ТАРИАЛАНЧДЫГ тамирдуулах ажиллагаа

2014 оны 10 сарын 06

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам туйлын буруу шийдвэр гаргалаа. Уг нь тус яам улаан буудай импортлохыг хязгаарлах ёстой байсан юм. Гэтэл “Улаанбаатар” гурилын үйлдвэрт ОХУ-аас 50 мянган тонн улаан буудай импортлох эрх өгчихөж. Тэднийх буудайгаа аль хэдийнэ импортлоод Дархан- Уул аймаг дахь салбарынхаа агуулахад хураажээ. “Улаанбаатар” гурилын үйлдвэрийн толгой компани “Таванбогд” группийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан тонн буудайг 480 мянган төгрөгөөр худалдаж авснаа тариаланчдад дуулгасан байх юм. Энэ нь манай улсын өнөөгийн зах зээлийн үнээс 70 мянган төгрөгөөр хямд байна. Тариаланчид жагсаал хийж, ҮХАА-н сайдыг шахаж байж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд тонн буудайг 550 мянган төгрөгөөр нийлүүлэхээр болсон. Энэ нь зах зээлийн жишиг үнэ болно. Өөрөөр хэлбэл, гурилын үйлдвэрүүд ч тонн буудайг 550 орчим мянган төгрөг өөр худалдаж авна гэсэн үг. Хэрвээ гурилын үйлдвэрүүдэд буудай импортлох эрх өгвөл дотоодын зах зээлээс улаан буудай худалдаж авахгүй. Тэгэхээр тариаланчид маань “шатна” гэсэн үг.

ҮХАА-н сайд угаасаа улаан буудайн үнийг нэмэх сонирхолгүй байсан. Тиймдээ ч “Тариаланчид буудайны үнийг өсгөвөл ОХУаас импортлох боломж бий” гэж сануулж байлаа. “Улаанбаатар” гурилын үйлдвэрт олгосон буудай импортлох зөвшөөрлийг тариаланчдад өгсөн сануулга гэж ойлгоод тайвширъя. Хэрвээ үйлдвэр бүрт буудай импортлох зөвшөөрөл олговол арай ядан өндийж буй газар тариалангийн салбар нурна. Салбарын яам бодлогоор босгож буй салбараа арай ч “өөрийн гараар” унагаахгүй байлгүй гэж найдаж байна. Газар тариалангийн салбарыг хөл дээр нь босгохын тулд буудайн импортыг хязгаарлах шаардлагатай. Үүнийг эдийн засгийн наад захын мэдлэгтэй хэнбугай ч ойлгоно. Тариаланчид буудайн үнээ өсгөх үйл явц бол тогоон дотроо шийдэж болох л асуудал. Тэд ахиу ашгийн төлөө улайрч байхыг үгүйсгэхгүй. Тиймэрхүү зүйл ч анзаарагдаж байгаа. Гэхдээ тэднийг номхтгох арга нь гадаадын хямд бүтээгдэх үүнээр цохиж унагаах биш юм. Иймэрх үү түргэдсэн арга хэмжээ авч хүнсний аюулг үй байдлыг хангах чухал салбараа нураачихаж болмооргүй байна.

Манай улс энэ жил эх орныхоо хэрэгцээнээс давсан хэмжээний буюу 430 мянган тонн буудай хураана. Ийм тохиолдолд гадаадаас тонн буудай импортлох эрхийг хэнд ч өгмөөргүй байх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 20-иод хоногийн өмнө газар тариалангийн бүс нутгаар явж, ургац хураалтын явцтай танилцахдаа улаан буудай импортлохыг хориглох арга хэмжээ авахыг ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржид зөвлөсөн. Тухайн үед тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдан авах буудайн үнийг өсгөхийг шаардан жагсаж байлаа. Ерөнхийлөгч “Салбарын яам, тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүд гээд гурван тал ярилцаад улаан буудайн үнэ ханшийг хэрхэхээ тогт” гэж үүрэгдсэн. Түүний даалгасны дагуу гурван тал хэлэлцээд ҮХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сан тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр худалдаж авах, үйлдвэрүүд түүхий эдээ татахдаа энэ ханшийг жишиг болгох, гэхдээ килограмм гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн юм. Гурилын үнэ нэмэгдвэл талх, нарийн боовны үнийг өсгөнө гэж үйлдвэрийн удирдлагууд ярьж байна. Магадгүй дөрвөн тал хэлэлцэж үнэ ханшаа ярилцах хэрэгтэй байсан юм болов уу.

 

Т.БАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.234 Buudainii une osvol talh, gurilan buteegdehuunii une osno. 460,000 togrogoor zarahad tarialanchid hangalttai ashigtai ajillana. Gatsuurtiin Chinbat l buudaniihaa uniig osgoh gej demiiren hashgiraad bgaa sh dee. Yahaaraa ingej har tolgoigoo boddog bnaa CHINBAT