С.Марта: ЦАХИМ ЖУРНАЛ ДАВУУ ТАЛТАЙ УЧРААС МАНАЙ СУРГУУЛЬ 2009 ОНООС ХОЙШ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

2014 оны 10 сарын 03

  Багш нарын өдрийг дэлхий нийтээр 20, Монголын багш нар 48 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай улс энэ өдрийг жил бүрийн хоёрдугаар сард тэмдэглэдэг байсан бол өнөө жилээс аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр болсон. Энэ өдрийг тохиолдуулан, улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захирал, түүхийн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш С.Мартатай ярилцлаа.

-Танай сургууль 1989 онд ашиглалтад орсон, байгуулагдаад 25 жил болж буй ч багш, сурагчид нь амжилт арвинтай байдгийн нууц юу юм бол?

-Шавийн эрдэм багшаас гэдэг шиг сургалтын чанар, үр дүн багшаас, тодруулбал багшийн сэтгэл, зүтгэл, хариуцлагаас шууд хамаардаг. Тиймээс манай сургууль сүүлийн найман жилд багш нарыг ажилд авахдаа сонгон шалгаруулж ирлээ. Гэхдээ зөвхөн манай сургуулийг зорьж, 84 дүгээр сургуульд ажилд орохыг хүсэгчдээс буюу хязгаарлагдмал хүрээнээс сонгон шалгаруулдаг. Ажилд орохыг хүсэж буй багш нараас мэргэжлийн онолын шалгалт авч, ярилцлага хийн, хичээл заалгаж заах арга, ур чадварыг нь хардаг. Ажилд орогчдыг түр тушаалаар нэг хичээлийн жилийн хугацаатай авдаг. Энэ нэг жилд тухайн багшийн сэтгэл зүтгэл, хандлага, хариуцлага, мэдлэг чадвар, хувийн соёл бүх юм мэдэгддэг. Өөрийгөө таниулах, 84 дүгээр сургуульд ажиллах боломжийг бодит байдал болгох, эсэх нь тухайн хувь хүнээс хамаарна. Товчоор хэлэхэд зөв хүнийг, зөв багшийг эрдэг. Багшаас зөвхөн сэтгэл гаргаж ажиллахыг л хүсдэг. Сэтгэл байвал зүтгэж эхэлдэг, зүтгэж чадвал амжилт ирдэг гэдгийг манай багш нар сайн мэднэ. Сургуулийн захиргаа багшийг ажлаа хийнгээ ажлын байран дээрээ хөгжих боломжоор хангаад зогсохгүй, бүх талаар дэмждэг, нийгмийн асуудлуудыг нь бололцоогоороо шийдэж өгдөг. Шавийн эрдэм ч, амжилт ч багшаас, бас сургуулийн хөгжил, үнэлэмж ч багшаас хамаарна. Харин энэ бүхнийг менежментийн бодлогоор зохицуулдаг.

-Танайхыг Монголын анхны цахим сургууль гэдэг. Цахим сургуулийн багш, сурагчид цахим ертөнцөд юу хийж байдаг бол?

-Сурагч бүр кодтой. Сурагч өөрөө болон тэдний эцэг эх нь тухайн кодоор сургуулийн сүлжээнд нэвтэрч өөрийнхөө, хүүхдийнхээ талаарх мэдээллийг үзэх боломжтой. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагад цаг алдалгүй анхаарч, дэмжих боломж бүрддэг. Мөн мэргэжлийн багш нарын блогоор дамжуулан хүүхдийнхээ багш нартай харилцах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах боломжтой. Сурагчид зайны сургалтын сайтаас хүнд сэдвүүд, ойлгоогүй, дутуу ойлгосон хичээлээ дахин үзэж бататгах, бие даан түр үүлж суралцах, багш нараасаа зөвлөгөө авах, хоцрогдлоо нөхөх боломжтой. Сургуулийн вэб сайт өргөн агуулгатай, байнгын ажиллагаатай учир иргэд, эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг шуурхай авах, санал, гомдол, шүүмж, сэтгэгдлээ бичдэг. Багш нар блогоороо харилцан санал бодол, туршлага солилцох, дотоод цахим талбараараа зар мэдээ түгээх, санал авах, өгөх, хоорондоо хурдан харилцах давуу талтай. Харин тэднийг цахим ерт өнцөд юу хийдгийг мэдэхгүй. Үүнийг хянадаггүй, мэдэх боломж ч үгүй, тийм зав ч байхгүй.

