Японы Урлагийн Их наадмын нээлтийн концертод монголчууд оролцов

2014 оны 10 сарын 02

Монгол, Япон Улсын хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Японы Урлагийн Их наадмын нээлтийн концерт 10 дугаар сарын 1-ний өдөр тус улсын Үндэсний төв театрт болов.  Концертын эхний хэсэгт Японы бурхны шашны лам нар уншлагаа олон хоолойгоор дуулж, цуур эгшиглүүлж, цамын бүжиг үзүүллээ. 


Уг их наадамд Монголын “Билгүүн ундрага” төвийн уран бүтээлчид уригдсанаас гадна Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын удирдсан “Домог” хамтлаг, уртын дуучин Р.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, уран нугараач Г.Нямгэрэл нарын 21 уран бүтээлч бөө, цамын бүжиг, монгол цуур, ардын дуу, бүжиг үзүүлэв.


  Тоглолтыг 1500 хүн ирж үзсэний дотор Японы Хунтайж Нарүхито, гүнж Масако,Парламентын Япон-Монголын найрамдлын бүлгийн ахлагч М.Хаяши, С.Эда, Ерөнхий сайд Ш.Абэгийн ээж Ё.Абэ, Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияма,Соёлын агентлагийн дарга, тэргүүлэгчид болон улс төр, соёл, урлаг, бизнес, олон нийтийн төлөөлөгчид, тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаас төлөөлөл иржээ.



Тоглолтын дараа Хунтайж Нарүхито, гүнж Масако  нар уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Хунтайж сонирхолтой, чадварлаг тоглолт болсонд баяр хүргээд Монголд айлчилж Морин хуурын чуулгатай хамт хийл тоглож байснаа дурсав. Д.Сосорбарам Монголын язгуур урлаг, хөгжмийн зэмсгүүдийг тайлбарлаад морин хуурын сувенир, монгол бичгээр “Талын Монгол” гэж бичсэн уран татлага бэлэглэв. 

Манай уран бүтээлчид 10 дугаар сарын 2-17-нд Япон Улсын Яманаши, Шизүока, Фүкүока, Оита, Токүшима муж, Осака, Изүми-санноо хотуудад тоглоно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД