АН-ЫНХАН УНАХ УУ, СЭХЭХ ҮҮ

2014 оны 10 сарын 06

  Засгийн газрын бүтцийг хэрхэн өөрчлөх тухай саналаа Ерөнхий сайд өргөн барихтай зэрэгцээд шинэ сайд нарын нэрсийг таамаглах “ажил” өрнөж байна. Цахим ертөнцөд ийм таамаглал газар авчээ. Тэд Дэд бүтцийн сайдад МҮАН-ын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлээд байгаа. МАН-ын дарга “нэр дэвшигч”-ийг төрсөн өдөртөө урьж, бас бус улс төр ярилцсан гэх мэдээ ч чих дэлсэв. Энэ мэтээр намууд, улстөрчид албан тушаал бодож, ашиг хонжоогоо хэлэлцээд эхэлчихжээ. Тэгвэл улс орны эдийн засаг, улс төрд үүссэн нөхцөл, олон нийтийн шүүмжлэл, туршлагаас үүдсэн сургамж зэргээс үүдээд Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх гэж буй Ардчилсан намын хувьд хувь заяа нь дээсэн дөрөөн дээр ирээд байна. Одоо тэд унах, сэхэх гэсэн салаа замын уулзварт зогсож байгаа. 2012 онд ард түмэн энэ намд итгэл хүлээлгэсэн. Хоёр жилийн дараа дүнгээ тавих гээд үзгээ бэлдэж, үгээ хурцалж байгаа. Тиймээс нэгэнт олж авсан итгэлийг алдаж, нэр хүндээ шавартай хутгахыг тэд хүсэхгүй нь тодорхой. Тэгэхээр АН-ынхан сэхэх замыг сонгоно. Ингэхдээ харин зөв, зөвхөн зөв л алхам хийх ёстой. Эхнийх нь өөрчилсөн бүтэцдээ тохирсон зөв бүрэлдэхүүн сонгох. Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүтцээ өөрчлөх санал оруулахдаа Төрийн тэргүүнтэй зөвшилцөж, олон нийтийн санал шүүмжийг тунгаасан гэж буй. 16 яамыг 13, 19 сайдыг 17 болгон цөөлөх түүний хувилбарыг “Гал унтраасан, хангалтгүй” гэсэн шүүмжлэл дагаж байна. Хуулийн дагуу УИХ эхлээд бүтцийн асуудлыг шийдсэний дараа бүрэлдэхүүний тухай ярина.

Шүүмжлэлийн бай болсон сайд нараа огцруулж, оронд нь “давхар дээлгүй” хүн томилж чадвал бүтэц тойрсон шүүмжлэлийг тэр няцааж чадна. Зөвхөн Н.Батбаяр, Д.Ганхуяг хоёрыг огцруулаад л өнөөх Н.Удвал, Ц.Оюунгэрэл, А.Гансүх тэргүүтнээ үлдээчих юм уу гэдгээ АН-ынхан бодож байгаа биз. Үүний ард Ардчилсан намын нэр хүнд, хувь заяа байгааг тэд санах учиртай. Удаах нь үлдсэн хугацаанд сайн ажиллаж, сөхөрсөн эдийн засгаа өөд татах. 100 хоногийн хугацаа зааж, үгэндээ ороогдохын оронд үйлдлээрээ ажлаа мэдрүүлэх нь чухал. Одоо шоудах биш, ажиллах цаг. Үлдсэн цагаа үр бүтээлтэй ашиглаж чадвал мөрийн хөтөлбөрөө АН хэрэгжүүлж чадна. Хамгийн гол нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй, иргэдийн амьдрал сөхрөхгүй байх нь чухал. Барилга, авто замын салбар өнгөрсөн хоёр жил өсөлттэй байсан. Энэ амжилтыг бусад салбарт гаргахад Ерөнхий сайдын дэвшүүлсэн шинэ бүтэц, бодож болгоож томилох бүрэлдэхүүний “ид шид” харагдах ёстой. Гэхдээ энэ бүхнийг АН дотроо эв найртай байж л хийж чадах нь мэдээж.

Яг одоогийн олон тийш харсан фракцтай, хагаралтай нам энэ бүхнийг хийхэд амаргүй. Нөгөө талаар АН алдаанаасаа суралцах цаг нь болсон. 1996 оны гашуун туршлага тэдэнд бий. Тус нам доторх одоогийн нөхцөл нь тэр үеийг санагдуулаад байгаа юм. Олон толгойлсон фракцууд нь байсхийгээд л Засгийн газраа татан унагаж, тэр хэрээр улс оронд тогтворгүй байдал үүссэний дараа 2000 онд АН мад тавиулсан. Төрийг тоглоом болгосон учраас сонгогчид АН-аас ганцхан Ж.Наранцацралт агсанд мандат өгсөн юм. Дотроо хөлөө жийлцсэн “дайн”-д нөгөө тал нь ялдгийн тод жишээ ийм. Дотроо нэгдэж чадахгүй бол “Шонхор”, МоАХ, “Алтангадас” гэх мэт фракцаас хэн ч хожихгүй. Учир нь тэд Ардчилсан нам гэдэг нэгдсэн толгойтой. Эл түүхийг давталгүйгээр 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцдог үеийнх шигээ хандвал дээр дурдсан зөв алхмууд зөв үр дүн авчирна. Харин тэгж эс чадвал ирэх сонгуулийн дараа АН-ын гишүүд, хөлөө жийлцдэг фракцынхан нь хөтлөлцөөд гудамжинд лааз өшиглөх биз. АН сүүлийн шалгуураа хэрхэн давах бол. Тэд унах уу, сэхэх үү, удахгүй тодорхой болно.

 

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.159.25 ... Тэгэхлээр ерөнхийлөгч асан Н Энхбаяр Монголд ирэх бэлтгэлээ улс төр , эдийн засгийн хүрээнд хамгийн дээд хэмжээнд бэлтгэж байгаа мөртлөө элдэв худал цуурхал тараах хэрэг байсан юм уу. Одоогийн нөхцөлд өөрөө үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоогүй ч гэсэн дотнын андууд болох бээжин хужаа М Энхсайхан , О Чулуунбат нь Засгийн газрын бүрэлдхүүнд орох сураг дуулдаж байна . ... Хэдийгээр өнөө цагт та нар өөрсдийн элдэв далд ажиллагаагаа олноос нуусан ч Тэнгэрт бүгд ил байдаг юм. ... Ямар ч байсан томоохон өөрчлөлт болох эхлэл тавигдсан гэдгийг л Монголын ард түмэн эхний ээлжинд ойлгоцгоох хэрэгтэй . ... Сонин .мн ажиллахгүй байгаа ч гэсэн надаар дамжуулагдан хэлэгдэх ... Үнэн ... үгс хэзээ ч хаагдахгүй гэдгийг энэ ялдамд мэдэгдэхэд тааламжтай байна. ... Хорон муу хүний үйлдсэн бүхий л гэмт бузар үйлдэл нь түүний мөхлийн өдөрт илчлэгдэхээр нөөцлөгдсөн байдаг юм. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. Zorig
174.51.51.240 Унана! Асуудалгуй