ЭМЭЭЛИЙН БҮҮРЭГ

2014 оны 10 сарын 02

Крымийг Орост нэгдсэнтэй холбогдуулж оросуудтай хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хоёр талын бүхий л харилцааг зогсоож буйгаа хамгийн түрүүнд канадчууд өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн. Орос, Америк, Канадын агаарын цэргийн хүчин оролцож жил бүр хийдэг байсан “Сэрэмжит бүргэд” нэртэй алан хядах ажиллагааны эсрэг олон улсын сургалтад ч канадчууд оролцохоо болив. Эндхийн дээд сургуулиудад сурч байсан Оросын цэргийн есөн алба хаагчийг ч эх оронд нь буцаалаа. ОХУ-тай цэргийн салбарт хамтарч ажиллахаа больж буйгаа АНУ, Европын орнууд зарлав. Дөрөвдүгээр сард Брюссельд болсон НАТО-гийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын шуурхай уулзалтаар Оростой тогтоосон цэргийн хамтын ажиллагаагаа бүх түвшинд царцаалаа. Зөвхөн Элчин сайдын хэмжээнд л харилцаа холбоотой байхаар болов. Урьд авсан арга хэмжээнүүдийнхээ хугацааг Умард Атлантын эвслийн удирдлага зургадугаар сарын 25-нд сунгав.

Үнэнийг хэлэхэд Орос, НАТО-гийн практик хамтын ажиллагаа гэж олигтой юм байгаагүй, итгэлцлийн дүр эсгэх нь гол бооцоо нь болсон өвөрм өц тоглолт л байсан юм. Эвсэл болон Оросын цэргийнхэн биендээ тун болгоомжтой ханддаг, цаг сайхан байхад ч хамтын ажиллагаа нь алан хядах ажиллагаа, далайн дээрэм тонуул, мансууруулах бодис түгээхийн эсрэг хийх тэмцлээс хэтэрдэггүй байлаа. Афганистаны асуудлаар хамтарч ажилласан нь одоо эргээд харахад хамгийн үр ашигтай нь байж. Гэлээ ч Афганистанд байгаа цэргүүддээ ачаа бараа хүргэхэд нь америкчуудад туслах ёстой байсан Ульяновск дахь дамжлага бааз нь ч ажилладаггүй байлаа. Оросын Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихиний үзэж буйгаар Орос, НАТО хоёрын хооронд цэргийн хамтын ажиллагаа гэж ерөөс байсангүй. “Ийм харилцан ажиллагаа цэргийн олон салбарт байсан гэдэг байснаас биш аль ч талдаа үнэт зүйл үнэндээ байгаагүй болохоор эцсийн дүнд юу ч үгүй болоогүй, юуг ч сэргээн бий болгох шаардлагагүй юм. Ямар ч тохиолдолд одоогийн сөрг өлд өөн ЗХУ, НАТО хоёрын хооронд байсан шиг хүйтэн дайн руу чангаахгүй, энэ сөргөлдөөн дэлхий дахинд бодитой аюул учруулахгүй. ЗХУ-ын үеийнх шиг цэргийн хүчин чадал өнөөгийн ОХУ-д байхгүй. НАТО-гийн ихэнх улс ч цэргийн зардлаа дээд зэргээр танасан, тэгээд ч талууд зөрчилдөх нь тун ч эргэлцээтэй болсон” гэж тэрбээр ярьж байна.

Америкийн генералууд одоо эелдэг байдлын багаа хуулж хаячихаад Оросыг цэргийн салбарт түншээ гэж үзэхээ больсноо илэн даланг үй хэлэх болсон. Гэхдээ л тухайлбал, АНУ “Европт өсөн нэмэгдэж байгаа Оросын нөлөөг” сөрг үүлэн Оросын залгаа бүс нутгуудад өөрийн Зэвсэгт хүчнийг байлгаж байхын тулд жил бүр нэг тэрбум ам.доллар зарцуулж байна. Түүнээс гадна Умард Атлантын гэрээний байгууллагын гишүүн орнуудыг цэргийн зардлаа нэмэхийг НАТО-гийн гол үзэл сурталчийн хувьд АНУ шаардаж байдаг. Тус эвсэл ойрын үед ОХУ-д ямар нэг буулт хийх бодолгүй байгаа төдийгүй Оросын талаар баримтлах байр суурь нь улам чангарахыг энэ бүхэн харуулж байна. Алдсан байр суурь, нэр төрөө сэргээхэд нь Оросын хүчин зүйл НАТО-д их чухал байгаад шинжээчид анхаарлаа хандуулах болов. Дайны дараа сэтгэлд нь үлдсэн сэвийг ашиглан Европыг Оростой сөргөлдөгч болгохыг НАТО хичээж байна. НАТО-гийнхны дайнч бодлого нь нэмэлт санхүүжилт авах гол зэвсэг нь боллоо. Эвсэлд орж буй орнуудын армийг өөрчлөн сайжруулах нь чухал болох талаар Брюссельд ярих болсоор удлаа. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд НАТО-гийн генералууд янз бүрийн тусгай ажиллагаанд ашиглах шуурхай салбар байгуулах бодолтой байна. Компьютерээр ажиглах систем, холбооны болон теле харилцаа зэрэг тагнуулын ажиллагаа, байлдааны ажиллагаа явуулах тусгал сайтай хэрэгсэл бий болгоход ихэд анхаарах болов.

Америкчуудын сэтгэлийг одоо хамгийн их зовоож буй юм бол эдийн засгийн хүчин зүйл гэж шинжээчид үзэж байна. Батлан хамгаалах зардлаа нэмэхийг холбоотнуудаасаа шаардах ноцтой үндэслэл АНУ-д байгаа юм. Одоогийн байдлаар НАТО-гийн зардлын талыг Америк гаргаж буй. Нөхцөл байдал хурцадвал энэ зардал нэмэгдэх нь гарцаагүй. Америкчууд зардлын ядаж зарим хэсгийг түншүүддээ тохохыг хичээдэг нь зүй ёсны юм. Сонсоход гайхал төрмөөр ч тэдний холбоотнуудын ихэнх нь гарах зардлыг нь хуваалцах гэж биш, харин ч америкчуудын ард толгой хоргодож, цэргийн асар их зардлаас зугтахын тулд НАТО-д элссэн юм. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен долдугаар сарын 2-нд Германд айлчлахдаа батлан хамгаалах зардлаа дээд зэргээр нэмэгдүүлэхийг ил шулуун уриалсан. Түүний үгээр Орос сүүлийн жилүүдэд цэргийн зардлаа тэн хагасаар нэмэгдүүлсэн бол НАТО-гийн орнууд 20-40 хувиар хорогдуулжээ. Гар чангатай Европын орнуудаас мөнгө саах гэж америкчуудын хэрэглэж буй бүтээлч аргыг шинжээчид анхааралтай ажиж байна.

Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Төрийн Департаментынхаа заавраар “Оросыг айлгах НАТО-гийн зэвсгийн таван төрөл” нэртэй өгүүллийг цацах болов. Украинд бий болсон нөхцөл байдлаас үүдэн НАТО, ОХУ хоёрын хооронд үүсэж болзошгүй дайны талаар түүнд өгүүлсэн байна. Америкийн армийн зэвсэглэлд байгаа техникийн талаар уг өгүүлэлд дурдаагүй. Оростой дайн хийсэн тохиолдолд гол ачааг Европын орнуудад үүрүүлэх бодолтойгоо америкчууд ийм маягаар харуулав. Түгшүүртэй байдлыг намжаах бодолгүйгээ НАТО өөрийн үйлдлээр идэвхтэй үзүүлж байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь батлан хамгаалах зорилтын үүнээс тохирч буй бөгөөд олон улсын өмнө НАТО-гийн хүлээсэн үүрэгт бүрнээ нийцэж буй гэж Андерс Фог Расмуссен мэдэгдэж байгаа. Гол зорилгоо эвслийн орнуудынхаа аюулгүй байдлыг хангах явдал гэж зарлаад буй. Оросын эсрэг цаашид үйл ажиллагаа явуулахад бэлэн, Орос буулт хийвэл дарамт шахалтаа цуцална гэж ярьдаг. Бас хүйтэн дайныг хүсэхгүй гэж мэдэгддэг.

Оросын цэргийнхнийг аливаа юмнаас тусгаарлахыг ихэд хичээж байна. Зургадугаар сарын эцсээс эхэлж наймдугаар сар хүртэл үргэлжилсэн олон улсын тэнгисийн цэргийн хамгийн том сургалтад энэ онд Оросыг урьсангүй. Энэ сургалт Хавайн арлуудаас холгүй Номхон далайд болдог юм. Түүнд дэлхийн 23 орноос байлдааны 49 хөлөг онгоц, усан доогуур явдаг зургаан завь, 200 гаруй нисэх онгоц, цэргийн 25 мянган албан хаагч оролцсон. Оросын флот энэ сургалтад уржнан оролцож байв. Энэ жил харин Оросыг Хятад орлож, тэнгисийн цэргүүд нь оролцсон. АНУ, НАТО-гийн Зэвсэгт хүчин Оростой залгаа Дорнод Европт ер бусын идэвхтэй байх боллоо. Гишүүн орнуудынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх “Атлантын бэлэн байдал” ажиллагаа эхлүүлснээ НАТО мэдэгдлээ. Энэ бол Орост цэргийн болон сэтгэлзүйн дарамт үзүүлж буй хэрэг гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Энэ хүрээнд Дорнод Европын орнуудад АНУ нэмэлт дэмжлэг үзүүлж эхлэв. Румын, Польштой хамтын ажиллагааг өргөжүүлж, цэргийн хамтарсан сургалт төлөвлөгөөнөөс гадуур хийж байна. Түүнээс гадна Хар далайн бүс нутагт НАТО оролцоогоо нэмэгдүүлж, байлдааны хөлөг онгоцнуудаа ийш нь илгээсээр байна.

Польшийн болон Балти орчмын нутагт Америкийн цэргүүдийг байнга байрлуулах эрх өөртөө олгох хуулийн төсөл АНУ боловсруулахаар төлөвлөж байгаа аж. Орост дарамт шахалт үзүүлэхийн тулд Балти орчмын орнуудтай анх удаа ийм эрчимтэй ажиллаж эхэлсэн нь анхаарал татаж байна. АНУ болон НАТО-д тааламжтай хандаж буйгаа Литва, Латви, Эстонийн эрх баригчид дуу дуугаа авалцан мэдэгдэх боллоо. Пуужингаас хамгаалах Америкийн төхөөрөмжийг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахад бэлэн гэдгээ Эстонийн Батлан хамгаалахын сайд Свен Миксер тавдугаар сард мэдэгдсэн. Украины дорнод нутагт бий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор НАТОгийн хүчний оролцоог хүчтэй болгохыг хүсэж Латви улс тус эвсэлд хандсан бөгөөд НАТОгийн Стратеги харилцааны төвийг Рига хотод байгуулах тухай санамж бичигт долдугаар сарын 2-нд уг эвслийн долоон орны төлөөлөгч Вашингтон хотноо гарын үсэг зурлаа. НАТОгоос гарвал хариуд нь нефьт болон хийн үнийг хямдруулах саналыг Балти орчмын орнуудад Орос санал болголоо гэсэн өдөөн хатгасан мэдэгдлийг Литвийн Ерөнхийлөгч, хатагтай Даля Грибаускайте хийв.

Балти орчмын орнуудын агаарын орон зайг хамгаалах арга хэмжээнийхээ хүрээнд Литва руу НАТО байлдааны онгоцнуудаа илгээв. Эвслийн хуурай замын хийгээд агаарын хүчний олон улсын “Saber Strike-2014” сургалтыг Балтийн орнуудад хийв. Энэ жилийн сургалт түүхэнд хамгийн том нь юм. Түүнд цэргийн 500 мянган алба хаагч, цэргийн техникийн 800 нэгж оролцжээ. Литвад Дани улс ч цэргийн техникүүдээ ирүүлэв. Дани, Шведийн нутагт хамаардаг Балтийн тэнгисийн усанд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний VI флотын “BALTORS- 2014” олон улсын сургалт явуулж, дөрөвдэх удаагаа болж буй уг арга хэмжээнд Их Британи, Герман, Гүрж, Дани, Латви, Литва, Нидерланд, Польш, АНУ, Финланд, Франц, Швед, Эстони улс оролцлоо. Энэ сургалтад Э урьд нь нэг бус удаа оролцож байсан Оросын хөлөг онгоцнуудыг Украины байдлаас болоод оролцуулахаа болих шийдвэрийг НАТО-гийн удирдлага гаргасан байна. Орос ч гар хумхиж суугаагүй, Балтийн тэнгисийн флотдоо мөн сургалт явуулав. Түүнд Балтийн флотын зарим салбар, Псковын агаарын десантын нэгтгэл, байлдааны болон тусгай зориулалтын техникийн 100 гаруй нэгж, 20 орчим нисэх онгоц, нисдэг тэрэг оролцжээ. Энэ сургалт Оросын хүч чадал, хамгийн орчин үеийн зэвсгийг харуулах зорилготой байв. Уг сургалт өөрсдийнх нь хувьд огт санаанд ороогүй зүйл байсныг НАТО-гийн генералууд нуухгүй байлаа. Энэ мэт толхилцоон Орос, НАТО-гийн цэргийнхний дунд сүүлийн үед элбэг болж байна. Агнуурын тэнгис орчим тэнгэрт будлиан гарсан нь зургадугаар сарын эхээр тодорхой болсон.

Дөрөвдүгээр сарын 23-нд бас ийм явдал болсон юм. Оросын Агаарын цэргийн хүчний Су-27 сөнөөгч онгоц АНУ-ын Агаарын цэргийн хүчний RC-135U онгоцны урдуур ердөө 30 метрийн зайтай өнгөрсөн юм. Ийн өнгөрөхдөө Оросын нисгэгч онгоцныхоо их биений доод хэсэгт байгаа пуужинг Америкийн нисгэгчид зориуд харуулсан байна. Крымийг тойрсон зөрчил ид байсан дөрөвдүгээр сард Оросын бөмбөгдөгч Су-24 онгоц АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Дональд Кук” хөлөг рүү “довтолж” байв. Тэгэхэд Оросын онгоц Америкийн хөлөг онгоцны урдуур маш нам өндөрт 12 удаа нисэж өнг өрсөн гэж байгаа. ОХУ, НАТО-гийн харилцаа тогтвортой болох найдлага байхгүй гэж Геополитикийн академийн дэд ерөнхийлөгч Констатин Сивков үзэж байна. Түүний ярьснаас үзвэл НАТО-той харилцаагаа сайжруулах талаар Оросын зүгээс ямар нэг яриа огт сэдэхгүй байгаа төдийгүй харин ч сөргөлдөөн янз бүрийн хэлбэрээр цаашдаа нэмэгдэх төлөвтэй байгаа аж. АНУ зөөлөн хүчний тусламжаар буюу саяхан Украинд болсон шиг хувьсгал зохион байгуулах замаар Орост цохилт өгөхөөр төлөвлөж байдаг юм байна. Үүний тулд гадаад улс төрийн тохиромжтой байдлыг бий болгох нь чухал гэнэ. Янз бүрийн хориг арга хэмжээ авч байж эдийн засгийг нь сүйтгээд, дараа нь элдвээр өдөөн хатгаж байгаад Оросыг түрэмгийлэгчийн байранд тавих нь америкчуудын гол зорилго аж. Бий болсон нөхцөл байдалд НАТО хамгийн чухал зэвсэг нь болох тул түгшүүртэй байдлыг дэврээх явдал цаашид үргэлжлэх нь эргэлзээгүй гэнэ.

 

Р.ЖАРГАЛАНТ