ХААДЫН НУТГАА ЭРГЭЭД ИРЛЭЭ

2014 оны 10 сарын 03

  ӨМӨЗО-ы Хөххот, Шилийн гол, Улаанхад, Асгат тэргүүтэй газруудаар Монголын сэтгүүл зүйн салбарын 30 шахам төлөөлөл зургаа хоног аялаад ирлээ. Тоог нь харахад тийм ч олон газар биш юм шиг хэрнээ Өвөрмонголын зөвхөн зүүн хойд хэсгээр 4000 гаруй км замыг хөндлөн гулд туулсан бидний хувьд “амьдрал буцалсан автобус”-ныхаа ачаар тэр их өргөн уудам тал нутгийг барсан юм. Хөзөр тоглох нь тоглож, дуулж шүлэглэх нь шүлэглэж байхад нэг хэсэг нь нүдний хор гаргаж, нанчид жаахан хүртчих гээд байдаг гэмтэй зарим нэг нь дарга даамлын араар яаж ийгээд л “хувиа борлуулчихаад” байсан учраас казинотой, үзвэр үйлчилгээ, амралт, зугаалга, цэнгээний газартай автобусаа тийн нэрлэсэн хэрэг. Аливаа зүйлийг ямагт үндэслэлтэй, баталгаа нотолгоотой ярьдаг, хийдэг, бусдаасаа ч тийм байхыг шаарддаг Ч.Чойсамба багш тэгж нэрлэсэн нь үнэхээр нүдээ олсон гэдэгтэй бүгд санал нийлнэ лээ. Ямартаа л их сургуулийн Чой багш “сахал” Хүрэлээ ахаас “үндэслэл сайт” гэсэн хоч авч байх вэ дээ.

“Амьдрал буцалсан автобус”- тайгаа ширээний тавцан шиг тэгшхэн, ямар ч өө сэвгүй хурдны замаар хэдэн өдрийн турш аялсан бид “Би явж байна, Бээжин сууж байна” гэсэн үгний утга учрыг эрхгүй мэдэрч, алжаах үе байсан. Гэвч бас нөгөө талаар “Долоо, найман зууны тэртээ бидний өвөг дээдэс энэ газрыг морин туурайгаар тамгалж л явсан шүү дээ” гэдэг бахархалт бодол тэрхүү мэдрэмжийг үдэн хөөж байлаа. Морин дэл дээр давхиж дэлхийн талыг хураан нэгтгэсэн эцэг өвгөд минь ямар агуу их үйл бүтээсэн, хэчнээн хүчирхэг хүмүүс байсныг энэ аяллын үед улам илүү мэдэрч билээ. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдээс гадна Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдлагууд, Орхон, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүд аяллын бүрэлдэхүүнд багтлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэглэснээр олон хүн хочтой болсны дотор МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, ETV-гийн захирал Ц.Энхбат, Монголын сайтын холбооны тэргүүн Жаргалсайхан нарынх тун чиг оносон байв.

Энэ бол Монголын сэтгүүлчдийн Өвөрмонголд хийсэн хамгийн урт холын аялал байсныг зохион байгуулагчид төгсгөлд нь онцолж байлаа. Нэг газраас нөгөөд хүртэлх 600-700 км урт замыг өдрийн хагаст туулахад бидэнд сэтгэлийн дэм өгч байсан бас нэг хүн бол ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны газрын дарга Баянжаргал. Монголын сэтгүүлчдийг Өвөрмонголд аваачих, хаагуур аялуулах, хэнтэй уулзуулахыг тэр л хамгийн сайн мэднэ. Бас аяллын турш хүмүүсийн сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд замын уртыг яаж товчилж хэлэхээ ч андахгүй. Баянаа ахыг “Одоо 300 км үлдсэн шүү, хүмүүс ээ” гэвэл наанадаж 400 гаруй км зам байгаа л юм байна гэдгийг бид сүүлдээ түвэггүй ойлгодог болсон юм. Гэхдээ л “Дугуй юу малгай чинь духан дээрээ байна, Дундар юу санаа чинь цээжин дотроо байна” гэж эхлээд “Дурыг чинь авъя аа хө” хэмээн дуусдаг хошин дуугаа хэдэн ч удаа дуулсан хамаагүй автобус дүүрэн инээд болно. Түүнчлэн бидэнд хань бараа болж явсан нэгэн үзэсгэлэнт бүсгүй Сурнаагийн хоолой үнэхээр биширмээр. Үзэмчин хошууны харьяат тэрбээр “Солонго” сэтгүүлд ажилладаг ч манайхан ятгасаар ирэх жилийн “Universe best songs” наадамд оруулахаар болж, эрхлэгчид нь ч энэ тухайгаа дуулгаад авсан юм. Яруу найрагч хүний онгод, мэдрэмжийг юухан ч байсан хөглөдөг хойно Хүрэлээ ах мөн л Сурнааг дуулахад

Үзэмчин хошуу өндөлзөж

Үзэсгэлэнт бүхэн өмөлзөж

Дүүрэн заан нь зодоглож

Дүүрээд л ирэх юм билээ... хэмээн шүлэглэв ээ.

ШАНДЫН ШАР ТАЛ ИХ ГҮРНИЙ ТҮҮХ ХҮҮРНЭНЭ


ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шулуунхөх хошуунд байрлах Юань улсын дээд нийслэл Шанду хотын туурьтай танилцахаас бидний аялал эхэллээ. Энэ бол бүх Хятадын хэмжээнд талбайгаараа хамгийн томд тооцогддог дэлхийн соёлын өв гэнэ. 1256 онд Хубилай хаан энэхүү ордныг бариулж, долоон жилийн дараагаар улсын дээд нийслэл болгосон нь Юань улсын түүхэн дэх анхны нийслэл хот болсон түүхтэй аж. Сүүлд нь их хаан төр улсын хэргийг өвөлдөө одоогийн Бээжинд эрхлэн явуулдаг байсан бол зундаа Шандуд байрлан хамаардаг байжээ. Шанду бол тал нутгийн нүүдэлчин үндэстний байгуулсан цөөн хэдхэн нийслэл хотын нэг бөгөөд хятадууд ч энэхүү түүх соёлын хосгүй өвийг ихээхэн хөрөнгө хүч, ухаан зарцуулан байж хамгаалж байгаа нь анзаарагдсан юм. ӨМӨЗО-ы Засгийн газар ч “Юань улсын Шанду хотын туурийн хамгаалалтын ерөнхий төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж, өдгөө ЮНЕСКОгийн соёлын өвд албан ёсоор бүртгүүлэхэд тун ойртсон гэнэ.

Гурван давхар хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн улсын дээд нийслэлийн туурийг аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгохоор зорьж буй ч гэлээ манайхан шиг бүх зүйлийг нь ухаж гаргаад, түмэнд дэлгэхийг урьтал болгосонгүй. Туурийн зарим хэсгийг ухаж гаргаснаа буцаагаад хөрсөөр дарж булжээ. Учир нь хэдэн зууны тэртээх эртний хотын тууринаас гарсан зарим соёлын дурсгалууд нар, салхинд элэгдэж, үгүй болох аюул нүүрлэсэн тул ийнхүү яаралтай арга хэмжээ авсан байна. Угалзан Шандын голоор хөвөөлөн орших энэхүү туурийг анзааргагүй хүмүүс бол байдаг л нэг балгас гэж харна. Гэтэл тэнд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид 60 юаниа төлөөд, зорин ирдэг бөгөөд зуны долоо, наймдугаар сард тийш зоригсдын тоо бүр ч нэмэгддэг гэсэн. Гэгээ гээд хөтөч нь хүртэл үнэхээр чадварлаг тайлбарлах бөгөөд жуулчдыг эртний Юань гүрнээр аялаад ирсэн юм шиг л өндөр сэтгэгдэлтэй гаргадаг юм билээ. Харин манайд аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж олон жил ярьж байгаа ч чадварлаг хөтөч эхлээд бэлтгэх тухай санал санаачилга гаргалгүй өдий хүрсэн шүү дээ.

Юань улсын дээд нийслэлийн туурийг сайтар хамгаалан уламжлахын тулд, түүх соёлын дурсгалт зүйлийн хэрэг эрхлэх байгууллага нь агаараас зураг авч, археологийн шинжилгээ хийсний зэрэгцээ хиймэл дагуулаар байрлал тогтоон, гурван хэмжээст нарийвчилсан зураглал гаргах зэргээр ихээхэн хариуцлагатай хандсаны ачаар тэд магадгүй дахиад хэдэн зууны турш хүн төрөлхтний нүд, чихийг баясгах биз. Шандуны туур байгаа газар руу мал, амьтан оруулалгүй, намар болохоор өвсийг нь малчдаар хадуулдаг юм билээ.

Түүх соёлын өв дурсгалыг хайрлах, хадгалах, хамгаалах чин сэтгэлтэй ард түмэн ямар байдгийг эндээс мэдэрсэн гээд хэлчихвэл манайхны зарим “ясны” эх орончдын дургүй хүрэх байх. Гэхдээ л үнэн нь тэр. “Миний нутаг, манай хаан, бидний түүхийн дурсгал” гэж цэц булаалдаж суухын оронд хэн нь түүнийгээ бодитоор хайрлаж, хадгалж, хамгаалж байна вэ гэдгээр л эцсийн мөчид дэлхий нийт дүгнэнэ гэдгийг бодох цаг болсон мэт.

Шулуунх өх хошуунаас 600 гаруй км-ийн зайд орших Асгат хэмээх газар руу “Дэлхийн паркийг үзүүлнэ ээ” гээд хөтөч биднийг аваад давхилаа. Очсон чинь байгалийн өвөрмөц тогтоц, сонин сайхнаараа манай Тэрэлжээс нэг их илүү гарахааргүй хэдэн хад байх юм. Гэвч тэр хавийн орчныг хачин сайхан тохижуулж, байгалийнх нь мод, чулуугаар ширээ, сандал хийснээс эхлээд дэгсдүүлж хэлбэл 10 метр тутамд хогийн сав байрлуулсан зэрэг нь “Жинхэнэ аялал жуулчлал гэж үүнийг хэлдэг юм” гэх шиг цээжин цаадах хор шарыг хөдөлгөж орхисныг нуух юун. Дараа нь манайхныг түүнээс 30 минутын зайд орших халуун рашаанд оруулах юм болов. Ямар ч өвчнийг анагаах шидтэй байгалийн халуун рашаан гээд байгаа нь манай Цэнхэрийнхтэй л адил бололтой. Ялгаа нь гэвэл тэдний халуун рашаан ваннанд, манайх байгальдаа. Харин Асгатын рашаанд орохын тулд хүмүүс хоногийн 130 юань төлдөг, манайх 30 мянган төгрөг. Гэтэл тэр ганц рашааныг тойроод 30 гаруй аялал жуулчлалын бааз байдаг гэхээр ямар их үйлчлүүлэгчтэй болох нь ойлгомжтой.

 

Үргэлжлэл бий.

 

 

Л.ГАНЧИМЭГ