ЖУУЛЧДЫН ХЭТЭВЧИЙГ НИМГЭЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮНГҮЙ МОНГОЛ

2014 оны 10 сарын 06

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс холгүй орших Нами арал 2000-аад оноос өмнө хэний ч сонирхлыг татдаггүй байжээ. Хоёр Солонгосын дайны үед өмн өдийн генерал Нами энэ арал дээр олон сар бүгсэнээр ийн нэрлэсэн байна. Монголчуудын амтархан үзсэн “Өвлийн хайрын дуу” савангийн дуурийн зургийг энд авснаар уг арал олны анхаарлын төвд орсон аж. Өдгөө тус арал олон мянган хүн очиж сонирхдог аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж чаджээ. “Өвлийн хайрын дуу” киноны гол дүрийн баатрууд болон кинонд гардаг цасан хүний баримлаар бүтээгдэхүүнийхээ имижийг бүрдүүлсэн байв. Мөн нүд хужирлах хэд хэдэн баримал байрлуулжээ. Жуулчдын зургаа татуулах дуртай газар нь киноны гол баатруудын хөтл өлц өн алхдаг ойн зөрөг аж. Жижиг оврын галт тэрэг, унадаг дугуйгаар энэхүү арлаар аялж болно. Сөүлээс цаг орчим яваад далайн эрэг хүрнэ. Эргээс арал руу агаарын дүүжин шат, гатлага онгоц, завь гэсэн гурван төрлийн унаагаар очиж болно. Сөүлээс арал хүртэл зорчихдоо, далайн эргээс арал хүртэл аль нэг унаагаар явахдаа мөнгө төлнө. Арлаар галт тэрэг, эсвэл унадаг дугуйгаар зугаалбал “ногоон” төлнө. Тэнд хоёр цаг орчим саатахдаа ус, ундаа худалдан авна. Аялагчдын халаасыг сэгсэрч, ажлын байр бий болгохоор хэний ч мэддэггүй арал аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж буй нь тэр.

Өмнөд Солонгос, Хятад, Сингапур улсаар зорчихдоо иймэрхүү байдлаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгосон жишээ олныг харах болно. Сингапурт гэхэд арслан толгойт загасны домгоос сэдэвлэсэн олон бүтээгдэхүүн бий болгож, аялагчдын халааснаас мөнгө “саасаар” байдаг билээ. Монгол Улс аялал жуулчлал хөгжүүлэх талаар олон жил ярьж байна. Одоо ч ярьсаар байгаа. Гэвч дорвитой хөгжсөнгүй. Магадгүй бид аялал жуулчлал хөгжүүлнэ гэхээр байгалийн үзэсгэлэнт газарт жуулчны бааз байгуулах төдийхн өөр төсөөлдөг байж мэднэ. Бусадтай харьцуулахад бүтээгдэхүүн бий болгож, жуулчдын халааснаас ахиухан “зоос” аваад хоцрох аргаа олохгүй байх шиг. Монголд бүтээн байгуулсан, аялал жуулчлалын бүтээгдэхүүний сонгодог загвар бол Чингис хааны хөшөөт цогцолбор юм.

Жуулчид Чингис хааны морьт хөшөө цогцолборыг үзээд, ташуур олсон домгийг нь сонсоод мориных нь дэлэн дээр 5000 мянган төгрөг төлж гараад, бас тэнд хоол унд идээд мордож байна. Үүнээс өөр бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн аялал жуулчлалын үзмэр Монголд ховор. Магадг үй Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музейг бүтээгдэхүүнээр нэрлэж болох юм. “Манай оронд аялал жуулчлал хөгжүүлэх боломж, өгөгдөл маш их бий” гэж энэ салбарт ажилладаг олон хүн санал нэгддэг. Тэд түүх, соёл, эд өлгийн дурсгал, байгалийн үзэсгэлэнт нутаг, соёлын өв, түүнийг тээгчид гээд бүтээгдэх үүн болгох боломжтой олон зүйл байгааг дурддаг. Гэвч түүнийг худалдах аргаа олохгүй байгаа бололтой. Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тайхар чулуу гэж талд ургасан цохио бий. Төв замаас хоёр км зайд оршдог учраас гадаад, дотоодын аялагчид заавал очиж үзээд, зураг хөргөө татуулаад хөдөлдөг. Үүнийг аялал жуулчлалын бүтээгдэх үүн болгон ашигладаг компаниуд бий. Гэхдээ учир дутагдалтай. Тайхар чулууны яг дэргэд нь гурван жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Тэд чулуунаас 100 метр хүрэхгүй зайд бүчин байрлаж байгаа.


Уг нь Тайхар чулуунаас хоёр км-ийн зайд машин техник нэвтрүүлэхийг хориглон жуулчны баазаас явганаар очиж үзэх, тодорхой хэмжээний мөнгө төлөөд морь унаж, сүйх тэргээр очих нөхцөлийг бүрдүүлбэл аялал жуулчлалын үнэтэй бүтээгдэхүүн болох юм. Тайхар чулууг давуулж чулуу шидсэн хүний хүсэл биелдэг гэж хүмүүс итгэдэг. Тодорхой хэмжээний мөнгө төлөөд Тайхарыг давуулж чулуу шидэх зохицуулалт ч хийж болно. Жуулчдад ядаж Бөхбилэгт хэмээх хүчтэн хорт могойг дарахаар Тайхар чулууг өргөж ирсэн гэсэн домгийг яриад өгчих, эвсэл уншаад ойлгочихоор самбар босгочих хэрэгтэй. Төвхөн хийд, Эрдэнэ зуу, Хоргын тогоо гэх мэт аялал жуулчлалын үнэтэй бүтээгдэхүүн болохоор үзмэрийг бид дэндүү хямд худалдсаар байгаа билээ. Зөвхөн уулчдын зорин очдог Таванбогд уулыг гадаадын гэлтгүй, дотоодын аялал жуулчлалын үнэтэй бүтээгдэхүүн болгох боломж ч харагддаг. Эх орныхоо ноён оргил Алтай Таванбогдыг харахыг хүсдэг ч хэрхэн яаж очихоо мэдэхгүй яваа олон залуу тааралддаг. Таван сая хүн амтай Сингапур улс жил бүр 15 сая жуулчин хүлээн авдаг аж. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд бий болгосны дээр засаг төрөөс нь олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал зөвлөгөөн зохион байгуулахыг дэмждэг учраас тус орон руу олон хүн зүглэдэг байна. Монгол Улсад 2013 онд 417 мянган гадаадын жуулчин аялжээ.

Сүүлийн хэдэн жил жуулчны тоо өссөнгүй. Тэгвэл олон улсын аялал жуулчлалын байгууллага судалгаагаар жуулчдын аялахыг хүсэж буй орнуудын эхний тавд Монгол жагссан байна. Хүмүүс Монголоор аялахыг хүсэж байгаа ч яагаад ирэхгүй байна вэ гэсэн асуулт гарна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од “Аялагчдын ая тухыг хангах орчныг бид бүрдүүлж чадахгүй байгаа. Жуулчид Монголд нэг ирээд дахиж ирэхгүй байна. Мөн жуулчид хэвлэлээс малчны борог амьдралыг харуулсан зураг, нийтлэл уншаад Монголын тухай өрөөсгөл ойлголт авч, ая тух алдагдана гэж болгоомжлоод ирдэггүй” гэж ярив. Монголыг жуулчдад таниулах сурталчилгаа хийхэд өнгөрсөн жил тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ хөрөнгөөр аялал жуулчлалын цөөхөн үзэсгэлэнд оролцож, томоохон хэвлэлд цомхон сурталчилгаа тавиулаад дуусдаг гэнэ. Өмнөх жилүүдэд Монголоор аялах боломжийг таниулахад 500 сая төгрөг л төсөвлөдөг байжээ.

П.Алтан-Од “Баян айлын хаусны өртгөөр энэ улсын аялал жуулчлалыг таниулахад хэцүү” гэж тодотгосон юм. Салбарын яамнаас Монголоор аялсан жуулчин дахин зочилж байгаа эсэхийг тандсан судалгаа хийжээ. Тусгай зориулалтын жуулчнаас бусад нь дахиж Монголоор аялахгүй байгаа нь уг судалгаанаас харагдсан байна. Ургамал ажиглах хообийтой нэгэн герман эр Монголд 50 удаа морилсон нь хамгийн олон удаа аялсан хүнээр тодорсон аж. Тиймээс аялагчдын ая тухыг хангах төв байгуулах төслийг салбарын яамныхан хийжээ. Одоогийн байдлаар жуулчдын амрах, алжаал тайлах цэгийг найман газарт байгуулахаар төсөл зохиосон байна. Тухайлбал, Элсэн тасархай, Чулуут голын хавцалд аялагчид бие засах, хооллох, амрах, интернэтээр аялах, машин техникээ засуулах боломжийг бүрд үүлсэн төв барих гэнэ. Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол “Жуулчдын ая тухыг бүрдүүлж чадахгүй, хашраагаад явуулж байна. Тэгэхээр яаж эргэж ирэх вэ. Боловсон жорлон ашиглаад сурчихсан жуулчин цөөн бие засахын тулд ус ундаа уухаа багасгаж байна. Ингэхээр жуулчны ам цангаад тарчилна. Монголчууд түүнд 20 ширхэг ус, ундаа худалдах байсан бол тавыг борлуулж байгаа гэсэн үг” гэв.

Жуулчдад зориулсан төв барих хөрөнгийг улсын төсөвт суулгахаар хөөцөлдөж байгаа гэсэн. Эдгээр төвийг байгуулбал жуулчдын хэтэвчийг нимгэлэх бүтээгдэхүүн бий болох нь дамжиггүй. Соёл, спорт, аялал жуулчлалын яам одоогоор Казиногийн тухай хууль, Бооцоот морин уралдааны тухай хуулийг боловсруулж байгаа гэнэ. Эдгээр нь олон тэрбумын хөрөнгө эргэлддэг улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох юм. Салбарын яамнаас нээхээр ажиллаж буй Үлэг гүрвэлийн музей ч онцгой содон аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нь гарцаагүй. Аялал жуулчлалын бодлого Дэд бүтэц, Байгаль орчны яамны дайвар маягаар олон жил явж ирсэн. Харин одоо соёл, спорт гэсэн харилцан шүтэлцээтэй салбаруудтайгаа нэгдсэнээр бодлого, чиглэл нь тодорхой болж байх шиг. Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн үүсгэх боломж өргөн байгаа ч өчүүхэн хэсгийг нь л дулимагхан ашиглаж байна.

 

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.248.54 sss
202.131.248.54 qqq
  • 2014 оны 10 сарын 06