БАЯЛГИЙН “УЧРЫГ ОЛОХ” НЬ ЧУХАЛ БОЛОХООС ТӨРД НОГДОХ ХУВЬ СОНИН БИШ

2014 оны 10 сарын 03

“Газар зүйн байрлалын хувьд ч, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буйн хувьд ч манай улс Катарын хөгжлийн түүхийг давтах боломжтой” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө мэдэгдсэн удаатай. Харин Монголыг Азийн Катартай “ихэрлүүлэх” ачааны хүндийг уул уурхайн салбар үүрнэ гэсэн санаа шийдвэр гаргагчдын амнаас цухалзаж, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хөрөнгө оруулагчдыг татаж, байгалийн баялгаасаа ашиг олно хэмээн мэдэгдсээр ирсэн. Гэвч баялгаас олох ашиг жилээс жилд багасах болов. Н.Алтанхуягийн танхим Тавантолгойн нүүрсийг экспортлох талаар Хятадын “Чалко” компанитай байгуулсан гэрээг хөндсөнийхөө төлөөсөнд нүүрсний экспортоос олох ашгаа хасуулсан бол Оюутолгойн ордоос ашиг авах нь бүү хэл улсын төсвөөс жил бүр 150 сая ам.доллар төлж буй. Ийн хөрсөн доорх баялгаа үнэд хүргэж чадалгүй алдаж суугаа засаг стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ханцуй шамлаж, энэ оны эхнээс Цагаан суварга, Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын газрын ховор элементийн ордыг стратегийн ордод хамруулж, эдгээрийг лиценз эзэмшигч компаниудад өгч, төрийн эзэмших хувийг тогтоохоор зэхсэн. Засгийн газрын энэ саналын дагуу УИХ өнгөрсөн долдугаар сарын 3-нд шийдвэр гарган, Цагаан суваргын ордыг МАК компанийн мэдэлд зуун хувь шилжүүлэхээр болсон билээ. Ингэхдээ “Энэ ордыг ашиглах мөнгө төрд байхгүй. Эхний ээлжинд 350 сая ам.доллар хэрэгтэй. Хэрвээ засаг эл ордын 34 хувийг эзэмшинэ гэвэл бонд гаргаж, энэ мөнгөө хүүтэй нь хамт эргүүлж төлнө. Төр энэ ордоос ойрын 20 жилд ашиг олохгүй. Үүний оронд хувийн компани төслөө хэрэгжүүлж, улсын төсөвт татвар төлөөд явах нь ашигтай” гэж үзсэн гэдэг. Энэ бол зөвхөн тайлбар. Үүний цаана “Цагаан суваргын ордыг МАК-д өгөх саналаас УИХ-ын гишүүд татгалзаж байсан ч МАК-ын эзэд УИХын гишүүдэд хүчтэй нөлөөлж, байр суурийг нь эргүүлсэн.

