Н.ДҮГЭРСҮРЭН: ЭНЭ ОНД 73 САЯ ТОНН УС ХЭМНЭСЭН

2014 оны 10 сарын 03

Байгаль хамгаалах сарын аян өчигдөр эхэллээ. Жил бүр явуулдаг аяны энэ сарын уриа “Ус-ухаалаг хэрэглээ, ухамсартай хэмнэлт”. Монгол Улсын усны нөөц, ашиглалт, бохирдлын талаар олон нийт, хэрэглэгчдэд зөв мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжилт, салбар хоорондын уялдаа, төр, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ аяны зорилго оршиж байгаа аж. БОНХЯ-наас усны хэрэглээ, усны нөөц хамгаалах талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэнгээс тодрууллаа.

-Усны үрэлгэн хэрэглээг багасгах талаар ямар ажил хийсэн бэ?

-Засгийн газраас өнгөрсөн онд баталсан шинэ журмаар усны үнэ цэнэ, тарифыг нэмэгдүүлэх, усаа дахин ашиглаж буй хэрэглэгчийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх мөнгөн урамшуулал бүрдүүлснээр энэ онд 73 сая тонн ус хэмнэсэн. Ялангуяа уул уурхайн компаниуд ашигласан усаа хаядаг байснаа зогсоож, далан байгуулан, дахин ашиглаж эхэллээ. Ингэснээр усны нөөцөөс нөхөн сэлбэлтээр авах усны хэмжээ 15-28 хувь хүртэл багассан.

-Ус ашигласны төлбөрийг юунд зарцуулж байна вэ?

-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн дагуу өнгөрсөн онд ус, рашаан ашигласны төлбөрт зургаа, үйлдвэрлэлээс 39 тэрбум гаруй төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Усны нөөц ашигласны төлбөрийн 55 хүртэл хувийг эргүүлээд усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд ашиглах хуулийн заалтын дагуу газрын доорх усны хайгуул хийж, 28 булаг шанд хамгаалан, дөрвөн хөв байгууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр өнөөдрийн байдлаар 12 аймаг, 81 сумын төвийг усны батлагдсан эх үүсвэрээр хангаад байна.

-Монгол орны гол мөрөн хариуцах эзэнтэй боллоо гэж сая ярилаа. Үүнийг тодруулахгүй юу?

-Гол горхи, нуур болон газрын доорх усны нөөцийг хамгаалах, ашиглах, хэрэглэх, бохирдол зэрэгт хяналт тавих төрийн захиргааны 29 байгууллага (Сав газрын захиргаа)-тай боллоо. Мөн Сав газрын үйл ажиллагааг дэмжих, хяналт тавих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах Сав газрын зөвлөлүүдийг Туул, Улз гол, Тэс, Увс нуурын Сав газрын захиргааны дэргэд байгуулсан.

 

Ч.БОЛОРТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД