Д.Эрдэнэбатыг хэлсэндээ хүрч, хамтдаа хариуцлага нэхэхийг МАН-ынхан шаардав

2014 оны 10 сарын 06

  Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ЭЗЭН-100 хөтөлбөрийн үр дүнг тайлагнав. Гурван сар гаруйн хугацаанд олон чухал арга хэмжээг Засгийн газраас санаачлан УИХ-аар батлуулж, мөн хүнд суртал багассан нь эдийн засаг эрчимжихэд нэмэр хандив болсныг Засгийн газрын тэргүүн онцолсон. Тухайлбал, Ерөнхий сайдын дэргэд ажилласан Эдийн засгийн зөвлөлийн санал, зөвлөмжийг дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгаснаар бизнесийнхний өмнө тулгамддаг олон асуудал бодитой шийдэгдэх нөхцөл бүрдсэн гэв. Мөн тоног төхөөр өмж өө шинэчлэхийг хүссэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг гааль, НӨАТ-аас чөлөөлж, бүтээн байгуулалтад гар бие оролцож буй үндэсний томоохон үйлдвэрлэгчид тоног төхөөр өмжийн татвараа хоёр жилийн хугацаанд хэсэгчилж төлдөг болсныг тайландаа дурджээ.

Хил, гаалийн хяналт шалгалтыг найм дахин цөөр үүлж, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулдаг хугацааг гурав дахин багасгаж, шийдвэр гаргагч даргын тоог 106-аар цөөлж, боомтуудыг 24 цагаар ажиллуулж, Гашуунсухайтын гарцын хүчин чадлыг гурав дахин нэмсэн гэв. Энэ мэт зохицуулалтын үр дүнд экспорт өсөх хандлагатай байгаа ч дэлхийн зах зээлийн үнээс шалтгаалан Монгол Улсын орж ирэх мөнгө багассан нь хүндрэл үүсгэж байна гэсэн юм. Гэхдээ “ЭЗЭН-100 хөтөлбөр улс орны эдийн засагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг өргөс авсан мэт арилгах зорилго тавиагүй. Бизнес эрхлэхэд саад тотгор болж ирсэн чирэгдлийг халах зорилгоо биелүүлсэн” гэж Ерөнхий сайд дүгнэсэн. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хуралдааны дэгийн дагуу цөөнхийн бүлгийн дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр танилцуулав. Тэд “ЭЗЭН-100” эрх баригчдын ээлжит шоу байжээ” хэмээн дүгнэсэн. Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, макро түвшинд далайцтай хөгжүүлэх суурь бүрдүүлэх зорилготой хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой, даацтай үр дүн гараагүй гэж Ардын намынхан үзсэн байна. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 71 чиглэлийн ажил хийж, гүйцэтгэхээр төлөвл өсн өөс ердөө 30-ийг нь хийсэн гэж танилцуулсан нь дэндүү чамлалттай гэв. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх нь битгий хэл элгээр нь хэвтүүлсэн гэж цөөнхийн бүлгийнхэн дүгнэжээ. Тиймээс ч “ЭЗЭН-100” хөтөлбөрийг төлөвл өсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй, амласнаа биелүүлээгүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шинэчлэлийн Засгийн газраас шаардсан юм.

Шаардлагын хүрээнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “100 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” гэж хэлснийг нь сануулж, үгэндээ эзэн болж, хамтдаа хариуцлага нэхэхийг шаардлаа. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд асуулт тавьж, санал хэлдэг дэгийн дагуу Ардын намынхан Н.Алтанхуяг сайдыг танхимын гишүүдтэй нь “байцаасан”. АН-ын гишүүд ч хамт “байцаах” хүсэлтэй буйгаа илэрхийлсэн ч УИХ-ын дарга хуралдааны дэгээ мөрдсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболд “Оюутолгой болон бусад уурхайд ажиллаж байсан залуус хэдэн зуугаараа ажилгүй болж, гэр рүүгээ буцсан. Хоёр жилийн өмнө хотын төвийн зоогийн газарт ороход ширээ олддоггүй байсан бол одоо нийт хүчин чадлынхаа 20 хувьд л үйлчл үүлэгч авч байна. Зар, мэдээний сонинууд “Үл хөдлөх хөрөнгө зарна” гэх зараар дүүрсэн. Ихэнх нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан ажлын байраа зарж байна. Байдал ийм дээрээ тулчихаад байхад “ЭЗЭН-100” сайн болсон гэж үзэх нь ёс зүйгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Өргөн хэрэглээний барааны үнэ 100 хоногийн хугацаанд 10-60 орчим хувиар өссөн. Монгол Улсын өр 20 тэрбум ам.доллар боллоо. Яагаад ийм байдалд хүрэв” хэмээн холбогдох сайд нараас хариулт эрсэн.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй. Эдийн засагт нөлөөлс өн бодитой шалтгаанууд бий. Тухайлбал, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ хэд дахин унасан. Тиймээс уул уурхайн салбарын орлогын хэмжээ хэд дахин буурсан. Үүнийг ойлгох ёстой. Нөгөө талаас “Оюутолгой”- гоос Монгол Улсад борлуулалтын орлого хэлбэрээр 700 сая ам.доллар орж ирээгүй байна. Энэ бүхэн хүндрэл учруулж байна” гэсэн юм. Мөн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Өнөөгийн байдлаар 44854 жижиг, дунд үйлдвэр ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өмнөх жилүүдийнхээс өссөн. Хөдөлмөрийн яам энэ онд 51 мянган иргэнийг ажилтай болгох зорилт тавьсандаа хүрч байгаа. Ажилг үй иргэдийн тоо өсөөгүй. Харин бүртгэл сайжрахын хэрээр тоонд өөрчл өлт орсон байхыг үгүйсгэхгүй” гэсэн тайлбар өгч байлаа. Үүний зэрэгцээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Ирэх онд мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмнэ” гэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ МАРГААШ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ

Мөн энэ өдөр Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэв. Нэгдсэн хуралдаанаас өмнө Ардын намынхан эл асуудлаар хуралдсан. Тус бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож, мэдээлэл хийсэн бөгөөд Н.Алтанхуяг сайд МАН-ын бүлгийн гишүүдийн зарим саналыг судалж шийдэх боломжтой гэжээ. Ардын намынхны хувьд УИХын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсг үй, Засгийн газрын бүтцийг илүү цомхон, чадварлаг болгох, зарим яамдыг нэгтгэх боломж байгаа гэж үзэж буй аж. Тодруулбал, Соёлын асуудлыг Боловсролын яаманд, спортыг Эрүүл мэндийн яаманд, аялал жуулчлалыг Байгаль орчны яаманд харьяалуулж, Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яамыг нэгтгэж, өмнөх Засгийн газрын жишгээр явах саналыг дэвшүүлжээ. Үүнээс гадна агентлаг, яамдын газар, хэлтсийн дарга, зөвлөхийн орон тоог цөөл өх, орлогчгүй болгох замаар зардлыг бууруулах боломжтой гэж санал нэгдэж байгаа юм байна. Ардын намын бүлэг хуралдсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэнийг нь нэгдсэн хуралдаанд оруулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд “Ажилтай, орлоготой монгол хүн” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс байгуулсан Хөдөлмөрийн яамыг цаашид ч тусад нь бие даасан байдалтай авч явах хэрэгтэй гэсэн бол УИХын гишүүн Д.Зоригт “Бодит бүтээн байгуулалт хийж байгаа яамдыг нийлүүлж байгаа нь буруу. Үлдэж буй жил есөн сарын хугацаанд шинэ хүмүүс ажилтайгаа танилцахад цаг алдаж, бүтээн байгуулалтын хурд саарна. Бүтцийн өөрчлөлт хийснээр шинэ зүйлд хүрэхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Ерөнхий сайдын танилцуулсан бүтцийн өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс 52 нь зөвшөөрч 82.5 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлц үүлгийг маргааш Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

 

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД