Автобусны жолооч осол гаргаж, хүний амь хохироов

2014 оны 10 сарын 02

Нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гарган зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хохироож байна. Энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхболдоос тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусны зарим жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөөр байна.Тэдэнтэй холбоотой хэчнээн осол, зөрчлийг танайх бүртгэн шалгаж байна вэ?

-Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нар бусад жолоочоос илүү хариуцлагатай, ур чадвартай, мэргэшсэн байх шаардлагатай. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарын зарим нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, иргэдээ тээвэрлэх биш, тэднийг гэмтээдэг, амь насыг нь хохироодог, ажилдаа согтуу гардаг гээд зөрчил гарсаар байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компанийн инженер, техникийн ажилтнууд бас ажилдаа хайнга ханддаг, хяналт муутай байдгаас ийм осол, зөрчил гаргахад хүргэж байгаа юм. Есдүгээр сарын 20-30-нд гарсан зам тээврийн ослын мэдээнээс харахад нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой 10-аад хэрэг гарсан.

-Хүний амь нас хохироосон, гэмтээсэн ослын заримыг нь тодруулахгүй юү?

-Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутагт “Мяралзаа” компанийн том оврын автобусны жолооч зорчигчоо буулгаж, суулгах дүрэм зөрчсөнөөс 59 настай хүнийг унагаж гэмтээсэн. Мөн есдүгээр сарын 28-нд X хорооллын урд замд “Автобус-1” компанийн жолооч зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн. Хохирогч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг, Толгойтын хуучин эцэст “Эрдэм транс” компанийн “Аэросити” маркийн автобусны жолооч А болон “Автобус- 5” компанийн жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн зэрэг осол бүртгэгдэн Зам, тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулж байна.

-Том оврын автобусны жолооч нар архи уучихаад жолоо барих нь бий. Тийм явдал гарч байна уу?

-Есдүгээр сарын 30-нд “Эмсид” компанийн Зайсан-Гачуурт чиглэлд явдаг “Дэү-540” маркийн 63-41 УНЭ дугаартай автобусны жолооч согтуугаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсныг замын цагдаагийн алба хаагчид илрүүллээ. Түүний согтуурлын зэргийг 14.00 цагт шалгахад 1.92 хувьтай байсан. Уг жолооч “Шөнөжинг өө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өглөө шалгагч- механиктаа шалгуулалгүй үйлчилгээнд гарсан” гэж ярьж байгаа. Түүнээс гадна дээрх жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хөдөлгөөнд оролцож байсан. Согтуу жолоочтой холбоотойгоор тухайн компанийн эрх бүхий албан тушаалтныг дуудаж тайлбар авахад “Уг жолоочийг өглөө гарахад нь шалгасан” гэж хэлсэн. Жолооч өөрөө шалгуулаагүй гэсэн. Хэрэв дээрх жолооч ингэж яваад осол гаргавал дор хаяж 50-100 хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байлаа. Эндээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын дотоод хяналт шалгалт муу байгаа нь харагдаж байна. Түүнээс гадна замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байгаа автобусны жолооч нарын талаарх мэдээллийг иргэд замын цагдаа юм уу, нийслэлийн Тээврийн газарт өгч байхыг сануулъя. Ингэснээр аливаа осол хэргээс урьдчилан сэргийлэхэд тус нэмэр болно.