-Сурагчдын хувийн хэрэг, журналыг цахим хэлбэрт шилжүүлснээр ямар үр дүн гарав?

-Манай сургууль 2009 онд сурагчийн хувийн хэрэг, журналыг цахим хэлбэрт оруулсан. Ганц сургууль ийм болоод онцын ач холбогдол алга. Харин ч манай багш нар цахим болон цаасан хувийн хэрэг, журнал давхар хөтөлж, илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс цөөн боловч сургуульд цахим хувийн хэрэг, журнал нэвтрүүлж ач холбогдлыг нь нийтэд мэдүүлэх зорилгоор манай сургууль “Цахим сургалт” төсөл боловсруулан, “Мобиком” компаниас санх үүгийн дэмжлэг авч хот, хөдөөгийн 29 сургуульд 2010, 2011 онд амжилттай хэрэгжүүлсэн. Уг нь улсын, ядаж нийслэлийн сургуулиуд цахим хувийн хэрэг ашиглаад хэвшчихвэл хүүхэд сургууль дамжин шилжихэд хувийн хэрэг үрэгдэх, муухай болох, сурлагын дүнгээ засах, баллах явдал арилна. Бас багш журналд цагт тухайд нь дүн тавихгүй, ирц бүртгэхгүй байх, багшийн тавьсан дүн өөрчлөгдөх, баллаж сохлохгүй байх зэрэг сайн талтай л даа. Наад зах нь цахим журнал хөтлөхөд багшийн хариуцлага улам өндөрснө. Тухайлбал, хонх дуугарснаас хойш хичээлдээ орсон, өмнө завсарласан багшийн хийдүүлсэн цаг нь минут секундээр харагддаг. Хичээл дуусахад багш сүлжээнээс гардаг. Өмнөх багш програмаас гараагүй байхад дараагийн багш програмд орж журнал бөгл өх, ашиглах боломжгүй. Энэ мэтчилэн цахим журналын давуу тал байгаа учраас манай сургууль 2009 оноос хойш хэрэглэж байна.

-Жишиг сургууль болох зорилгодоо хүрэхийн тулд юу хийж байна вэ?

-Манай сургуулийн амьдрал өдөр бүр оргилж байдаг. Багш, ажилтан, ажилчид гээд хүн бүр л дор бүрнээ завгүй ажиллаж, хүүхдэд сургах, хөгжүүлэх, төлөвшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх олон талт ажлуудыг аль болох үр өгөөжтэй зохион байгуулахыг хичээн зүтгэдэг. Хэн ч, хэзээ ч, хаанаас ч ирсэн нүүр улайхааргүй орчинтой, цэвэр цэмцгэр, дэг журамтай, үйл ажиллагаанууд нь хэвшил болсон, эвсэг, чадварлаг хамт олонтой, үйлчлүүлэгчид буюу эцэг эх, сурагчид сэтгэл ханамжтай, эрэлт ихтэй, үнэлэмж өндөртэй сургууль болохын төлөө манай хамт олон өдөр бүр гар нийлэн хөдөлмөрлөцгөөдөг. Тийм ч учраас 2009 онд IT-гийн технологийн дэвшлийг ерөнхий боловсролын сургуульд тодруулбал сургалт, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд ашигласан анхны “Цахим сургууль” болж, 2011 онд Нийслэлийн тэргүүний, 2012 онд Улсын тэргүүний сургууль хэмээх эрхэм өргөмжлөл хүртсэн. Одоо манай хамт олон амжилтаа бататгах, хүүхэд бүрийг өөрийнх нь түвшинд ахиулах, хөгжүүлэх олон талт ажлуудаа чанаржуулах, эцэг эхчүүдийг сургуулийн амьдралд татан оролцуулах хүрээгээ тэлэх, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

-Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж боловсролын салбар зорьж байна. Танай сургуулийн сурагчдын хэд нь, нарийн ярьвал хэн нь ямар авьяастайг багш нар мэдэх үү. Тэр авьяасыг нь хэрхэн тордож байна вэ?

-Хүн бүр, хүүхэд бүр давтагдашгүй хувь хүн шүү дээ. Хүүхэд бүрт сайн тал бий, хүүхэд бүрт сонирхдог зүйл байгаа. Хүүхэд бүр бусдаас ялгарах онцлогтой. Заримд нь бүр төрмөл авьяас байдаг. Хүүхдийн сонирхол, онцлог шинж чанарыг нь түшиглэн өөрийгөө нээх, өөрийгөө олоход нь туслах явдал өнөөгийн сургууль, багш нарын анхаарах гол асуудал гэж би боддог. Манай сургууль ч хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ хүүхэд өөрийгөө нээж олох, хүүхэд бүрийг өөрийнх нь түвшинд ахиулахад гол анхаарлаа хандуулдаг. 84 дүгээр сургууль 3400 шахам сурагчтай. Тэдний дунд дөрвөн чиглэлийн 30 гаруй төрлийн хөгжүүлэх сургалт зохион байгуулдаг. 6-7 жилийн өмнө эцэг эхчүүд хөгжүүлэх сургалтын ач холбогдлыг төдийлэн ойлгодоггүй, зарим нь хичээлийн садаа гэж үздэг, хүүхдийнхээ хүсэл сонирхлыг үл тоодог, дэмждэггүй байсан бол одоо манай эцэг эхчүүд хөгжүүлэх сургалтуудад хүүхдээ өөрсдөө хөтөлж авчирдаг, дэмжиж тусалдаг болсон. Бүр 2-3 сургалтад ч давхар суулгадаг болж байна. Энэ бол манай багш нарын ажлын үр дүн, том амжилт. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн хагаст хөгжүүлэх бүх сургалтын тайланг хамгаалуулдаг. Эцэг эхчүүдийг үүнд урьж оролцуулан, хүүхэд нь ямар түвшнээс яаж суралцан, юу сурч, ямар чадвар эзэмшсэнийг харуулдаг. Манай сургуулийн нэрийн хуудас болсон ажлуудын нэг нь энэ.

Авьяастай хүүхдүүдийг л хөгжүүлэх, зөвхөн тэднийг л олон нийтийн ажилд оролцуулж нүүр тахлах бус, бүх хүүхдийг сонирхлыг нь дагуулан ямар нэг зүйлд сургах, өөртөө итгэлтэй байлгах, олны өмнө гаргаж нүүр хагарах боломж олгоход бид үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Жишээ нь, 2012 онд эцэг эхийн өдрөөр 84 дүгээр сургуулийн 2987 сурагч бүгдээрээ шинээр юу сурснаа ээж аавдаа үзүүлсэн. 2013 онд 787 сурагч бий биелгээ, 500 сурагч морин хуур, шанз, ятга хөгжмөөр тус бүр 100 сурагч, ёочин хөгжмөөр 40 сурагч тоглож сурсан, сийлбэр, хайчилбар, сувсан урлал, уйгаржин бичгээр уран бичлэг, бийрийн бичлэг, уран зураг, цаасан нугалбар, оёдол, нэхмэл, хатгамлаар бүтээл хийсэн, цээжээр олон оронтой тооны нэмэх хасах үйлдэл хийх, богино хугацаанд оньсон болон эвлүүлэх тоглоомуудын шийдлийг олох гэх мэтчилэн үзүүлэх ажил зохион байгуулсан. 2014 онд хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн, худалдаа гаргаж, эцэг эхчүүдэд хүүхдийнх нь ур чадварыг үзүүлэх ажил зохион байгуулсан.

-Шатар, 100 буудалт даам, япон шатар-шёоги, го даам, осэро зэрэгт хөлөгт тоглоом заах төсөлд хэчнээн хүүхэд хамрагдаж байна вэ. Хөлөгт тоглоом тоглодгийн давуу тал бусад хичээл дээр гардаг уу?

-Хөлөгт тоглоомуудын сургалт маань төсөл биш шүү дээ. Манай сургуульд жил бүр олон төсөл хөтөлбөр хэрэгждэг, салбарын хэмжээний бүх төслийг би олж аваад байдаг мэт ташаа ойлголт байдаг бололтой. Гадаад, дотоодын байгууллагуудаас манайд хэрэгж үүлдэг төсөл хөтөлбөр байхгүй ээ. 84 дүгээр сургуульд хийгдэж байгаа ажлууд бол сурч хөгжүүлэх бодлогын хүрээнд зохион байгуулж буй дотоод, төлөвлөгөөт ажлууд юм л даа. Манай хөгжүүлэх сургалтууд дөрвөн чиглэлээр явагддагийн нэг нь сэтгэхүй хөгжүүлэх чиглэл. Үүн дотроо хэд хэдэн төрлийн сургалт зохион байгуулдгийн нэг хэсэг нь хөлөгт тоглоомууд. Энэ жилийн хувьд таван төрлийн хөлөгт тоглоомын сургалтад 300-гаад сурагч хамрагдаж байна. Хөлөгт тоглоомоор хичээллэснээр хүүхэд сууж сурна, тэвчээртэй хүлээцтэй болно, шийдвэр гаргаж, бодож сэтгэж, ялж ялагдаж, хүнд байдлаас гарах арга зам олж сурна, хариуцлагын мэдрэмжтэй болдог гэх мэт олон сайн чанар эзэмшинэ. Энэ нь тухайн хүүхдийн давуу тал болно. Бусад хичээл дээр төдийгүй амьдрал дээр ч эдгээр давуу талын ач холбогдол маш их нь ойлгомжтой. Хамгийн гол нь хүн болох гол үндэс тавигдаж байгаа юм.

-Ятга, ёочин, шанз, төгөлдөр хуур, морин хуур, бүжиг, даралтат үлээвэр хөгжим, найрал дууны сургалт явуулдаг юм билээ. Танайх суудлынхаа тооноос хэтэрсэн хүүхэдтэй. Ийм олон сурагчтай, ачаалалтай ажилладаг хэрнээ төрөл бүрийн сургалтыг яаж амжуулдаг юм бэ. Анги танхим хүрэлцдэг үү?

-Манай сургуулийн сурагчид суудлын тооноосоо 2200-гаар илүү юм шүү дээ. Сургууль маань 1200 хүүхдийн хүчин чадалтай, гэвч 3400 хүүхэд сурч байна. Мэдээж анги танхим хүрэлцэхг үй, зориулалтын 23 ангитай ч өрөө гаргаж болох булан талбай бүрээ хааж зориулалтын бус 14 тасалгаа гарган 37 ангид 77 бүлэг гурван ээлжээр хичээллэдэг. Кабинетуудын хичээлгүй цагаар, хичээл тарсны дараа 19-21 цагийн хооронд болон хагас сайн өдөр хөгжүүлэх сургалтуудаа явуулдаг.

-Нэг үеэ бодвол хүүхдүүд спортоор хичээллэдэг болж байна. Танай сургуулийн сурагчид ч самбо, чөлөөт, жүдо бөх, сагс, гар бөмбөг, бокс, уран гимнастик, ширээний теннисээр дүүрэг, улсад чамгүй амжилт гаргадаг юм байна лээ. Спортоор хичээллэдэг сурагчдаа хэрхэн дэмждэг вэ? -Зөвхөн спортоор хичээллэдэг сурагчид ч биш сурлагаар бусдыгаа хошуучилдаг, урлагаар хичээллэж амжилт гаргасан, нийгмийн идэвх сайтай гэх зэргээр амжилт гаргасан сурагчдаа хөхиүлэн дэмждэг. Тухайлбал, амжилтыг нь нийтэд сурталчилж алдаршуулах, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулах, гүнзгийрүүлсэн сургалтад хамрагддаг бол сургалтын төлбөрөөс 50-100 хувь чөлөөлөх, хөгжүүлэх сургалтын сурагчбагшаар ажиллуулах зэргээр дэмждэг. Манай сургуулиас 100 буудалт даамны өсвөрийн дэлхийн аварга төрсөн. Гурав, есдүгээр ангийн тэрхүү сурагч тус бүрийг 200.000 төгрөгөөр шагнаж, гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөн, нийтэд сурталчилж байлаа.

 

Х.БОЛОРМАА