ХӨШӨӨ ЭРГЭСЭН, ХЭРЭГТНИЙГ ХАЙСАН 16 ЖИЛ

2014 оны 10 сарын 03

  Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш 16 жил болов. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр түүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнүүдийг улс даяар, гадаад орнуудад ч эрэн сурвалжлаад олсонгүй. Батаа, Оюунаа гэх хоёр хэрэгтнийг хайсаар бараг мартагдлаа. Намынх нь, журмынх нь нөхөд, ангийн андууд, ар гэр, ах дүүс нь С.Зориг агсны хүрэл хөшөөг эргэсээр 16 дахь намартайгаа золгов. Төрийн ордны зүг хараа тавьсан түүний хөшөөнд өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, талийгаачийн төрсөн дүү, БОНХ-ийн сайд С.Оюун гээд АН, ИЗНН-ын гишүүд, Ардчилсан хувьсгалд хамтран оролцож, тэмцэж явсан иргэд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Жил бүрийн энэ өдөр талийгаачийн хүрэл хөшөөнд төр, засгийн удирдлагууд, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь ийнхүү хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод удав. Жил жилийн энэ өдөр хэвлэлийнхэн ард түмний өмнөөс цагдаа, хүчний байгууллагынхнаас хэргийн мөрдөн байцаалтын талаар асуудаг. Гэвч эрх бүхий албан тушаалтнуудын ард түмэнд өгдөг хариулт нь нэгэн хэвийн. Тодруулбал, “С.Зоригийн хэргийг удахгүй илрүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа” хэмээх улиг болсон үгийг жил бүр давтан хариулсаар. С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэрч байсаар атал өнөөг хүртэл илрэхгүй сунжирсаар буй нь анхнаасаа л илрүүлэхгүй байх сонирхол үе үеийн эрх баригчид, хуулийн байгууллагынханд байсан гэдэг нь улам бүр тодорхой боллоо.

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр С.Оюун “Ардчилсан хувьсгал эхэлсний 25 жилийн энэ онд тохиож байна. Энэ ойг угтан ахын минь анх хүсэж мөрөөдөж байсан зүйлээс нь юу нь биелэж, юу нь биелээгүй вэ гэдгийг дүгнэнэ. Ардчиллын 25 жилийн түүхэнд үлдсэн хар толбоны нэг нь ахын минь амийг бүрэлгэсэн хэрэг. Одоог хүртэл илрэхгүй байна. Илрээсэй гэж залбирч явдаг. Хэргийн явцын талаар хэвлэл мэдээллийнхэн та бүхэн надаас биш, хууль хяналтынхан, цагдаа, прокурорын байгууллагынхнаас асуух нь зүйтэй” гэж байлаа. УИХ-ын нэг бус удаагийн сонгуулийн үеэр энэ хэргийг илрүүлнэ хэмээн зарим улстөрч “шоудаж” ард түмнээс үнэлгээ авч байсан ч үнэн хэрэгтээ ямар ч ахицгүй 16 жилийг үдэв. Уг хэргийг илрээсэй гэж хүн бүр хүсэж байгаа. Яагаад илрэхгүй байна гэдэгт өчигдөр цэцэг өргөхөөр очсон хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байсан юм.

С.Зориг агсны ангийн анд Б.Батцэнгэл “Монгол Улсын дотоодод хямрал гаргахын тулд гадаадын тусгай хүчин, гүйцэтгэх албаныхан С.Зоригийн амь насыг хохироосон” гэж үздэгээ хэлсэн бол талийгаачийн найз, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү “Манай цагдаагийн байгууллага гэмт хэргийн илрүүлэлтээрээ олон улсад дээгүүр ордог. Гэвч С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг өнөөдрийг хүртэл илрэхгүй байгаа нь ямар нэгэн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэг амьд гэрчтэй шүү дээ. Хэзээ нэгэн цагт илрэнэ гэдэгт итгэлтэй явдаг” гэж ярилаа.

 

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.180 duu Oyun olon jil ih huraliin gishuun said hiilee ahiinaa nereer olon ch ajil butsen biz. odoo bolij boldogu yum bh daa”omnoos ichih yum. zalibaraad yah we dee.