Нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийн чанар бараг өөрчлөгдсөнгүй

2014 оны 10 сарын 03


Сарын турш үргэлжилсэн таамагт шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн өчигдөр цэг тавилаа. Тэрбээр Засгийн газрын бүтцийн болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өчигдөр 11.00 цагт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Үүний дараа сэтгүүлчдэд товчхон мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд аймаг орон нутгийн замуудын бодлого дээр эрчимтэй ажиллалаа. Мөн орон сууцны асуудал, тэр дундаа найман хувийн хүүтэй зээл олгох нөхцөл бүрдүүлж чадсан. Мөн эрчим хүчний салбар өнгөрсөн хоёр жил маш амжилттай ажиллалаа. 200 МВт буюу хоёр жилийн хугацаанд байгаагүй тийм их хүчин чадлын өргөтгөлүүд ашиглалтад оруулсан. Ирэх сард “Амгалан” дулааны станц ашиглалтад орно. Эрчим хүчний хувьд Монгол Улс ойрын хоёр жилдээ толгой өвдөхгүй болж байна. Цаашид олон станц ашиглалтад орно. Шүүмжлэл бий. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар төсөв хоёр талд явж байна гэх зэрэг. Энэ шүүмжлэлийг анхаарч, засаж залруулахаар бүтцийн өөрчл өлт хийж байна” гэсэн юм.

Таамаг ёсоор Уул уурхайн яамыг Эрчим хүчнийхтэй, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийнхтай, Зам, тээврийн яамыг Барилга, хот байгуулалтынхтай нэгтгэхээр болжээ. Сангийн яамнаас бусад хоёрынх нь нэр нэлээд өөрчлөгдсөн байна. Эхний хоёр яамны нэгдэл Геологи, уул уурхайн яам нэртэй. Ц.Баярсайхан, Л.Гансүх нарын яам Дэд бүтцийн хэмээх нэртэй болж байгаа юм. Н.Батбаярт “зориулан” байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийнхад нэгтгэхдээ харьяа зарим газрыг өөр яаманд шилж үүлжээ. Тухайлбал, Гадаадын хөрөнг ө оруулалтын газрыг ГХЯ-нд харьяалуулсан аж. Ерөнхий сайдын сарын турш бодож болгоож шийдсэн “алтан дундаж” өөрчлөлтөд хэвлэлээр өрнөөгүй нэг зүйл байгаа юм. Тэр нь Гадаад харилцааны сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн явдал. Шадар сайдын албыг тэр давхар хашна. Гэхдээ Шадар сайдын хариуцаж байсан ихэнх чиг үүрэг хэвэндээ үлдэж, түүнийг Тэргүүн шадар сайд хариуцах гэнэ. Нэг ёсондоо С.Батболдын үед үгүй болгосон Тэргүүн шадар сайдын албан тушаалыг сэргээжээ. Дээрээс нь Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн үндэсний хороо ажиллана. Ингээд 16 яамыг 13 болгож, 11 тохируулагч, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болох юм байна.

Одоо 31 агентлаг ажиллаж байгааг нэгээр цомхтгосон болж таарлаа. Түүний санал “Шударга ёс” эвслийн квотыг огтхон ч хөндсөнгүй. Тэгэхээр “Засгийн ЗАСГИЙН ГАЗАР газар байгуулах тухай гэрээг мөрд өнө. Бүтцийн өөрчлөлтийг зөвхөн АН дотроо хийнэ” хэмээх МАХНын генсекийн үг үнэн болж байна. Яамдын тоо гурваар цөөрсөн ч 19 сайдын хоёр нь л хаалга хаах нь. “Үйлтэй” тэр сайд нарынхаа тухай Ерөнхий сайд тодорхой юм яриагүй. Гэхдээ тэр нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг байх бололтой. Үнэндээ сайд нарын тоо хоёроор цөөрнө гэхэд ч хэцүүхэн аж. Хэдийгээр Шадар сайдын албыг Гадаад харилцааны сайд хавсрах ч шинээр Тэргүүн шадар сайд гэдэг албан тушаал бий болгочихож байгаа юм. Сайдын тоо хоёроор бага ч сайдын албан тушаалын тоог буцаагаад нэгээр нэмчихлээ гэсэн үг. Нэмэгдэхүүний байрыг бага зэрэг өөрчилсөн ч нийлбэрийн чанар бараг өөрчлөгдсөнгүй. Гал унтраах маягийн нэг иймэрхүү хувилбар бүхий хуулийн төсөл Ерөнхий сайд өргөн барьсны дараа УИХ дахь бүлгүүд уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

 

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД