Д.НАЦАГДОРЖ: ӨМНӨГОВИЙН 260 АЙЛ ОРОН СУУЦТАЙ БОЛНО

2014 оны 10 сарын 03

  Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Танай аймагт уул уурхайн хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихсан, үйл ажиллагаагаа явуулж байгаа “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Чинхуа-МАК-Нарийнсухайт”, “Монголын алт”, “Саусгоби сэндс”, “Өсөх зоос” гэх мэт 12 компани байдаг. Эдийн засаг хүндэрч, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, компаниуд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон ч ажилтнуудаа халчихалгүй, байр сууриа хадгалан үйл ажиллагаа явуулж байна.

-Өмнөговь аймаг улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг. Уул уурхай танай аймагт хэр хөрөнгө оруулж байна вэ?

-Хүмүүс Өмнөговь баян аймаг гэж ярьдаг боловч манайд үйл ажиллагаа явуулдаг компаниуд Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт гэрчилгээгээ авсан байдаг учраас тэндээ татвараа төлдөг. Өмнөговь аймгийн санх үүгийн 40-50 хувийг дангаараа бүрд үүлдэг ганц компани нь орон нутгийн өмчит “Тавантолгой”.

-Уул уурхайтай холбоотойгоор иргэд болон мал аж ахуйд ямар хүндрэл тулгарч байна вэ?

-Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Тоос шороо, иргэдийн амьдрах орчин нөхцөлөөс эхлээд байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөө их байна. Өмнө нь нэг худгаас 1000 хонь усалдаг байсан бол одоо ийм тооны хонийг 2-3 тасалж, усалдаг. Гүний ус ингэж багассан. Энэ бол бидний амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөө. Уул уурхайн компаниуд тухайн сумынхаа бүтээн байгуулалтад оролцдог сайн тал бас бий.

-Иргэд нүүрсээ хэдэн төгрөгөөр авдаг вэ?

-Орон нутгийн “Тавантолгой”-гоос тонныг нь 8000 төгрөгөөр авдаг.

-Энэ жил аймагтаа ямар бүтээн байгуулалт хийв?

-Боловсролын салбар болон аймгийн төвийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд олон ажил хийсэн. Бидний хамгийн том зорилго бол баруун гурван сумаа аймгийн төвтэйгээ хатуу хучилттай замаар холбох. Энэ хүрээнд Даланзадгадаас Гурвантэс сум руу эхлээд долоо, дараа нь 13, тэгээд 17 гэсээр одоо 37 км зам тавьчихлаа. Өнөө жил 23 км зам тавиулахаар тендер зарлаж, шалгарсан компани хөрсөө хуулан ажил нь эхэлсэн. Аймгийн төвийн замаа сайжруулах, гэр хорооллоо хатуу хучилттай замаар холбох, Даланзадгадын шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг шийдэх гэх мэт ажил эрчимтэй өрнөж байна. Шинэ суурьшлын бүсэд хатуу хучилттай гурван км авто зам тавина. Дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны шугам, хатуу хучилттай замаа энэ жилдээ дуусгахаар төлөвлөсөн. Шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол, хотын захиргаа байгуулна. “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд дэд хөтөлбөр боловсруулан, төсөл сонгон шалгаруулахад зургаан компани тунасан. Эдгээр компанид орон нутгийн төсвөөс 650 саяас нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр тэд аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулж, орон сууцаа барьж эхэлсэн. Ирэх хоёрдугаар сарын 1 гэхэд эхнээс нь иргэдэд худалдаж, гуравдугаар сарын 1 гэхэд аймгаас авсан мөнгөө буцааж тушаах юм. Энэ бол гурван талдаа ашигтай. Нэгдүгээрт, компани мөнгөтэй болно. Хоёрдугаарт иргэдэд байрны нэг ам метр талбайг 1.05 сая төгрөгөөр зарна. Бид иргэдэд хямд үнэтэй орон сууцтай болох боломж олгохоор зорьсон. Компаниудаас буцааж авсан мөнгөөрөө орон сууцны сан бүрдүүлж, цаашид “1000 айлын орон сууц” хөтөлбөрөө тасралтгүй үргэлжл үүлнэ. Компаниудад мөнгийг нь өнгөрсөн жилээс олгож эхэлсэн. Энэ жил 260 айл орон сууцтай болно. Бид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө жилдээ 6-11 тэрбум төгрөг төлөвлөн, эмч, мэргэжилтнүүдээ дадлагажуулж, мэргэшүүлэх, гадаадад сургалтад хамруулах, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, томограф оношилгооны аппарат авахад зарцуулдаг. Хамгийн сүүлд гэхэд Герман улсаас 600 гаруй сая төгрөгөөр шаардлагатай гурван тоног төхөөр өмж авч, Цогтцэций, Ноён, Даланзадгад сумынхаа Сум дундын эмнэлэгт өглөө.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ. Бүх хүүхэд хамрагдаж чадаж байна уу?

