгт хийж буй юм байна. Ойн мэргэжлийн 10 аж ахуйн нэгжийн 22 баг энэ тооллогыг хийж, гурван баг хяналт тавин давхар тоолж буй гэнэ. Тэд ажлынхаа 90 орчим хувийг нугалжээ. “Олон зорилтот ойн тооллого”- д улсын төсвөөс нэг тэрбум төгрөг төлөвлөсөн бол ХБНГУ 2.4 сая еврогийн дэмжлэг үзүүлэх гэнэ.

Герман улсаас өгсөн санхүүжилтийг тооллогын бэлтгэл хангах, тайлан боловсруулах, лаборатори байгуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, ойн тооллогод ашиглах хиймэл дагуулын мэдээ болон түүнд тайлан, боловсруулалт хийх техник, тоног төхөөрөмж, программ хангамж авах, хяналтын давтан тооллого хийх, ойн мэдээллийн сан үүсгэхэд зориулж байгаа гэнэ. Тооллогыг энэ сарын сүүлчээр дуусгаж, ирэх оны эхний хагаст дүнгээ гаргана. Цаашид таван жил тутамд ийм тооллого хийх юм.

 

Х.БОЛОР