УИХ-ын шийдвэрийн цаана улс төр, бизнесийн бүлэглэлийн лообий явагдсан” гэсэн шүүмжлэл өнөөг хүртэл яригдаж байгаа. Юутай ч УИХ, Засгийн газар МАК компанид буулт хийж, Цагаан суваргын ордыг шилжүүлэхдээ зөвхөн татвараас чамлахааргүй ашиг олно хэмээн сулхан дуугарч байв. Харин энэ үеэр Хөшөөт болон Цайдам нуурын нүүрсний орд, Гацууртын алт, Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын газрын ховор элементийн ордын асуудлыг хэлэлцэж амжаагүй. Намрын чуулган эхлэх сургаар дээрх ордын хувь заяа дахин яригдаж, Засгийн газар Халзанбүргэдэй, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол гэсэн газрын ховор элементийн ордыг “бүрэн судлагдаагүй” гэх шалтгаанаар стратегийн ордод оруулахаас татгалзаж, Ховдын Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордын жагсаалтад багтаалгүй лиценз эзэмшигч “МоЭнКо” компанийн мэдэлд шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ төр Хөшөөтийн нүүрсний ордоос хувь авахгүй бөгөөд хөрөнгө оруулагчдад орон нутагтай “зохицож” ажиллах үүрэг өгч байгаа гэнэ. Түүнчлэн Засгийн газар Цайдам нуурын хүрэн нүүрсний ордод төр хувь эзэмшихгүй, харин Гацууртын алтны ордоос 20-35 хувийг авах саналыг УИХ-аар хэлэлцүүлэхээр зэхэж байна. Гэвч гарах шийдвэр нь бараг тодорхой бөгөөд эдгээр ордыг улстөр, бизнесийн бүлэглэлийн лообийгоор МАК компанийн мэдэлд шилжсэн Цагаан суваргын хувь заяа хүлээж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаас үзвэл стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжүүлсний дараа хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах учиртай бэлэн төлөвлөгөө Засгийн газарт байхгүй юм байна. Эдийн засгийн эргэлтэд оруулахаар яарч буй ордуудын нөөц ч бодитоор үнэлэгдэж амжаагүй. Мөн баялгийг хэрхэн олборлох, машин, галт тэрэг, онгоцоор зөөх үү, эсвэл боловсруулах үйлдвэр байгуулах замаар эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах уу гэдгээ ч хөрөнгө оруулагчидтай тохирч чадааг үй гэнэ. Түүнчлэн лиценз эзэмшигчдээс авах татварын хувь хэмжээ тодорхой биш, энэ бүгдийг тусгасан хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний загвар ч үгүй сууна. Үүнээс харвал Засгийн газар өнгөрсөн хугацаанд стратегийн ордтой дүйж, энэ жагсаалтад багтаж чадах зургаан ордыг хөрөнгө оруулагчдад өгөх арга сүвэгчилж буй болохоос төрд ногдох учиртай хувь, ашгийн талаар сэтгэл тавиагүй юм байна. Юутай ч эдийн засгийг сэргээхэд дэм өгнө хэмээн амлаж буй ашигт малтмалын долоон ордын гурвыг Н.Алтанхуягийн танхим хөдөлгөхөөр боллоо. Ингэхдээ гурван өөр аргаар шийдэх гэж буй. Тэдний нэг буюу Гацууртын алтны ордын лиценз нь Засгийн газартай хамгийн анх тогтвортой байдлын гэрээ байгуулж, олон жил татварын хөнгөлөлт эдэлсэн ч улсын сангаас алт бултуулж, зөвхөн 2009 онд нууцаар 52.5 тэрбум төгрөгийн алт борлуулаад баригдсан компанийн мэдэлд буй. Тус ордын тухайд Канадын “Сентерра гоулд” компани лицензийг нь эзэмшдэг ч төслийг түүний охин компани “Бороо гоулд” хэрэгж үүлнэ. Эл ордыг ашиглах эрх “Урт нэртэй” хуулиар хязгаарлагдаад байсан юм. Нөгөө талаар эл орд Хүннүгийн язгууртны булш, түүхийн дурсгал бүхий Ноён ууланд байрладаг. Гэсэн ч хөрөнгө оруулагч “Сентерра гоулд” компани түүхийн дурсгалын үнэ цэнийг үл хайхарч, нөөц нь 50 тонноор хэмжигдэж буй энэ ордын 20 хувийг төрд өгье гэсэн санал тавиад сууж буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар анх Гацууртын ордоос 34 хувийг төрийн мэдэлд авна гэсэн байр суурьтай байсан гэнэ. Гэвч хөрөнгө оруулагчид ердөө 20 хувийг нь өгнө хэмээн гэдийж байгаа аж. Гацууртын орд дахь төрийн мэдлийн хувь хэмжээ яагаад багассан талаар албаны эх сурвалж “Алтны ордын 34 хувийг төр эзэмшихийн тулд хөрөнгө оруулагчдаас хүүтэй мөнгө зээлэх шаардлагатай болсон. Төр уг ордын 34 хувийг авах мөнгөгүй учраас 20 хувийг эзэмших нь илүү дээр гэж үзсэн” хэмээн тайлбарлаж байгаа юм. “Бороо гоулд” компани 1998 онд Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулж, эхний гурван жилд аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөж, импорт, экспортын гаалийн татвараа тэглүүлж байв. 2009 он хүртэл татвараас чөлөөлөгдсөн тус компани Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хоёр өөр тайлан өгч төөрөлдүүлсэн, Монгол Улсын тодорхой хууль дүрмийг нэг биш удаа зөрчиж байсан түүхтэй. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах галт тэрэг хөдөлгөсөн эрх баригчид Хөшөөтийн нүүрсний ордыг “МоЭнКо” компанийн мэдэлд бүрмөсөн шилжүүлэхээр болсон тухай дээр дурдсан. Ингэхдээ хөрөнгө оруулагчдыг зөвхөн орон нутгийнхантай хэл амаа ололцоод ажилла гэхээс өөрийг захиж дийлэхгүй нь бололтой. Ховд аймгийн удирдлагуудтай байгуулсан гэрээгээ биелүүлээгүй, аймагт өгөх ёстой татварыг төлөхөөс зайлсхийж, гэрээгээр ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгж үүдэд хөлсөө төлөхөөс татгалзаж явсан энэ компани 87.5 сая тонн нүүрсний нөөцтэй Хөшөөтийн уурхайг эзэмших эрхээ Засгийн газар, УИХ-аар баталгаажуулсныхаа дараа орон нутагт хэрхэн авирлахыг хэлэхэд эрт.

Төр хувь эзэмшихгүй хэмээн мэдэгдэж буй Цайдам нуурын хүрэн нүүрсний орд нийслэлээс холгүй, Төв аймгийн Баян сумын нутагт, Улаанбаатар-Чойрын хатуу хучилттай замаас зүүн зүгт 27 км, төмөр замаас 28 км зайд дэд бүтэц сайтай газарт байрладаг. Гэвч энэ ордоос төр хувь эзэмшихгүй нь тодорхой болов. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зэхсэн засгийн эхний шийдлүүд энэ. Стратегийн ордын 34 хувийг эзэмшинэ гэх төрийн байр суурь шинэчлэлийн засгийн үед ганхаж, газар, түүний хэвлий, байгалийн баялаг төр, ард түмний мэдэлд байна гэх Үндсэн хуулийн өгүүлбэр лоозон төдий болжээ.

 

Д.ОТГОНЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.157 sanaataigaar 4 nam ene bugdiig hiij bgaa gedgiig medwel medeh tsag in bolson sh dee. ali in nam ene ulsiig ta nariig udaan hugtsaand udirdah we gedeg in chuhal bolohoos ter bayalagaas bidend noogdoh huwi ogoh eseh in ogt padliigui