-Манай аймаг 58.555 хүнтэй. Уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт өрнөж байгаа учраас мөн ийм тооны хүн ирж, очин хөдөлгөөнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, аймгийн төр захиргааны байгууллага 100 мянга гаруй хүнд төрийн болон нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл аймгийн төсөв 60 мянган хүнээр төлөвлөгдөж ирдэг. Бүтэн жилийн норм болох эм тариа, эмнэлгийн зардал эхний улиралд л дуусчихдаг. Өнгөрсөн жил 300 хүүхэд аймгийн төвд цэцэрлэгт явах шаардлагатай байна гээд улсын төсвөөр 100 хүүхдийн, орон нутгийн төсвөөр 200 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барьсан. Гэтэл энэ жил дахиад 300 хүүхдийн цэцэрлэг шаардлагатай болсон. Иймээс бид Даланзадгад, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумынхаа хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байна.

-Ханбогд сумын цэцэрлэгийн хүүхдүүд багш, ажилчдаасаа гэдэсний халдварт өвчний нян авсан байж болзошгүй байсан. Багш, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, эсэхийг дахин нягталж шалгана гэж байсан нь юу болсон бэ?

-Ханбогд суманд энэ зун үер болж, жорлонгийн бохир хальсан нь гэдэсний халдварт өвчин гарах нөхцөл болсон. Цэцэрлэгийн хоёр ажилтныг цэцэрлэгт нь ажиллуулахгүй байхаар ярьж байгаа. Энэ явдалтай холбоотойгоор аймгийн Засаг дарга захирамж гаргаж, бүх сургууль, цэцэрлэгийн багш, “Үдийн цай” хөтөлбөрт ажиллаж байгаа хүмүүсийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулахаар болсон.

-Өмнөговь аймагт зуншлага хэр болов?

-Аймгийн төв болон баруун талын сумдаар зуншлага сайхан байлаа. Зүүн талын сум болох Манлай, Ханбогдын нутагт хур тунадас олон жилийн дунджаас бага орж, зуншлага тааруухан байснаас намаржилт, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Бид сумдын удирдлага, малчдад эдгээр сумын иргэдийн малыг ямар нэгэн асуудалгүйгээр нутаг дэвсгэртээ оторлуулах чиглэл өгсөн.

-Танай аймаг хэдэн малтай вэ. Нийт малаа хонин толгойд шилжүүлэн тооцож, гурван хоногийн аюулгүйн нөөц бэлтгэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базаав?

-1.6 сая малтай. Өвөлжилтөд бэлтгэх Засаг даргын захирамж, ерөнхий төлөвлөгөө гарсан. Хэрэгжилтийг аравдугаар сарын 15 гэхэд шалгаж дуусна. Сумдын удирдлагад гурван хоногийнхоо нөөцийг бэлтгэх үүрэг өгсөн. Манайхаас нүүрс авдаг хангайн аймгуудаас өвсөө хямд үнээр авах боломжийг судалж, орон нутгаас 200 мянган тонн өвс бэлтгэхээр хэлэлцээ хийж байна. Өвөлжилтөд бэлтгэх зорилгоор төрийн албан хаагч бүр таван кг өвс, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг сум, орон нутагт өгнө. Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд бас ийм уриалга хүргүүлсэн.

 

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД