УЛААНБААТАР-БЭЭЖИН-СИНГАПУР ЧИГЛЭЛИЙН АНХНЫ НИСЛЭГИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2014 оны 10 сарын 01

 Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлд анхны шууд нислэг энэ сарын 24-ний өдрөөс  эхэллээ.  Одоогоор Бүгд Найрамдах Сингапур Улс Монгол Улсын хооронд жилдээ 8000 орчим иргэд харилцан зорчиж байгаа бөгөөд энэхүү тоо эрс нэмэгдэхээс гадна Австрали болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгаас Монголд ирэх жуулчдад шинэ гарцыг нээв. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлийн нислэгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Чанги Олон Улсын Нисэх буудлын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Агаарын төв, хөгжлийн газрын тэргүүн ноён Yam Kum Weng, Сингапур Улсын Иргэний нисэхийн удирдах газрын ерөнхий захирал ноён Yap Ong Heng, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зам тээврийн сайд А.Гансүх, “МИАТ” ТӨХК  гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нар оролцож үг хэлж нээв. 


Элчин сайд Б.Дэлгэрмаа “Энэхүү тогтмол нислэгийн шугам нь хоёр орны дипломат харилцаа,  Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай тогтоосон найрсаг харилцааг соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал зэрэг олон талаар хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаа юм. Юуны өмнө миний бие Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхэд энэхүү нислэгийг биелэлээ олоход үнэтэй хувь нэмэр оруулж, шаргуу ажилласанд гүн талархал илэрхийлье. Миний бие 2012 онд  анх Сингапур Улсад томилогдон ирэхдээ тавьж байсан зорилтын маань нэг нь ийнхүү хэрэгжиж байгаад туйлын сэтгэл хангалуун байна.  Хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Элчин сайдын яам Зам, тээврийн яам, ИНЕГ, МИАТ ТӨХК  болон Бүгд Найрамдах Сингапур Улсын "Changi" группын Маркетингийн алба, Иргэний нисэхийн удирдах газар, Тээврийн яам зэрэг холбогдох байгууллагуудын хооронд холбох гүүр нь болж ирсний үр дүнг бид өнөөдөр ийнхүү харж байна. Мянган бээрийн аялал нь нэг алхамаас эхэлдэг. Монгол, Сингапур Улстай тогтоосон найрсаг харилцаа төдийгүй хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа улам бүр хөгжин тэлж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааны үр ашиг нэмэгдэхэд шууд нислэг үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. ” хэмээв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД